Шинэ донорын тоо 27 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Шинэ донорын тоо 27 хувиар өсчээ

Шинэ донорын тоо 27 хувиар өсчээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус төвд өнөөдөр /2019.04.03/ JCI Капитал салбар байгууллагатай хамтран ажилласан “Амьдрал бэлэглэе” төслийн 10 жилийн ойн арга хэмжээ болж байна.


Ойн арга хэмжээний үеэр “Цусаа бэлэглэх өдөр” –ийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш удаа цус өгсөн хоёр донор, 150-аас дээш удаа өгсөн нэг донорыг “Алтан донор”-оор тодруулжээ. Мөн таван донорыг “Бахархал 10, 20, 30, 40, 50” тэмдгээр шагналаа.

JCI Капитал салбар байгууллага анх 2009 онд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж эхлэхэд улсын нийт хүн амын 0.7 хувь нь донор байжээ. Харин 2019 онд энэ хувь өсч, улсын хэмжээнд 1.1 хувьтай байсан бол нийслэлийн хэмжээнд 1.8 хувь болон өссөн үзүүлэлттэй гарчээ.

О.МӨНХНАСАН: ХАМТРАН АЖИЛЛАСАН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДОНОРЫН ТОО 1.1 ХУВЬ БОЛЖ ӨССӨН

JCI Капитал салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч О.Мөнхнасан

Энэ талаар JCI Капитал салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч О.Мөнхнасан мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоогоос 10 жилийн өмнө Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны дутагдалд орж буй мэдээг сонсоод, манай байгууллагын тухайн үеийн гишүүд хамтран ажиллах санал гаргасан байдаг. Тэрнээс хойш улсын хэмжээнд донорын тоо өсч, 10 жилийн хугацаанд 1.1 хувь болж өсөөд байна. Энэ бол маш өндөр тоо. Нийслэлийн хэмжээнд 1.8 хувь болтлоо өссөн. Энэ үзүүлэлтээрээ манай улс Азийн хөгжингүй орнуудтай адил түвшинд очсон байна.

Бид 10 жил хамтран ажиллахдаа жил бүр тус төв дээр онцлох үйл ажиллагааг зохион байгуулж, цусны төвүүдийг шинэчилсэн. Мөн дорго амьтныг донорын бэлгэ тэмдэг болгосон. “Бахархал” тэмдгээр шагнаж, урамшуулдаг болсон. Өнөөдрийн ойн арга хэмжээний үеэр найман донорыг шагнасан” тухай ярилаа.

Донор хүний бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг гэдэг. Сүүлийн таван жилийн статистикаас харахад нийслэлийн хэмжээнд шинэ донорын тоо 27 хувиар өссөн бол улсын хэмжээнд 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Бас нэгэн тоо дурдвал, 2014 онд 17 мянган донороос цус цуглуулж байсан бол 2018 онд энэ тоо 26 мянга болж өссөн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.

Д.ДУЛМАА: 25-40 НАСНЫ ЗАЛУУС ЦУСАА ИДЭВХТЭЙ БЭЛЭГЛЭДЭГ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Дулмаа

“Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2009 оноос хойш 10 жилийн хугацаанд JCI Капитал салбар байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” төсөл хэрэгжүүллээ. Энэ төслийн хүрээнд манай төвийн донорын тоо 37 хувиар нэмэгдсэн амжилттай ажиллаж чадсан. Мөн энэ байгууллагын залуус анх санаачлан донорын бэлгэ тэмдэгтэй болгосон.

Донорын бэлэг тэмдгийг сонгохдоо нээлттэй уралдаан зарлаж, дорго хэмээх амьтны дүрстэй бэлгэ тэмдэгтэй болсон юм. Мөн доноруудын энгэрт гялалзах бахарлын 10, 20, 30, 40, 50 тэмдгүүдийг санаачлан доноруудыг шагнадаг уламжлалтай болсон. Доноруудын хувьд насны ангиллаар авч үзвэл 25-40 насны залуус цусаа идэвхтэй бэлэглэдэг” хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Дулмаа хэлсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж