Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

ЖДҮ-чдээ ангилъя

Жилийн гурван хувийн хүүтэй олгогддог Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд хамаарал бүхий компанидаа авсан нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт үйлдэл болсныг хуульчид хэлж буй.

Авлигатай тэмцэх газар /АТГ/энэ хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд 60 гаруй албан тушаалтан холбогдсоны 49 нь УИХ-ын гишүүн болохыг О.Баасанхүү мөн мэдэгдсэн. Гэвч нэр холбогдоод байгаа 49 гишүүний хэд нь өөрийн хамаарал бүхий компанидаа энэхүү сангаас зээл авав, хэд нь ах дүү хамаатан садан, найз нөхдөдөө авч өгөхөд нөлөөлөв, хэд нь тойргийнхоо иргэдээс ирсэн хүсэлтийг ЖДҮХС-д уламжлаад хамсаатан болов гэдгийг ялгаж салгах шаардлага тулгарч байна.

Учир нь үйлдвэр эрхлэхээр өдөр шөнөгүй зүтгэдэг ч бага хүүтэй зээл авч чадахгүйгээс үйлдвэрлэлээ өргөтгөж, ажлын байр нэмэгдүүлж чадахгүй яваа олон ЖДҮ эрхлэгч бий. Тэдний эцсийн найдлага тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн нь болж, өргөдөл хүсэлт илгээдэг.

Сонгогчийнхоо хүсэлтийг сонсож, боломжтой төслийг нь дэмжиж өгөхийг хүссэн албан бичгийг ЖДҮХС руу  уламжлах нь УИХ-ын гишүүний хувьд хийх л ёстой ажлынх нь нэг. Хуулиар энэ асуудлыг хориглосон заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн эрх ашиг, нийтийн эрх ашиг гэдэг хоёр тусдаа асуудал юм. Гэвч тойргийнхоо сонгогчийн хүсэлтийг ЖДҮХС-д уламжлаад ЖДҮ-чин болж хувирч буй гишүүн цөөнгүй гарч ирэх нь.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан М.Энхболд, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.-Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа гээд цуварч байна. Жишээ татвал, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тойрогтоо ногооны аж ахуй эрхлэхийг хүссэн хүүгийн төслийг дэмжиж, ЖДҮХС-руу албан бичиг уламжилсан. Төсөл нь дэмжигдэж 200 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Харин УИХ-ын дарга асан М.Энхболдод Төв аймгийн Баяндэлгэр сумын нэг компани 400 үнээний фермер байгуулах төсөлд зээл хүссэн албан бичгийг уламжилсан. ЖДҮХС-д түүнийг нь хүргэсэн ч зээл олдоогүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд мөн л тойргоосоо ирсэн төслийг дэмжиж, ЖДҮХС-руу хүсэлтийг нь дайсан. Энэ тухай тэрбээр “Дэмжсэн дамжуулсан уламжилсан төсөл болгоноор минь намайг яллаарай. Хүний төлөө иргэдийнхээ тусын тулд цаашид ч ажиллана. Надад өөртөө авъя, ашиглая гэх сэтгэл түй ч байхгүй шүү” гэж байр сууриа илэрхийлээд байна.

Харин ЖДҮХС-гаас зээл авсан нь батлагдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д нэр нь орж ирж байсан УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дам-Очир, Г.Солтан нарын тухайд асуудал өөрөөр яригдана. Тэд хамаарал бүхий компанидаа зээл авсан байдаг. Гэвч эрх баригч хүчин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс татгалзсан.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Учрал тэргүүтэй гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан байсан ч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэднийг зээлээ буцаан төлөхгүй бол 2020 оны УИХ-ын сонгуульд дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдсэнээр ард түмнээс уучлал гуйн, зээлээ буцаан төлж байв. Тэд бол ЖДҮ-чдэд очих ёстой боломжийг хулгайлагсад.

Сангийн яам тусгай сангуудад шалгалт оруулж, ямар нэртэй компани аль сангаас хэдэн удаа зээл авснаас хэдийг төлсөн тухай мэдээллийг өнгөрсөн өвөл олон нийтэд ил болгосон. Одоо харин Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтраад энэхүү ЖДҮХС-гаас УИХ-ын 76 гишүүний хэд нь өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авав, хэд нь тойргийнхоо сонгогчийнхоо төсөлд зээл олгохыг хүсэж албан бичиг илгээж, хэдэн хувьд нь хэний нэр дээр зээл олгогдов гэдэг жагсаалтыг гаргаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна.

Жилийн гурван хувийн хүүтэй олгогддог зээл бол ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ өргөтгөх боломж. Харамсалтай нь, танил тал харж олгодог буруу жишгээс болж жинхэнэ үйлдвэр эрхлэгчид тэрхүү зээлд хамрагдаж чаддаггүй. Тэр хэрээр Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, бизнес эрхлэгчид жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээлд хүүлэгдэн, нухлуулсаар байгаа билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж