Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ “Орлогоо нотол” хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Өнөөдөр /2019.04.03/ тэд УИХ-ын гишүүдийн орлогыг нийтэд ил зарлах талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР, Б.НАРАНХҮҮ НАР ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРЛОГОТОЙ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Ж.Энхбаяр гаалийн байгууллагад 2000-2006 оны хооронд, 2006-2008 оны хооронд мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байж. Ингээд 2008 оноос хойш УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тэрбээр 1999 онд их сургуулиа төгссөнөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй ажиллажээ.
Түүний хөрөнгө орлого 2015 онд 4.2 тэрбум, 2016 онд 4.9 тэрбум,2017 онд 2.4 тэрбум төгрөгийн орлоготой гэж ХОМ-д дурдсан байна. Ж.Энхбаяр гишүүнээс асууя "Төрийн ажлын хажуугаар бизнес эрхлээд ийм их орлоготой болтоо бизнесийг амжилттай удирдаж яваа нууцаасаа бидэнд хуваалцаач" .
2017 оны гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авч үзэхэд, хамгийн их компани эзэмшдэг хүн бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Тэрбээр 26 компанийг 100 хувь дангаараа эзэмшдэг. Харин Ж.Энхбаяр бизнес эрхэлдэг Б.Чойжилсүрэн гишүүнээс хөрөнгө орлогоороо 100 дахин их орлоготой ажилласан байна. Төрд насаараа ажиллачихаад яаж ийм их хэмжээний орлоготой болж чадав. Үүнийгээ нотлооч. Дангаараа бизнес эрхлээд явж байгаа хүмүүсээс 100 дахин их орлого олж байгаагаа Ж.Энхбаяр тайлбарла.
Хоёрдугаарт, хөрөнгөөрөө тэргүүлж байгаа Б.Наранхүү гишүүн байна. Тэрбээр 2015 онд банкинд хадгаламжийн бэлэн 18.5 тэрбум төгрөгтэй байжээ. Харин 2016 онд 21.2 тэрбум төгрөг, 2017 оны сүүлээр 15.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай болжээ. 2017 оны байдлаар жилд 2.4 орчим сая төгрөгийн орлого олдог гэж мэдүүлсэн мөртлөө маш их хөрөнгөтэй. 22.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Банкны хадгаламж хүүгүй байдаг юм уу. 15 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүний хүү хэд байх уу? Яагаад хүүгийнхээ орлогыг тайлагнадаггүй юм бэ?
Б.Наранхүү гишүүний өөрийнх нь гаргаж тавьсан намтраас харахад “Мон-Уран” ХХК юу хийдэг компани болохыг хайхаар тодорхой юм алга. Бидэнд яалт ч үгүй хардлага төрж байна. Б.Наранхүү гишүүн ийм их хөрөнгөтэй болсноо нотлох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуульд УИХ-ын гишүүд ард түмний элч мөн бөгөөд нийт иргэд улсын ашиг сонирхлыг эрхэмлэж ажиллана гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүн нь хөрөнгө орлогын мэдүүлэгт тогтоосон журмын дагуу үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэсэн байгаа юм. Тэгэхээр бид энэ хуулийн дагуу үүргийг нь сануулж байна. Хууль баталдаг эдгээр хүмүүс өөрсдөө эхлээд хуульдаа байгаа үгүйгээ хэрэгжүүлээч гэдэг санал санаачилга гаргаж байгаа юм.
Цаашид УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн дэд хороонд өргөдөл гомдолд үндэслэн шалгах зохицуулалтай. Одоо эхний ээлжид олон нийтийн хэрэгслээр дамжуулан орлогоо нотол гэдэг шаардлага уриалга гаргаж байна. Хэрэв цаашид биднийг үл тоогоод байх юм бол хуулийнх нь дагуу УИХ-ын ёс зүйн дэд хороонд өргөдөл гомдол гаргуулж шалгуулна гэдгээ мэдэгдэж байна.
Ж.Энхбаяр, Б.Наранхүү нар хамгийн их хөрөнгө орлоготой хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа болохоор гаргаж тавьж байгаа юм. Энэ мэтчилэн цаашид УИХ-ын гишүүдийг ээлж дараалан орлогыг нь нотлуулна. УИХ-ын гишүүд хөрөнгө, орлогоо тайлагнахад бэлдээрэй гэж хэлмээр байна” гэв.
УИХ ТӨРИЙН ХӨРӨНГӨӨС ХУЛГАЙ ХИЙДЭГ, ЭСХҮЛ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР БАЯЖДАГ ХҮМҮҮСИЙН ОРОГНОХ ГАЗАР ЮМ УУ?
ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Монгол Улсын хууль тогтоодог талбар бол УИХ. Салбар салбарынхаа эрхийг хамгаалсан төлөөллүүд байх ёстой гэж би боддог. Гэтэл маш богинохон хугацааны судалгаанаас харахад өнөөдрийн байгаа УИХ-ын гишүүд дотор төрийн албаны туршлагатай хүн ердөө 30 хувь байна. Нийт 75 гишүүний 30 хувь нь гэсэн үг. 70 орчим хувь нь бизнесийн болон бусад салбараас орж ирсэн хүмүүс бөгөөд тэдний 50 хувь нь бизнесийн байгууллага, үлдсэн 50 хувь нь намын үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс орж ирсэн байна. Насаараа төрд ажилласан хүмүүс бизнес хийдэг хүмүүсээсээ илүү орлоготой байна.
Уул уурхайн лиценз аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс УИХ-д орж ирдэг. УИХ ажил хийхээсээ илүү хамгаалалтын хэрэгсэл болж. УИХ төрийнхөө хөрөнгөөс хулгай хийдэг, эсхүл үндэслэлгүйгээр баяждаг хүмүүсийн орогнох газар юм уу? Цаашдаа гурван сая хүнээ дандаа ийм хүмүүсээр толгойлуулаад явах юм уу?
Өөрөөр хэлбэл төрийн ажлын туршлагатай үнэн голоосоо төрд сэтгэлтэй хүмүүс УИХ-д ордог биш, эсрэгээрээ бизнес хийгээд түүнийгээ халхлах, улс төр хийх зорилгоор төрд орж ирэх юм бол Монгол Улс хаашаа явах вэ гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Тийм учраас парламент нь мэргэжлийн, Засгийн газар нь чадвартай байх ёстой. Тодорхой шалгуур хангасан ёс зүйтэй хүмүүсийг 2020 оноос гаргаж ирэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