"Миний хувьд MCS компанитай хувийн өш хонзон байхгүй" гэв | News.MN

"Миний хувьд MCS компанитай хувийн өш хонзон байхгүй" гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

"Миний хувьд MCS компанитай хувийн өш хонзон байхгүй" гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл өнөөдөр /2019.04.03/  Sky resort цанын бааз, АСЕМ-ын барилгуудын бохир ус хальж, Туул гол руу цутгаж буй талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн төгсгөлд хуралд ажиглагчаар сууж байсан "Sky Resort" цанын баазын хуулийн зөвлөх  нэмэлт мэдээлэл өгсөн юм. Бид хоёр талын байр суурийг хүргэж байна.

113 , 86, 87 ДУГААР ХУДГИЙН ОЙРОЛЦОО ТОГТСОН УСНААС  ГЭДЭСНИЙ САВХАНЦАР ИЛЭРСЭН

Б.Дэмбэрэл “Анх 2019 хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэдээс Туул гол руу маш их хэмжээний бохир ус хальж орж байгаа талаар мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажиллахад АСЕМ-ын барилгын баруун хойд талын бохирын цооногоос маш их хэмжээний бохир ус хальж асгараад хөлдсөн байсан. Мөн 86, 87 дугаар бохирын худгуудаас их хэмжээний бохир ус халаад авто замын зорчих хэсгийн хажууд тунаж   хөлдсөн  байдалтай байсан.

Бохирын төгсгөлийн хэсэг цэг болох 113 дугаар худгийн эргэн тойронд их хэмжээний бохир ус халиад, мөсөн бүрхүүл тогтож, замын доогуурх үерийн усны байгууламжаар дамжиж, Туул гол руу цутгаж орж хөлдсөн байдалтай байсан. АСЕМ-ын ашиглалт хариуцдаг ашиглалт хариуцдаг инженерүүдтэй уулзсан. Нөхцөл байдлыг хэлээд, яаралтай арга хэмжээ авах шаардлага тавьсан.

Тэгэхэд нөгөө талаас цэвэр усны шугам хөлдөөд тогтсон мөс гэх эсэргүүцсэн тайлбар хэлсэн. Үүний дагуу би Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын даргад албан бичгээр хандсаны үндсэн  дээр гуравдугаар сарын 2-ны өдөр МХЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг  газар дээр нь ажиллаад, хаясан, хөлдсөн мөс хөрснөөс дээж авч шинжилгээнд өгсөн. Гуравдугаар сарын 4-ний өдөр МХЕГ-ын шуурхай Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын ерөнхий инженер, MCS компанийн удирдлагууд, Sky Resort цанын баазын удирдлагууд хуралдаж тайлбар авсан.

УСУГ-аас 2018 оны есдүгээр сарын 10-ны өдөр төвийн бохирынх нь шугамыг хаасан байдаг. Хаасан шалтгаанаа гэрээ хийснээс илүү их бохир ус төвийн шугамаар урсгаж байна. Төлбөр мөнгөний асуудлаас болоод MCS компани тухайн үед төлбөрөө төлж чадахгүй гэсэн юм шиг байгаа юм. МХЕГ-ын шуурхайгаар УСУГ-ын удирдлагуудад яаралтай төвийн шугамыг нь буцааж нээ, мөнгө төгрөгийг нь төл гэсэн үүрэг өгсөн. Мөн бохирдуулсан орчныг яаралтай цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг өгсөн.

Хурлын дараагаар MCS компани болон "Sky resort" цанын баазынхан бохир мөсүүдээ дархан цаазат Богдхан ууланд аваачиж асгасан байсан. Энэ зөрчлийг илрүүлээд холбогдох байгууллагуудад шаардлагыг нь хүргүүлсэн.

"Нэг газар бохирдуулсан мөсөө дахиад дархан цаазат газарт асгадаг нь ямар учиртай юм бэ. Яаралтай цэвэрлэ" гэдэг шаардлагуудыг дахин хүргүүлсэн. Одоогийн байдлаар Богдхан уулнаас мөснүүдээ цэвэрлэсэн. Тэдний хэлж байгаагаар, Морингийн даваан дээр аваачиж асгасан гэсэн тайлбар өгч байгаа.

БОХИРДСОН МӨС  ХАЙЛААД, ТУУЛ ГОЛ РУУ УРСААД ЭХЭЛЛЭЭ

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргаас миний нэр дээр шалгалт хийсэн тухай дүгнэлтүүд явуулсан.

Дээр дурдаад байгаа худгууд, АСЕМ-ын зүүн талд асгасан мөснөөс дээж авч шинжилгээ хийхэд бохирдолтой гарсан. “113 дугаар худагт цугласан хөрсний их ус мөс,  86, 87 дугаар худгийн ойролцоо тогтсон уснаас гэдэсний  савханцар илэрсэн. Эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр өөрсдөө анхнаасаа цэвэр усны шугам гээд мэлзээд байсан асуудал бүгд үгүйсгэгдэж байгаа юм.

Туул гол руу бохироо урсгасан зөрчлийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, MCS компанийг таван сая төгрөгөөр торгосон. Мөн зөвшөөрөлгүй газар бохироо дахиж асгасан гэдэг дээр нь 300 мянган төгрөгөөр торгосон гэсэн. Өнөөдөр та бүхэнд хэлэх гээд байгаа мэдээлэл бол 86, 87 дугаар худгаас гарч ирсэн бохирыг одоо болтол цэвэрлэхгүй байна. Мөн 113 дугаар худгаас замын доод талын үер усны байгууламжаар дамжаад гараад ирсэн их хэмжээний мөсийг цэвэрлэхгүй байна.

