Эмч, эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй байдлын улмаас зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүү эрүүл мэндээрээ хохирсон. Хүү мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг эмнэлэг, лаборатори бөөрний хорт хавдартай хэмээн буруу оношилсноос хугацаа алдсан асуудал үүссэн гэж ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. Энэ асуудлаар “Бона Вита” лабораториос өнөөдөр /2019.04.03/ мэдээлэл хийлээ.
Тус газар нь хүүг бөөрний хорт хавдартай гэж буруу оношлоогүй гэсэн байр суурь илэрхийллээ. Эмгэг судлалын үндэсний төвийн шинжилгээний хариуд “бөөрний эд, бөөрний хавдар байх магадлалтай” гэсэн онош тогтоосны дагуу ижил магадлах шинжилгээний хариу өгсөн гэх тайлбар өгөв.
Тус лабораторийн хуулийн зөвлөх Ж.Бямбажаргал “Тухайн үед хүүгийн ар гэрийнхэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, манай лабораторийг буруутгасан байдалтай бидэнд хандсан. Манай байгууллагын зүгээс хүүг эмчилж буй эмнэлгийн байгууллагаас тодруулж, зөвөөр ойлгуулахыг хүссэн. Ар гэрийнхэн нь ямар ч тайлбар хүлээн аваагүй. Манай лаборатори өвчний онош тогтоодоггүй. Шинжилгээний хариу гаргана. Эмгэг судлалын үндэсний төвөөс бөөрний хорт хавдар байх магадлалтай гэсэн оноштой дагалдах бичиг ирсэн. Биднийг зөвхөн эсрэг биеийн шинжилгээ хийж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан байдаг юм.
Тиймээс бид нэгэнт бөөрний хорт хавдартай гэсэн эд ирсэн учраас үүнд тохирсон эсрэг биеийн шинжилгээг хийхэд эд нь дууссан. Үүний дараа гаднын байгууллагаас зөвлөгөө авахад Бөөрний хорт хавдар байх магадлалтай. Дахин нарийвчилсан шинжилгээ хийхэд үлдэгдэл эд хүрэлцэхгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс бөөрний хорт хавдар гэсэн онош, хариуг ирүүлээгүй ” гэлээ.
Мөн тус лабораторийн эмч мэргэжилтнүүд Э.Маргад-Эрдэнэ хүүгийн оношийг анх тогтоосон эмнэлгийн байгууллагын ажилчид анхааралтай нягт нямбай ажиллах ёстой байсныг дурдаж, асуудалд зөвхөн "Бона Вита" лабораторийг буруутгахгүй байхыг олон нийтээс хүсэв.
Э.Маргад-Эрдэнэ хүүгийн өвчнийг "Бона Вита" буруу оношилсон гэх асуудал олон нийтэд түгсний дараа эмч ажилтнуудад нь заналхийлэл ирэх болсон тул хууль хяналтын байгууллагад хандахаар болсон байна.
Хүнд өвчнөөр шаналж буй Э.Маргад-Эрдэнэ хүү өнөө орой Өмнөд Солонгосыг зорих аж. Түүний эмчилгээний зардалд нийт 400 сая вонн буюу 900 сая төгрөг хэрэгтэй. Одоогоор хүүгийн ээж М.Мөнхцэцэгийн дансанд 50 орчим сая төгрөг цугласан гэх мэдээлэл байна.
Холбоотой мэдээ