Турк улсад өнгөрсөн амралтын өдөр /2019.03.31/ орон нутгийн сонгуульд нийтдээ 57 сая иргэн оролцон, хотуудын амбан захирагч нар, орон нутгийн өөртөө удирдах захиргааны тэргүүлэгчдийг сонгосон. Энэхүү сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоганы удирддаг эрх баригч Шударга ёс хөгжлийн нам хоёр гол тойргууд болох нийслэл Анкара, эдийн засаг санхүүгийн төв Истанбул хотуудад ялагдал хүлээсэн юм.
Эрх баригч намын хувьд 25 жилийн турш ганц ч ялагдал хүлээж байгаагүй бөгөөд уг хоёр хотод ийнхүү сөрөг хүчний Ардын Бүгд Найрамдах намд ялагдсан нь маш хүнд цохилт болсон гэж хэлж болно. Тиймээс өнөөдөр /2019.04.03/ Шударга ёс хөгжлийн нам сонгуулийн дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, Истанбул хотын 39, Анкара хотын 25 тойргийн саналын хуудсыг дахин тоолуулах хүсэлт гаргажээ. Харин Сонгуулийн хорооноос нь одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байгаа аж.
Эдийн засгийн хувьд уналтад ороод байгаа Турк улсын инфляцийн түвшин 20% болж, улс орны байдал нь тийм ч таатай бус байгаа нь эрх баригчид орон нутгийн сонгуульд сонгогчдын итгэл, байр сууриа алдах шалтгаан болж байж магадгүй юм. Сонгууль болохын өмнө эрх баригч нам улс оронд болоод байгаа таагүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, цаашид хичээн ажиллахаа ард иргэддээ амласан ч тэр нь хараахан тус болоогүй бололтой.
Эх сурвалж: INDEPENDENT