Бохирдсон мөс эхнээсээ хайлаад, Туул гол руу урсаад эхэллээ. Үүн дээр шаардлага тавиад өчигдөр уулзахад “Хашаан доторх бохирдсон цас мөсөө цэвэрлэсэн. Хашаанаас гаднах зүйл бидэнд хамаагүй. Бид МХЕГ-ын шаардлагыг биелүүлсэн” гэсэн хариу өгсөн. Шаардлага тавихаар хүлээж авахгүй юм. Хүмүүс янз бүрээр хардаж байна. Миний хувьд MCS компанитай хувийн өш хонзон, ашиг сонирхлын асуудал байхгүй. Туул голын бохирдлын төлөө дан MCS гэлтгүй хууль зөрчиж ус бохирдуулж байгаа бүх байгууллагатай тэмцэнэ” гэв.

ТУУЛ ГОЛ РУУ ОРСОН ИХ ХЭМЖЭЭНИЙ БОХИР МӨС ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛ НЬ ХӨРСНИЙ УС

"Sky Resort" компанийн хуулийн зөвлөх Ч.Сандаг-Очир "Б.Дэмбэрэл төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу МХЕГ, УСУГ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манайд хамтарсан шалгалт орсон. Шалгалтын хүрээнд хэд хэдэн газраас шинжилгээ авсан. 86, 87 дугаар худгийн ойролцоох газар бохир халиад, тусгай хамгаалалтай газрын хөрсийг бохирдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ манай байгууллага дээр авагдсан.

Б.Дэмбэрэл төлөөлөгч ярихдаа 113 дугаар худгаас гарсан ус бохирдолтой гэлээ. Гэхдээ шинжлэх ухааны академийн Газар зүй, геологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн хариугаар 113 дугаар худгийн ус нь цэвэр буюу нэн цэвэр ус гэж гарсан. Тухайлбал, 113 дугаар худгийн ус нэн цэнгэг ус бөгөөд газрын хөрстэй холбоотой органик болон органик бус бохирдол байна гэдэг хариу гарсан. 86, 87 дугаар худгийн хариу нь яалтчгүй бохир ус гэж гарсан. Үүнд манайх торгуулиа төлөөд, хэсгийн бүсээ цэвэрлээд, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Харин Туул гол руу бохир ус ороогүй. Миний хэлэх гээд байгаа гол зүйл гэвэл Туул гол руу орсон их хэмжээний бохир гээд байгаа  зүйл нь хөрсний ус. УСУГ-аас манай бохирыг хаасан шалтгаан нь төлбөр мөнгөтэй огт хамаагүй гэдгийг хэлмээр байна. Б.Дэмбэрэл төлөөлөгч буруу яриад байна. Яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна.

УСУГ-ын мянгын шугам ачааллаа даахгүй, байгалийн хөрсний ус их хэмжээгээр Туул гол руу ороод байгаа учраас танай худгийг хаахаас өөр арга алга гэсэн. Түүнээс биш манайх төлбөр мөнгөнөөс зугтсан зүйл байгаагүй.

Богдхан ууланд бохироо асгасан асуудлыг яаралтай арга хэмжээ авахын тулд түр асгасан гэж би ойлгосон. Энэ бол миний хариуцах ажил биш. Манай ашиглалтын компаниуд хариуцаад хийсэн. Манай бохирын шугам хальсан гээд байгаа асуудал нь иргэд гомдол гаргахаас хэдхэн өдрийн өмнөх асуудал.

Бид төвийн бохироо салгуулсан байсан учраас холбуулахаар явж байхад эдгээр асуудлууд зэрэгцээд гараад ирсэн. МХЕГ-аас тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай бохирын шугамыг төв рүү холбоогүй, холбохоор ажиллаж байгаа гэсэн. Одоо бохироо соруулж байгаа” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-03 49.0.218.142

үнэн хэзээд ялна харж байгаарай

Avatar

Зочин 2019-04-03 64.119.21.137

Женко-ийн бууны нохойнууд боргоод эхэллээ!!! "Туу-туу"!!!!

Avatar

HM 2019-04-03 2.220.48.247

Хос цохилт гэнэ үү, давхар шанаадалт гэнэ үү нэг юм болоод байна даа, тээ. Ядаж байхад бохир нь хальж дээр байгаа 2 нөхөрт сайхан далим болж дээ.

Avatar

Зочин 2019-04-03 202.126.89.5

БУЗАР БУЛАЙ ҮЙЛТЭЙ КОМПАНИ БУЗАР БОХИРОО БАС ЦАЦДАГ ЮМ АА

Avatar

Зочин 2019-04-03 66.181.161.105

Зөөгч өө! Нэг М-Си-Эс авъя.

Avatar

Зочин 2019-04-03 107.77.173.11

Монголд ямар нэг юм хийсэн,татвараа сайн төлсөн хүн бурууддаг,харин булхай луйвар,хулгай дээрэм тонуул хийсэн хүн Ерөнхийлөгч болтлоо дээшээ явж байна даа.

Avatar

Зочин 2019-04-03 202.179.24.57

Монголд гадны хөрөнгө оруулалт татах, үйлдвэр, станц, барилга байгууламж, зам тавих хэрэггүй. Дараа нь буруутан л болно. Монгол ялна гэж орилоод, үхэрээ хариулаад явж байхад болно.

Avatar

Suman 2019-04-03 182.160.36.16

Elbegdorjiin balag 20 ternum tugruguur showdaj baahan house barij uurt n doligonoson humuust unegui shahuu ugsun bas ter olon unetei mashinuud ch gesen belgend duussan ard tumnii tatvariin mungiig beleglesen tom hulgaich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж