АХБ: Банкны салбар эдийн засагт эрсдэл үүсгэж мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

АХБ: Банкны салбар эдийн засагт эрсдэл үүсгэж мэдэх нь

АХБ: Банкны салбар эдийн засагт эрсдэл үүсгэж мэдэх нь

Азийн Хөгжлийн банк (АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн төлөвт дүн шинжилгээ хийснээ өнөөдөр /2019.04.03/ танилцууллаа.

АХБ 2019 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж буй бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулбал бага зэрэг саарч 6.7  хувьд хүрнэ гэсэн төсөөллийг дэвшүүлж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байна хэмээн АХБ-ны тайланд дурдлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 , 2020 онд 6.3 хувь болно гэж таамаглажээ.

“2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тодотгоод “2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм.

Засгийн газраас үр ашигтай, макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэх төдийгүй Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно" гэв.

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен

Эрэлтээс гадна үйлчилгээний салбар нь өсөлтийн гол хөдөлгүүр болох бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого сайжирна гэж үзжээ. Уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эергээр нөлөөлнө. Төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт мөн энэ онд үргэлжлэх юм байна.

Инфляц 2018 онд дунджаар 6.8 хувь байсан бол 2019 онд 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд, төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлнө гэж таамаглажээ. Эдгээр нөлөөлөл нь 2020 онд буурч, инфляцийг 7.5 хувьд тогтворжих боломж олгох аж.

Олон улсын зах зээлд бонд гаргасан болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс гадаад валютын улсын албан нөөц 2018 онд 500 сая ам.доллараар өсч, 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. 2018 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунджаар 1.1 хувиар суларсан бөгөөд жилийн эцсийн байдлаар 8.9 хувьд хүрсэн.

Банкны салбар сайжирч буй хэдий ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэхээр байна.

АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРЛОГЧ БӨГӨӨД АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ ДЕКЛАН МАГИЙ:

"Таван жил дараалан алдагдалтай байсан төсвийн тэнцэл ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх ашигтай гарч, төсвийн зардал ДНБ-ий 28.7 хувьд хүрсэн бол төсвийн орлого ДНБ-ий 31.3 хувьд хүрэв. Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхтэй холбоотойгоор 2019 оны төсөв ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарахаар байна. Үйлчилгээний дансны алдагдал өндөр хэвээр байна.

Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гаднын сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Банкны салбар сайжирч буй хэдий ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэхээр байна” гэлээ.

 АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч бөгөөд ахлах эдийн засагч Деклан Магий

Түүнчлэн Засгийн газар шинэ сангууд үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах хэрэгтэйг АХБ зөвлөлөө.

2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. 2017, 2018 онд өндөр байсан төсвийн орлого бага зэрэг буурах хүлээлттэй байгаа ч өсөлтийн төлөв дэх эерэг боломжуудаар сайжирч болох юм. Урсгал дансны алдагдал нь 2018 онд ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 9.6 хувьд хүрч буурахаар байна. Үүнд, экспортын өсөлт, ялангуяа алтны экспорт ихээр өсөхөөр байгаа төлөв болон машины импортын удаашрал нөлөөлнө гэж харжээ. Урсгал дансны алдагдал нь 2020 онд эргээд ихэсч, ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа нь экспортын өсөлт саарах мөн импортын эрэлт тогтвортой хадгалагдах зэрэгтэй холбоотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж