“Эхнэрийн урхи”-тай монголчууд

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

“Эхнэрийн урхи”-тай монголчууд

“Эхнэрийн урхи”-тай монголчууд

Солонгосын “Ким Духан”, “Дэ Жангум”, “Өвлийн хайр”, “Анхны хайр” зэрэг олон ангит кинонуудыг монголчууд эртнээс мэднэ. Тэртээ 2000 оны эхээр Монголын телевизийн сувгуудаар ээлжлэн гарч эхэлсэн кинонууд өдгөө ч ээлжлэн гарсаар байна. Намар, өвөл, хавар, зун гээд улирал тутамд гарах киноны сонголт арвин учраас монголчуудыг хэзээ ч уйдаахгүй. “Дэ Жангум” кино дуусах үед дараагийн олон ангит кино залгуулаад эхэлнэ. “Нөгөө кино дахин гарлаа” гэж хэлсэн хэрнээ ахиад үзсээр. Ер уйдаахгүй кино бүтээлийн ард юу нуугдаж байгаа нь андашгүй. Гэхдээ тэд үзэгчдийг татаж, жүжигчид нь улам л танил болсоор байна.

Монголчуудын хэдэн үеэрээ үзэх Өмнөд Солонгосын олон ангит кинонууд дуусах нь өнгөрлөө. Энэ хаврын гол кино бол “Эхнэрийн урхи” хэмээх алдарт кино юм. UBS телевизээр гарч байгаа уг кино хэзээ ч үл хуучирна. Үзсэн нэг нь дахин үзэж, үзээгүй нэгэн шимтэн үзсээр киноны үйл явдалд эрхгүй орох болно.

“Эхнэрийн урхи” хэмээх нэрээсээ эхлэн анхаарал татсан кино 100 гаран ангитай. Гэхдээ өдөр бүр гарах адал явдалт үйл явдал нь кино үзэх хүслийг улам дэврээнэ. Амьдралын төлөөх бэрхшээл, тэмцэл нийгмийн ямар ч давхаргад байдгийг харуулсан тэмцэл дүүрэн киноны гол баатруудыг монголчуудын эртний танилууд мэт хүлээн авна.

Энэ бүгдийг нуршихын учир өнгөрөгч долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан. Хэдийгээр хоёр өдрийн айлчлал анхаарал татаж байсан ч Монголын талаас “иргэдээ визгүй зорчуулах” санал тавьсан нь бас нэг бодох асуудлын нэг байв. Мэдээж сайд энэ асуудалд нухацтай хандана гээд явсан. Хариу нь ойлгомжтой ч монголчууд итгэл хүлээн хүлээсээр сууна. Учир нь тус улсыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, төрийн албан хаагчид ээлжлэн явж байгааг судалгаа харуулсаар байна.

Мөн сурагчдын зуны амралт эхлэхтэй зэрэгцэн багш нарын цуваа Солонгос руу хөвөрч эхэлнэ. Мэдээж энэ бүгд тус улсад олдож буй цагийн ажлын хөлстэй холбоотой. Тиймээс монголчууд ээлж ээлжээрээ явсаар. Гэтэл Сөүлд очиж мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдыг ажлаас нь халах шийдвэр гарч дээр дооргүй багагүй сандарцгааж эхлэв. Зарим нь тоглож байгаа бичлэг байгаа эсэхээ нягтална. Хүний хүслийг хорьж болохгүйтэй адил уг шийдвэртэй нийлэх нэгэн байхад санал зөрөх нь ч бий. Цаашид Өмнөд Солонгосыг зорих иргэдийн цуваа улам л хүчтэй үргэлжилнэ.

Ямартай ч дотоодын жүжигчдээсээ илүүтэй Өмнөд Солонгосын жүжигчдийг шүтэж, тэднийг биширч амьдрах болсон монголчуудын дараагийн үзэх кино ямар кино байх вэ гэдэг асуулт төвөггүй олдоно. “Дэ Жангум” кино дууссан ч “Эхнэрийн урхи” гараад л ирнэ. Эцэст нь монголчууд хэдэн үеэрээ үзэх кинотой үлдэнэ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж