Худалдааны хуулиар юуг зохицуулав?

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Худалдааны хуулиар юуг зохицуулав?

Монгол Улс өнгөрсөн онд дэлхийн 139 оронтой 11 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь өмнөх 2013 онтой харьцуулахад 3.6 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 537.9 сая ам.долларын ашигтай гарсан хэдий ч төлбөрийн урсгал тэнцэл -321 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь түлш, шатахуунаа 100 хувь импортоор авдаг, мөн хүн ам хэрэгцээт бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдэд тулгуурласан нь эдийн засаг эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгосон аж. Нөгөө талдаа худалдааны эрх зүйн зохицуулалт дутмаг байгаатай ч энэ нь холбоотой юм байна. Тиймээс Засгийн газраас Худалдааны тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Дэмбэрэл нар мөн Худалдааг зохицуулсан хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, олонхи нь дэмжиж, төслийг нэгтгэн хэлэлцэхээр боллоо.

Дээрх хуулийн төслүүдэд худалдаанд дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, худалдааг хөнгөвчлөх, худалдааг дэмжихэд ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх зэрэг худалдааг дэмжих арга, механизмыг бүрдүүлж өгсөн аж. Мөн худалдаанд оролцогч талуудын эрх үүргийг илүү тодорхой болгосноор хариуцлагын тогтолцоог бий болгожээ.

Ингэхдээ олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, дотоод худалдааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зэрэг тал талын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэхүү төслийг боловсруулсан юм байна. Тиймээс гадаад худалдааг зөвхөн хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж гэрээний үндсэн дээр хийхээр заалт оруулж өгчээ. Ингэхдээ оюуны өмч зөрчих ёсгүй.

Мөн мэргэжлийн сургалтад хамрагдсаны дараа худалдаа эрхлэгч болно. Чанар аюулгүйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдахыг хориглох заалт туссан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас үзвэл: Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс зохих шаардлагуудыг тавих зохицуулалт туссан аж.

Худалдааны тухай хуультай холбогдуулж гишүүд ямар байр суурь барьж байгааг онцолъё.


“Хуулиас давсан журам батлагдах вий”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- Хууль батлагдсаны дараа журам батлагдахаар хуулиасаа давдаг зүй тогтол бий. Хуулийн төсөлд төрийн оролцоо, төрийн хяналт зайлшгүй шаардлагатай байна гэсэн үг, өгүүлбэр байна. Төр аман дээрээ баялаг бүтээгчдээ дэмжинэ гэчихээд дүрэм журам гаргахаар эсрэгээр үйл ажиллагааг нь боомилдог, дарамталдаг, зөвшөөрөл лицензийнх нь тоог нэмдэг. Хяналтын давхцал бий болгодог. Ийм зүйл рүү орчихвий, анхаараарай. Стандартаар битгий шахаасай. Бөөний худалдааны байршлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тогтооно гэж… Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тогтоох нь. Суман дээрх жижиглэнгийн худалдааг сумын ИТХ тогтоох нь. ИТХ-аас гаргадаг журмууд нь өөрсдийнхөө хараат болгох гэсэн журам гардаг. Хэзээ ч лицензийн тоог цөөрүүлсэн журам гардаггүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өгсөн судалгаа байна. Монгол Улс худалдааны зохицуулалтаар 2015 онд дэлхийн орнуудаас 173-т жагсаж…  Авлигад идэгдсэн, хөгжил буурай Африкийн орнуудын дунд цохиж явна. Үүнд хил, гаалийн байгууллага уялдаа холбоогүй, хүнд суртал нөлөөлсөн.  Энэ хуулийн өмнө Эдийн засгийн өршөөлийн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Татварын шинэчлэлийн хуулиудаа батлах шаардлага байна. Хүнээ цомхотгоогүй нэг ч аж ахуйн нэгж байхгүй байна. Худалдааны тухай хууль нь төрийн оролцоо багатай батлагдахыг хүсч байна, хуулийн төслийг дэмжиж байгаа.

