Монгол Улсын хэмжээнд өмнө нь нүүрс тээвэрлэж буй жолооч нарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем байгаагүйгээс жолооч нарын бодит эрэлт хэрэгцээ, хүрэлцээг тодорхойлох боломжгүй байсан юм. Мөн жолооч нарын дунд хуурамч үнэмлэхтэй эсэх нь тодорхойгүй байдаг байсан бол нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг олгох явцыг нээлттэй болгосноор дээрх асуудлуудыг шийдэх боломжтой болсон байна.
Тодруулбал, улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй долоон боомтын 169 аж ахуйн нэгж болон холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системийг нээлттэй ашиглах боломжтой аж.
Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Авто тээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий системийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү нэвтрүүлээд байна.
Цахим системийг ашиглаж эхэлснээр ЗТХЯ, ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам, тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТөв хооронд мэдээлэл солилцох боломж бүрдэж, цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжтой юм.
Энэхүү систем:
- Улс хооронд болон хот хооронд, орон нутгийн ачаа, аюултай ачаа, овор ихтэй ачаа, дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж буй ААНБ бүртгэх,
- Ачаа тээврийн төлөвлөлт хийх, осол, зөрчил бүртгэгдэх
- Статистик тайлан мэдээг төрөл, ангилал, хугацаагаар нэгтгэгдэх
- Хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авахад аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн болон жолоочийн мэдээллээ оруулж, шаардлага хангаж байгаа эсэхээ мэдэх
- Тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч давхцахгүй
- Уурхайнууд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлтээ гүйцэтгүүлэх
- ААНБ-ын мэдээллийг нэг цонхноос харах
- Хүний хүчин зүйл нөлөөлөл орох боломжгүй зэрэг олон давуу талтай.
Тус программд нэвтэрч, мэдээллийг нээлттэй харах, ашиглах боломж бүрдсэнээр зөвшөөрөл авсан компаниудын тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс гадна хилээр нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн нэг жолооч олон компанид бүртгэлтэй байх явдал арилж, жолоочийн давхардал үүсэхгүй, жолооч нарын бодит тоо гарах ач холбогдолтой.
Эх сурвалж: ЗТХЯ
Холбоотой мэдээ