“Эко-Алтан Заамар” хохирогчдын ар гэрт 200 сая төгрөг олгожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

“Эко-Алтан Заамар” хохирогчдын ар гэрт 200 сая төгрөг олгожээ

“Эко-Алтан Заамар” хохирогчдын ар гэрт 200 сая төгрөг олгожээ

МХЕГ-аас уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байгаа талаар өнөөдөр /2019.4.3/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгж байдгийн 908 нь үйл ажиллагаа огт явуулаагүй бол 561 нь ажлаа эхлээгүй, 159 нь бэлтгэл ажлаа хийж, 123 нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй ажээ. Үүнээс энэ удаагийн шалгалтад 281 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

Шалгалтын явцад 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 79 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, 301 зөвлөмж хүргүүлж, 224 сая төгрөгийн торгууль ногдуулж, 291.2 грамм алт хурааж, зөрчлийн зургаан хэрэг нээсэн байна. Шалгалт үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан дүнг танилцуулсан нь энэ юм.  

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад 29 бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг ажээ. Эдгээр бичиг баримтаа дутуу бүрдүүлснээс дээрх зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээг авчээ.

ИЛ УУРХАЙН ЖУРМЫГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Дархан, Сэлэнгэ аймгуудад гуравдугаар сарын 18-наас эхлэн 14 хоногийн шалгалт явууллаа. Бид 2019 оны хоёрдугаар сард уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Уурхайн үйл ажиллагаа явуулахад 29 бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг. Ингэснээр аюулгүйн ажиллагаа хангагдаж, олборлолтын үйл ажиллагаа явуулж болдог. Зөвлөмжийн биелэлтийг хангуулах хүрээнд уг шалгалтыг зохион байгуулсан. МХЕГ нь геологи, уул уурхайн улсын 41 байцаагчтай. Байцаагчид бичиг баримтын зөрчил, уул уурхайн аюулгүйн ажиллагаа хэр хангагдсан байна, зөвлөмжийг хэрхэн хангасан байна гэдэг дээр шалгалт хийсэн. Ил уурхайн журам хуучирсан байна. Тиймээс энэ дүрмийг нэн яаралтай батлуулах шаардлагатай байна” гэлээ.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫХАН ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА

МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн газрын дарга Н.Батбаяр “Ихэвчлэн 29 бичиг баримтаа бүрдүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн зөрчил илэрч байна. Тухайлбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй. Өнгөрсөн жилийнхээ байгаль орчны тайланг гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн байгаль орчны аудитыг хоёр жил тутамд хийх ёстой байтал түүнийг хийлгүй таван жил болж байгаа газар ч байна. Машин тоног төхөөрөмжийн буй тос, аккумлятор зэргээс гарч буй аюултай хог хаягдлаа ялгаж, ангилалгүйгээр, зориулалтын бус байранд хадгалж байна. Мөн газар ашиглахдаа кадастр, газрын гэрээ ашиглалгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн усны гэрээ хийлгүйгээр ус ашиглах зөрчил илэрдэг. ТЭЗҮ-гийн аюулгүйн үйл ажиллагааг баримтлахгүй байна. Уурхайн нөхцөл, бүтцийг харгалзалгүйгээр зураг төсөл гаргасан байна. Эдгээр зөрчлийг үндэслэн зохих арга хэмжээ авсан.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах журмын дагуу орон нутгаас томилогдсон ажлын хэсэг тухайн ажлыг бодитоор дүгнэхгүй байна.  Газар, ус ашиглах гэрээг баталдаг төрийн захиргааны байгууллагууд үүнд хариуцлагагүй хандаж байна. Аж ахуйн нэгж холбогдох бичиг баримтаа төрийн захиргааны байгууллагад хүргүүлсээр байтал түүнийг батлалгүй удаж, хүнд суртал үзүүлдэг зүйл бас байна. Үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл торгууль шийтгэл авч байна.

Мөн нөхөн сэргээлт хийхгүй байна. Улсын 8900 гаруй гаруй газарт техникийн, 10 мянга гаруй га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн байгаа ч энэ нь хангалтгүй байна. Тиймээс бололцоотой бүх талбайд техник, биологийн нөхөн сэргээлт хийхийг шаардаж байгаа.  Нөхөн сэргээлт хийхгүй, хийсэн нь шаардлага хангахгүй байгаа нь улсын байцаагчийг ажлын хэсэгт оруулахгүй байгаатай холбоотой. Тиймээс БОАЖЯ-нд албан бичиг хүргүүлсэн” гэсэн юм.

“ЭКО-АЛТАН ЗААМАР”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГССОН ХЭВЭЭР БАЙГАА

Сэтгүүлчид “Эко-Алтан Заамар”-тай холбоотой хэргийн талаар, тус компани ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр жил төлөөгүй гэх асуудлын талаар лавлахад “Эко-Алтан Заамар”-тай холбоотой асуудлын дүгнэлтийг Уул, уурхайн яаманд хүргүүлсэн. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг жил бүр тогтмол төлдөг болох  нь шалгалтаар тогтоогдсон. Нас барсан дөрвөн иргэний ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг тогтоосон. Компанийн үйл ажиллагаа зогссон хэвээр байгаа. Шалгалтын явцад тус компани дээр дахин очиж, аюулгүйн зурвасыг нэмж татуулсан” гэв.

“Эко-Атан Заамар”-т амиа алдсан дөрвөн иргэний гэр бүлд 200 сая төгрөг буюу нэг гэр бүлд 50 сая төгрөг олгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж