Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 2019-2020 оны гурван талт хэлэлцээрт өнөөдөр /2019.04.03/ талууд гарын үсэг зурлаа. Хэлэлцээр нь зургаан бүлэг, 51 саналд үндэслэсэн ба ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсөв, инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагыг чангатгах зэрэг асуудлууд багтжээ.
Мөн Засгийн газар 2017-2018 оны гурван талт хэлэлцээр амжилттай хэрэгжсэн гэж дүгнэлээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Гурван талт хэлэлцээрийн дүнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлснээр дундаж цалин 916 мянган төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 27.5 хувиар өссөн. Мөн 2018 онд хийсэн хэлэлцээрийн дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянган төгрөгт хүргэсэн бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нд 420 мянган төгрөгт хүргэнэ” гэлээ.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцлоо.
Г.ХОРОЛ