“Жижиг аж ахуйн нэгждээ хөнгөлөлт эдлүүлэх”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:- Жижиг аж ахуйн нэгжүүд байр түрээсэлж үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл түрээсийн үйл ажилалагаа эрхэлдэг нөхдүүд нь байсхийгээд талбайн үнээ нэмдэг, дарамталдаг. Дээр нь Мэргэжлийн хяналт, татварынхны дарамт шахалт дор үйл ажиллагаа явуулах болдог. Жижиг, аж ахуйн нэгждээ тодорхой бололцоо олгох, хөнгөлөлт эдлүүлэх боломжтой байх зохицуулалттай хууль баталбал сайн байна.

“Хэрэгжүүлэх механизмтай байх ёстой”

УИХ-ын гишүүн А.Бакей:- Худалдаанд тавих шаардлагыг хуульчилсан, зохицуулалт байхгүй. Үнийн зохицуулалтаас бусад нь шаардлага. Хэрэгжүүлэх механизмтай байх ёстой. Бусад хуулиар буюу Хяналтын тухай, Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Тийм учраас хууль хоорондын уялдаа холбоог хангаж байж хэлэлцүүлгийг зохион байгуулах ёстой. Л.Энх-Амгалан гишүүний хэлсэнтэй 100 хувь санал нэг байгаа. Энэ хуулийг гаргаад зохицуулалтгүйгээр орхивол хоосон лоозон болно шүү.

“Шинэ хуучин талх адил үнэтэй”

УИХ-ын гишүүн Су.Батболд:-Худалдаачид хуучирсан бараагаа огт хямдруулдаггүй. Шинэ хуучин талх яг адилхан үнэтэй. Үүнээс худалдаачид биш үйлдвэрлэгчид илүү их хохирол амсдаг.

“Тансаг хэрэглээнд төрийн зохицуулалт хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Г.Уянга:- Япон зэрэг оронд экспорт нь төрийн хяналтад байдаг.  Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ борлуулах тухай ойлголт байдаггүй, гадаад зах зээлийн судалгаанд үндэслэдэг, төрд ийм суваг байх зайлшүй шаардлагатай. Тэр тусмаа Монголын хувьд стратегийн бүтээгдэхүүний хүрээнд төрийн зохицуулалт шаардлагатай. Хамгийн ойрхон жишээ татвал Монгол Улсад өнөөдөр гурилын 89 үйлдвэр, эм ханган нийлүүлэг 85 байгууллага байна. Импортын болон тансаг хэрэглээнд зохицуулалт хийх шаардлагатай гэдэг дээр Аж үйлдвэрийн яам санал нэг байна. Оймсны импорт чухал уу, пампарсны импорт чухал уу гэдгийг бодолцох цаг болсон.

“Хүнсэнд 300 сая ам.долларыг зарцуулж байна”

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:-Монгол Улсын импортын барааны төрлийг авч үзвэл 1.5 тэрбум ам.долларыг авто машин буюу тансаг хэрэглээнд, 1 тэрбум ам.долларыг барилгын материал болох цемент зэрэгт, хүнсэнд 300 сая ам.долларыг зарцуулж байна. Валютын ихэнх нь тансаг хэрэглээ болсон автомашин, түүний сэлбэг хэрэгсэл рүү явж байна. Тэгэхээр үйлдвэрлэлээс олох орлогыг аж үйлдвэрийн салбарт тулгуурлах ёстой гэсэн бодлого барьж ажиллаж байна. Төмрөө дотооддоо хийе.  Монгол шиг ийм том, ийм олон жип унадаг орон бага. Манайх ийм болцон, түүнийг  зохицуулахгүй бол бидний ирээдүй бүрхэг байгаа.

Нөгөө талдаа Оюутолгойн баяжмал гадагшаа борлуулагдчихаад буцаж төлбөр нь Монголд орж ирдэггүй, түүнд зайлшгүй зохицуулалт шаардлагатай. Энэ нь валютын хомсдол, валютын ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа зүйл.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж