Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Ардын намын арван зургаан оны ялалтын замыг нь засч байгаа Ардчилсан намынханд харамсал илэрхийлье.

Ардчилсан намынхнаар   унах нүхийг нь ухуулуулж байгаа Ардын намынханд баяр хүргэе.

 Засгийн эрх барьсан цагаасаа л хоорондоо талцаж, хэрэлдэх болсон Ардчилсан намынхны дотоод маргаан Ардын намынханд ашигтайгаар эргэж байна.  Өнөөдөртөө тэд  хамтрагчид боловч, маргаашийн хувьд өрсөлдөгчид.  Хоёр Э-гийн хослон тоглолт хол явахгүй нь тодорхой.  Одоохондоо тэд Тавантолгойн эсрэг нэгдмэл санаатай, хошуу холбох болсон гэх мэдээлэл байгаа ч  хонь, чоно хоёр хамтдаа хол явах нь юу л бол. 

Хувь улстөрчдийн шунал, том компаниудын лоббиноос болоод АН-ынхан өдөр ирэх бүр өөр хоорондоо өс, хонзон зангидаж байна.

Тэдний хэрүүл Монголд засаглалын хямрал авчраад зогсохгүй, бүхэл бүтэн улсыг эдийн засгийн хямралд оруулж дууслаа. Ард түмэн А намын хэрүүл тэмцэлээс үнэндээ залхаж байна.

2012 онд долоон хувийн өсөлттэй, 4408 тэрбумын хөрөнгө оруулалттай эдийн засгийг Ардын намаас авч байсан Ардчилсан намынхны засаглалын гурав дахь жилд  гадаадын хөрөнгө оруулалт 74 сая долларын хасахтай гарч, эдийн засгийн өсөлт дөнгөн данган гуравхан хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог Азийн хөгжлийн банкныхан гаргав. Цаашлаад цалин, тэтгэврээ тавьж чадахгүй, сангийн сан нь хоосрох аюул  А намыг засгийн эрх барьж байх үед дахин давтагдаж болзошгүй нь.

Хэдийгээр дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналтын цикл Ардчилсан намын  эрх барих үетэй давхацсан ч  тус намынхан хувьд олон, олон боломжуудаа ашиглаж чадсангүй гэж хэлбэл бодит үнэнээс хол зөрөхгүй байх.

Ардчилсан нам засгийн эрхэнд гарсныхаа дараа Монгол Улс анх удаа гэсэн тодотголтойгоор олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар зээлж авчирсан. Хэрвээ Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж, Оюутолгойн асуудлыг эв зүйгээр шийдэж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа баталчихсан бол Ардчилсан нам 2016 оныхоо ялалтыг аль хэдийн халаасалчихсан гэж хэлж болох байв.

Харамсалтай нь, Ардчилсан намаар овоглосон Шинэчлэлийн болон одоо байгаа Шийдлийн Засгийн газрын бодлогуудыг бодлогоор унагаах зорилготой Ардын намын ам мэхэнд унаж, унах нүхээ уралдан ухацгааж байгаа эрх баригч намынхан ипотекийн зээлээс өөр гялтайлгах ажилгүй сууж байна.

Тавантолгой явахгүй нь тодорхой, танай нам ялах нь бараг ойлгомжтой болчихсон юм  биш үү, МАН-ынхаан.

 Ардын намынхны балаг, баасыг цэвэрлээд барахгүй байгаагаа Н.Алтанхуяг халагладаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газрынхаа хийсэн шинэчлэл  болгоныг Шийдлийн Засгийн газар нь үгүйсгэж, буцаадаг болсон нь худлаа биш. Өнгөрсөн болгоноо өнөөдөр баллуурдаж байгаа Ардчилсан намынхны хоорондын их тэмцэл, эрх мэдлийн төлөөх зодоон Ардын намынхныг  л хамгийн ихээр баярлуулж байгааг дахин, дахин сануулахад илүүдэхгүй биз. 

