Польшийн Торун хотод болсон мастеруудын хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нарыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын удирдлагууд болон Монголын мастеруудын биеийн тамирын спортын хорооноос хүлээн авч уулзлаа.
2019 оны мастеруудын ДАШТ-д 88 орны тамирчид өрсөлдсөнөөс Монголын 13 тамирчин оролцож, Ц.Раднаа гурван алт, Т.Цэрэндолгор нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн юм.
85-аас дээш насны ангилалд өрсөлдсөн Ц.Раднаа 400 метрт Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин дэлхийн аварга болсноос гадна дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 60 метрийн саадтай гүйлт болон гурвын харайлтын төрөлд Итали, АНУ-ын тамирчдыг ялж, аваргын алтан медаль хүртсэн юм.
Мөн эмэгтэй ахмад тамирчдаас Т.Цэрэндолгор үнэмлэхүй амжилт үзүүлж, нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр 80-аас дээш насны ангилалд шидэлтийн таван төрлөөр өрсөлдөж, Герман, Польш, АНУ, Швед зэрэг орны тамирчдыг ялж, дэлхийн аварга болон дэлхийн хошой аварга болсон юм.
18 наснаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж яваа ахмад тамирчин Т.Цэрэндолгор дөрвөн жилд нэг удаа болдог мастеруудын ДАШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр өнгөрсөн 2018 онд дэлхийн дэвжээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаас гадна Азийн дээд амжилтыг 10, улсдаа 18 удаа шинэчлэн тогтоогоод байна.
Холбоотой мэдээ