Тайваниас Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тэргэнцэрүүд хандивлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.
Тайваниас МУ-д суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун 2019 оны 4-р сарын 1-ний өдөр Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны Улаанбаатар хот дахь төв салбарт зочлон, Тайваний Засгийн газрыг төлөөлөн 30 ширхэг тэргэнцэр болон алхуулагч зэрэг хандивын эд зүйлсийг тус холбоонд хүлээлгэн өгөв. Төлөөлөгч Хуан Куо Рун эдгээр тэргэнцэр болон алхуулагч нь хандивын эд зүйлс хүлээн авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлээд зогсохгүй аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны Тэргүүн Ц.Мөнхсаруул саяхан Төлөөлөгч Хуан Куо Рунтай хийсэн уулзалтынхаа үеэр тус холбооны зарим гишүүдийн тэргэнцэрүүд хэдийн хуучирч муудсан төдийгүй зарим тохиолдолд тэргэнцэрийг хадаасаар бэхлэж, засаж сэлбэн хэрэглэх нь ч бий гэж дурьдсан болно. Төлөөлөгч Хуан Куо Рун энэ тухай сонсоод хуучирч муудсан тэргэнцэрийг хадаасаар бэхлэж сэлбэн ашиглах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд өнгөрсөн онд Тайваний Пү Сиэнь боловсролын сан буяны байгууллагаас хандивласан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр, таяг, алхуулагч зэргээс Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоонд хандивлахаар болов.
Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны Тэргүүн Ц.Мөнхсаруул хандивын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Тайваний иргэдийн халуун сэтгэлийн дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийлье гээд, энэ удаагийн хандиваар хүлээн авсан эд зүйлсийг ойрын хугацаанд тусламж нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарт хүргэх болно хэмээв.