Ардчилсан намын нэр хүнд уруудаж, унах нүх нь улам томрох тусмаа МАН-д ашигтай шүү дээ. Учир нь Ардын намд одоо ялагдах эрх байхгүй. Тийм ч учраас эрх баригч намынхан Тавантолгой хэмээн талцаж байх зуур МАН-ынхан МАХН-тай нэгдэх тухай яриагаа улам гүнзгийрүүлсээр. "Могой гурав хуваагдавч  гүрвэлийн дайтай, МАН хоёр хуваагдавч АН-ын дайтай" гэдэг үгийг энэ дашрамд сануулъя. Хуваагдсан коммунистууд эргэн нэгдвэл өдөр ирэх тусам үнэлэмжээ гээж буй АН-ын арайхийж олж авсан амжилтын буухиа алдагдана. "Сант Марал"-ын дүнгээс харахад МАН-ын 38.9 хувийн рейтинг дээр МАХН-ын 18.9 хувийг нэмбэл 57.8 санал зулгаах магадлалтай угшил нэгтэй коммунистуудыг 33 хувийн рейтингтэй ардчилагчид ялж чадах уу?

 Цаашлаад “Сант Марал”-ын судалгааны өөр нэг дүнг сонирхоод үзье.  “Ардчилсан нам зөв замнаж байна уу, буруу тийшээ зүтгээд байна уу” гэсэн асуултад  хөдөөгийнхний 49.6 хувь нь, хотныхны 54.2 хувь  нь “Буруу тийшээ явж байгаа" гэсэн нь өнөөгийн эрхбаригчдад өгсөн бас нэг үнэлгээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр болгон ард түмний олонхид нь таалагдахгүй байна гэсэн үг.  Ердөө жилийн өмнө Ардчилсан намаас доогуур рейтингтэй байсан Ардын намын амжилтын нууц бол А намынхны хооронд өрнөх хэрүүл, тэмцлийг балиашиглах явдал юм. 

 Харамсалтай нь, өнөөдөр улс шиг хөгжиж, хүн шиг амьдрахыг хүссэн иргэн болгон  амаа барьж байна. Аргагүй шүү дээ, Ардчилсан намныхны энэ их хэрүүл, үл ойлголцол эдийн засгаа дампууруулаад зогсохгүй улс орноо хүртэл  дэлхий дахинд муугаар сурталчилж байгаа болохоор тэр. Уг нь “Олгой хагаравч тогоон дотроо” гэж үг бий. Гэтэл АН юун дотроо хагарах. Тэдний хагарал хэзээний эргэж нийлэхгүй, эвцэлдэж наалдахгүй болжээ. Дараа дараагийн сонгуулиар тэднийг нэг нам, нэг үзэл бодолтой улс төрийн хүчин гэж харах итгэл үнэмшил улам бүр алдуурсаар байна.

Өнгөрсөн гурван жил хамгийн их улстөржиж, Засгийн газрын бодлого шийдвэр болгоныг “бойкотолсон” нам бол Ардчилсан намынхан өөрсдөө.  

Багийн тоглолтгүй, хувийн амбицаа нэгдүгээрт тавьсан Ж.Батзандангаас эхлээд Л.Эрдэнэчимэг нарын нөхдүүд энэ намын нэр хүндээр тоглож байгаа олон жишээ бий. Намаасаа байгуулсан засгийнхаа бодлогод итгэдэггүй, утсаар авсан мессеж худлаа гээд талбай дээр бичиг, цаас болоод сууж байгаа Ардчилсан нам амжилтаа өөрсдийнхөө гараар баллуурдаж байгааг харахад дэндүү харамсалтай байна.  Ардын намын нэр хүнд аажмаар өсч байгаа нь АН-д огтхон ч хамаагүй, аврал нь хар машин гэж бодож байгаа бол өөр хэрэг. 

Ардын намынхан ардчилсан намыг бодвол  багийн тоглолттой, ямар асуудлаар улстөржихөө мэдэх нам

Ядаж л Ардын намын гишүүд ганц нэгээрээ гарч гүйлдэн, улс төрждөггүй, хувийн тоглолт хийдэггүй.  Үнэндээ Тавантолгой дээр гэхэд  Ардчилсан намынхан адгаж, Ардын намынхан аядуухан байр суурь барьж  байгаа нь хэнд ч ойлгомжтой харагдаж буй.

Эцэст нь  2016 оны сонгуульд ялах замаа Ардчилсан намынхнаар засуулж байгаа Ардын намынханд ахиад баяр хүргэе. Тавантолгой явахгүй нь тодорхой, танай нам ялах нь бараг ойлгомжтой болчихсон юм  биш үү, МАН-ынхаан.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж