Ширээний теннисний ДАШТ-д оролцов

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний ДАШТ-д оролцов

БНХАУ-ын Сужоу хотноо эдгээр өдрүүдэд ширээний теннисний насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 53 дахь удаагийн тэмцээнд 100 орны 548 (эрэгтэй 310, эмэгтэй 238) тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд өрсөлдөж буй.

2015 оны ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч С.Галбадрах, Т.Мэргэн нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Лхагвасүрэн, Я.Бэгз, спортын мастер Б.Билэгт, эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Должинзуу, М.Дэлгэрмаа, Г.Индра нар өрсөлдлөө. Манай тамирчдын хувьд одоогоор тэмцээнээ өндөрлүүлээд байна. Тэдний хувьд бүгд хэсгээсээ шалгарч чадаагүй бөгөөд хамгийн өндөр амжилтыг энэ жилийн лигийн аварга спортын мастер Б.Должинзуу үзүүлжээ. Тэрээр хэсэгтээ Косовогийн Влона Малокуг 4:2, Израилийн Гудрун Бьорндоттирийг 4:0-ээр хожиж, Грекийн Толиоу Айкартеринид 0:4-өөр хожигдон хэсгийн хоёрдугаар байрт орсон байна.

Одоогоор тус тэмцээний холимог хосын медальтнууд тодорч эхэлсэн бөгөөд БНАСАУ, Хонгконгийн хослол хүрэл медалийн болзол хангаад байна. Тэмцээний хуваарь ёсоор маргааш, нөгөөдөр хосын болон холимог хосын медалийн төлөөх тоглолтууд болж, ДАШТ өндөрлөх юм .

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж