Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өнгөрсөн оны долдугаар сарын 13-ны өдөр хоёр залуугийн бие рүү бензин цацаж шатаасан этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Өглөөний 10.00 цагт эхэлсэн тус шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт оролцож байгааг эх сурвалж мэдээлэв. Энэ удаагийн шүүх хуралд хариуцагчаар “Магнай трейд” компанийг татан оролцуулж буй юм байна. Учир нь гэмт этгээд тус компаний шатахуун түгээх станцаас шатахуун авсантай холбоотой аж.
Хэргийг сануулахад, 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн харьяат ах дүүсийн хүүхдүүд болох Б.Ц, Б.Н нар нь Хэнтийгээс Улаанбаатар орох замдаа үл таних этгээдтэй дэлгүүрт таарч, маргаж муудалцжээ. Үл таних залуу Б.Н рүү таван литрийн савтай бензин цацаж, улмаар асаагуур шидэж галдан шатаасан байна.
Энэ үеэр 34 настай дүү Б.Ц нь ахыгаа хамгаалж, өөрөө 60 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдэн, шархаа даалгүй амиа алджээ. Ах Б.Н-ийн хувьд 25 хувийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байна.
Энэ хэрэгт холбогдон шалгагдаж буй, 31 настай Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг нэгэн аж. Түүнд Эрүүгийн хуулийн 10.1.2.2 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгажээ.
Б.ЖАРГАЛ