Мөрөөдлийнхөө төлөө 20 кг жин хаясан дауны синдромтой модель

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Мөрөөдлийнхөө төлөө 20 кг жин хаясан дауны синдромтой модель

Мөрөөдлийнхөө төлөө 20 кг жин хаясан дауны синдромтой модель

Маделлин Стюарт бол дауны синдромтой дэлхийн хамгийн анхны мэргэжлийн модель. Өдгөө 22 настай, Австралид төрсөн Маделлин дэлхийн томоохон загварын шоунуудад бүгдэд нь оролцож үзсэн, дэлхий даяар маш олон сая дагагчтай. Модель болох мөрөөдөлтэй түүний хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж буй зүтгэлийг дауны синдром хэмээх өвчин ч зогсоож чадаагүй байна.

Анх 2014 онд ээж нь түүнтэй хамт нэгэн загварын шоу үзэхээр явсан ба тэнд байсан олон чадварлаг загвар өмсөгчийг харсан Маделлин ээждээ “Би ч гэсэн тэдэн шиг болохыг хүсч байна” хэмээн хэлснээр түүний аялал эхэлжээ. Ээж нь охиныхоо хэлснийг сонсоод, маш хүнд хэцүү, өрсөлдөөнтэй салбар гэдгийг мэдэж байгаа ч охиноо жаргалтай байлгахын тулд түүний төлөө чадах бүхнээ хийжээ.

Тайзан дээр алхах нь битгий хэл энгийн үедээ ч явах дургүй, удаан хөдөлгөөнтэй байсан Маделлины амьдралыг өөрийнх нь хүсэл тэмүүлэл бүрэн өөрчилж, өдөр ирэх тусам сэргэлэн цовоо болж, ганцхан жилийн дотор 20 килограм жин хаяж чадсан байна. Охиныхоо энэ их хичээл зүтгэлийг харсан ээж нь зүгээр суусангүй, цахим сүлжээнд аян өрнүүлж, охинтой нь хамтарч ажиллах байгууллага олохоор шийджээ.

Удалгүй гайхалтай зүйл тохиолдож охинд нь хоёр компаниас хамтран ажиллах санал ирсэн байна. Эхнийх нь спорт хувцасны “Manifeto”, нөгөөх нь гар цүнхний “everMaya” брэнд байв. Маделлин дээрх хоёр компанитай хамтарч ажиллаад удаагүй байсан ч маш олон хүнд танигдаж эхэлсэн ба “Rixen Manor” гэх АНУ-ын Виржиниад байрладаг хуримын ёслол зохион байгуулдаг байгууллагаас зураг авалтад оролцох санал ирсэн байна. Энэхүү зураг авалт маш амжилттай болж, түүнийг алдартай загварын сэтгүүл “Vogue” онцолсон юм.

Маделлины ээж Росанне “Түүнд тайзан дээр гарахад ямар ч бэлтгэл шаардлагагүй. Тэр өөрөөрөө байгаа нь хангалттай. Миний охины хүрсэн энэ амжилт бол зөвхөн тайзанд гарч алхах, гоё сайхан зураг авахуулах биш. Тэр минь дэлхийн өнцөг булан бүрт байгаа өөртэй нь адилхан өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлж, тэдэнд урам зориг өгч байна шүү дээ. Энэ чинь л жинхэнэ амжилт. Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг нь хүсэл мөрөөдлөө хөсөр хаях ёстой гэсэн үг биш” хэмээн хэлжээ.

Харамсалтай нь 2018 онд түүний биеийн байдал дордож маш хүнд мэс засалд орсон. Гэхдээ хэзээ ч шантардаггүй зан чанарынхаа ачаар бүх хүнд үеийг даван гарч чадсан Маделлин загварын тайзнаа эргэн ирсэн байна. Одоо түүнд биелүүлж амжаагүй хамгийн том мөрөөдөл нь үлдсэн. Энэ бол загвар өмсөгч бүрийн мөрөөдөл, алдарт “Victoria’s Secret” шоуны тайзыг чимэх, дауны синдромтой анхны сахиусан тэнгэр болох.

Дауны синдром гэх энэ өвчнийг олон хүн сэтгэл мэдрэлийн өвчин, оюуны саатал зэргээр үзэх нь элбэг. Гэвч энэ нь жирийн хүүхэдтэй харьцуулахад булчингийн үзүүлэлт сул, тархины хөгжил нь харьцангуй удаан байдаг нэг төрлийн хам шинж юм. Энэ бол хэн нэгний ямар шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн статустайгаас үл хамааран үүсэх хромсомын эмгэг. Гэтэл уг хам шинжтэй хүнийг гадуурхах, нийгмээс ангид байлгах гэсэн үзэл, хандлага хаа сайгүй ажиглагддаг. Даун бол халдварт өвчин биш. Сэтгэл мэдрэлийн өвчин ч биш. Хэнд ч энэ зүйл тохиолдож болно. Дауны хам шинжтэй хүмүүс өөрсдөө энэ сонголтыг хийгээгүй.

Маделлины үзэсгэлэнтэй зургуудаас сонирхоно уу

 

Эх сурвалж:BRIGHTSIDE

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж