МАН: Бид нар бүгдийг сөнөөнө

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

МАН: Бид нар бүгдийг сөнөөнө

МАН: Бид нар бүгдийг сөнөөнө

Бид нар бүгдийг сөнөөнө. “Хар сарнай” хамтлагийн брэнд болсон энэ дуу өдгөө МАН-ын трэнд үг болжээ.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Оростой наймаалцсан асуудлаар нь нэр бүхий хүмүүсийг тусгайгийнхнаар баривчлуулж буйгаа дэлхий даяар “өнгөт”-өөр цацсаны дараа С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг дэлгэсэн нь монголчууд гадныханд ёстой “галзуу нохойн нүд улаан” болж харагдаж байна. Улс төрийнхөө хөмөрсөн тогоон дотроо  “хөгжилдсөөр” байгаа бидний гэнэн ба тэнэг зан дээр дөрөөлж, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль, шүүхийн эрх мэдлийг ҮАБЗ-д төвлөрүүлэх хуулийг “барьцаалагдсан” МАН-ынхан шууд батлаж орхисноороо шууд бусаар “авторитари” улс болж буйгаа дэлхийд ил тодоор зарласан мессэж байв.

Ингээд “Бид нар бүгдийг сөнөөнө” гэх МАН-ын уриа үүгээр дуусаагүй бөгөөд үргэлжлэл нь Дубайн гэрээг цуцална гэх мэдэгдэл. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг “Дубайн гэрээг цуцлах ёстой” гэсэн дүгнэлт гаргаж, түүнийгээ Үндсэн хуулийн бус аргаар үлэмжийн эрх мэдэлтэй болсон ҮАБЗ-д буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлжээ. ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу УИХ-аар энэ асуудал хэлэлцэгдэж удахгүй  “Рио Тинто”-г Монголоос хөөх хөрш орнуудын хүсэл биелж мэдэх л юм.

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, нийтдээ 300 хуудас бүхий дүгнэлтдээ “цуцлах шаардлагатай” гэж үзсэн ажлын хэсгийнхэн бол Д.Тэрбишдагва /ажлын хэсгийн ахлагч/, Д.Дамба-Очир, О.Баасанхүү, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нар.

Олонх нь популист, ийм ажлын хэсгээс тийм дүгнэлт гарах нь ч тодорхой. Ингээд Оюутолгойн төслөөс хооллодог ханган нийлүүлэлт болоод гэрээт, мөн уурхайн ажилчид гээд олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих дүр зураг харагдаж байгаа юм.

Оюутолгой бол үе, үеийн улстөрчдийг мөлждөг, хөлждөг сэдэв. Н.Алтанхуягийн Засгийн үед “Эрдэнэс Оюутолгой”-н захирал Ц.Сэдваанчиг “Рио-Тинто”-д хандаж сүрдүүлсэн захидал бичсэнээс болоод 2000 хүн нэг дорж ажлаасаа халагдаж, хоёр дахь шатны бүтээн байгуулалт хоёр жил шахам гацсан. Энэ гацааг тайлж, Оюутолгойн төслийг үргэлжлүүлсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт  “Хүрлээр хөшөө босгосон ч болно” гэж тухайн үед эдийн засагч Да.Ганболд хэлж байсан удаатай.

Хөрөнгө оруулалт тэг зогсч, эдийн засгийн тэлэлт саармагжсаны улмаас популистуудын тарьсан балгийг цайруулж, хоёр жил шахам “Рио-Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард сууж байж арай гэж зөвшилцсөн Ч.Сайханбилэг 2015 оны тавдугаар сарын 21-нд Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг байгуулсан билээ. Үүний хүчинд өнөөдөр Ардын нам  цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавихдаа айлтгүй болсон байх.

ДУБАЙН ГЭРЭЭГ ЯАГААД ЦУЦАЛЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Дубайн гэрээ гэж огт байхгүй. Дубайд очиж Оюутолгойн хөрөнгө оруулалтын далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ийн нэрийдэж, улс төр болгож "хорлонтож" суусныг МАН өнөөдөр үргэлжлүүлэн сэвэх болсон.  Нэгэнтээ М.Энхсайхан энэ талаар "Том төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд авсан зээлээ урьдчилж төлнө. Компаниар жишээ татахад хэрэглэсэн тог, усныхаа төлбөрийг төлөхөөс эхлээд ажилтнуудын цалинг өгдөг. Цаана нь мөнгө үлдвэл авсан зээлийнхээ төлбөрийг төлдөг.  Үүнийг санхүүгийн хүрхрээ гэж нэрлэдэг юм. Ингэж нэрлэж байгаагийн учир нь нэн түрүүнд төлөх төлбөр, дараа нь төлөх төлбөр гэх мэтээр эрэмбэлж явсаар хамгийн сүүлд мөнгө үлдэж байвал их сайн. Үүнтэй адил аливаа том төслөөс хүртэх ашгийг хамгийн сүүлд ярьдаг. Тэгэхээр хамгийн эхний асуудлаа шийдээгүй байж хамгийн сүүлийн асуудлаа ярих тусам будилуулна" гэсэн байдаг.

Будилаан хутгаж, бусдын гар хөл болж, Монголын парламент Оюутолгойг гэрээг цуцлахад тун амархан, ядах ч юмгүй. Угаасаа ч ҮАБЗ-өөс  өгсөн даалгавар болгоныг  эрх мэдэл, сүр сүлдгүй болчихсон ЖДҮчид үг дуугүй кнопдох нь ойлгомжтой.

Гэвч, яагаад гэрээг цуцалж болохгүй вэ?  Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө анхны Хөрөнгө оруулалтын хуулийг зөрчсөн үү? Энэ мэтээр энэ их попролыг ойлгож, таниулахгүй бол энэ улс сүйрч унахад тун ойртож.

“Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан  “Оюутолгойн  анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, харин тодотгосон. Уг төлөвлөгөөний 8.3-т "Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, 2009 онд УИХ-аар батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зохицуулна гэж тусгасан” тухай тайлбарлаж байсан юм.  Харин "хэргийн эзэн" гэгдээд байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг  тухайн үед хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ "2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан. Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүйг" гэх онцолж байв.

Тэгвэл гэрээг цуцалбал эдийн засагт ямар эрсдэл нүүрлэхийн статистик тоон дээр үндэслэн тайлбарлая.

Оюутолгойн компанийн албан ёсны сайтад 2018 оны IV улирлын байдлаар тус компанид  ажиллаж буй 17 мянга орчим хүний 92.6 хувийг монголчууд, үүний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байгаа тухай дурджээ. Нийт ажиллах хүчний 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид аж. Мөн "898 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 618 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компанид зарцуулав" гэж бичсэн байна.

Оюутолгой бол Монголдоо төдийгүй дэлхийд МЕГА төсөл. Эрсдэлтэй Монголд ийм том МЕГА төсөл хэрэгжиж байгаа нь эдийн засгийн хувьд тусгаар тогтнолын баталгаа болж буй.

618 ханган нийлүүлэлтийн компанид доод тал нь 5 хүн ажилладаг гэж тооцвол 30 мянган гаруй хүн Оюутолгойгоос амьдралаа залгуулдаг гэсэн үг.  Дээр нь 2018 онд улсын төсөвт  төвлөрүүлсэн 322 сая ам.доллараас УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, багш, эмч, цэрэг, цагдаа, төрийн албан хаагчдын цалинг тавьдаг. Тэгэхээр Оюутолгой гацвал эдийн засаг эмчилгээгүй болно. Иргэд цалин, орлогогүй болно. ОУВС байгаад ч МАН-ыг, Монголыг ч аварч чадахгүй. Эцэст нь хүссэн ч эс хүссэн ч ШХАБ-даа элсэхээс өөр сонголтгүй үлдэнэ.

АН: Бид нар бүтээнэ, МАН: Бид нар бүгдийг сөнөөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж