Иргэд жагсах шалтгаан: “ЖДҮ-49”

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Иргэд жагсах шалтгаан: “ЖДҮ-49”

Иргэд жагсах шалтгаан: “ЖДҮ-49”

Энэ сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбай хилэгнэсэн олны хөлд дарагдах шинжтэй. Хэдийгээр ерөнхий зохион байгуулагчаар нь Ардчилсан нам оролцож байгаа ч жагсах шалтгаан нь иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөнтэй холбоотой учраас иргэд олноороо оролцох төлөвтэй байна. Өмнө нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой, их хэмжээний хохиролтой хэргүүд сонсогддог ч ихэнх нь тэгсгээд замхардаг.

“Цэвэр агаар сан”-гийн, Нүүрсний 17 тэрбумын, 800 тэрбумын концессын, төмөр замын гэхчилэн шил шилээ дарсан хэргүүд элсэнд асгасан ус мэт алга болсон. Хэсэг хугацааны дараа эл хэргүүдэд нэр холбогдсон хүмүүс “хэлмэгдсэн, хохирсон” хүмүүсийн дүрд тоглож, асуудлыг улстөржүүлсээр иргэдийг залхааж орхисон.

Дагаад иргэдийн итгэл ч алдарч, “Эд ингэж л байдаг юм” гээд баргийн юмыг тоохоо больжээ. Учир нь, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, орон сууцны асуудлаа шийдэж чадахгүй, үр хүүхдээ сайн сургуульд сургаж чадахгүй, цэцэрлэг олдохгүй, эхлүүлсэн бизнес нь нурчих гээд санаа зовних асуудал иргэдэд маш их. Тиймээс баргийн юмыг тоохоо байсан иргэд энэ удаа “ЖДҮХС-гаас зохион байгуулалттайгаар, бүгд ижил 950 саяыг эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан зээл авсан гишүүдийг эрс эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж эхэлсэн.

Шалтгаан нь эрх баригчид энэ удаа хэтрээд жирийн иргэдэд очдог ЖДҮХС-гийн зээлд хуруу дүрсэнд байгаа юм. Жирийн нэг иргэн Доржид концесс, тендер, хөнгөлөлттэй зээл хэзээ ч олдохгүй. Тэр бол дарга нарын “өмч”. Харин жаахан ч болов олддог байсан нь ЖДҮХС-гийн зээл. Гэтэл цагаан гартнууд ЖДҮХС руу хүртэл гараа дүрж, нэг үгэндээ давж болохгүй хязгаарыг давсан хэрэг юм. Тиймээс иргэд тэвчинэ тэвчинэ гэхэд үүнээс илүү яаж тэвчих билээ хэмээн хэдэн сарын турш эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Эрх баригчид УИХ-д 65 суудал авсандаа хэт бардаж, эрх мэдэлдээ бялуурч бүхнийг хүчээр, эрх мэдлээр шийднэ хэмээн эрдсэндээ ийнхүү маш том алдаа гаргаснаа одоо ч ухаараагүй л байна.

“Сенсацийг сенсациар дарна” хэмээн Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, уул уурхайн орд газарт тусгай ажиллагаа явуулж сүрийг үзүүлэх, сүртэй мэндчилгээ тараах гэхчилэн боломжит бүх аргаар ЖДҮ-гээ дарахыг хичээж байгаа ч иргэдийн эсэргүүцэл, бухимдал өдрөөс өдөрт нэмэгдсээр эцэстээ “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” болтлоо өргөжөөд байна.

Өнөөдөр “ЖДҮ-г жижигхэн хулгай” хэмээн өөрсдийгөө өмөөрч байгаа эрх баригчид бол иргэдийн жагсах шалтгаан юм. Иргэдийнхээ халаасанд гар дүрчихээд жишим ч үгүй, уучлалт гуйхгүй хэмээн гэдийж буй эрхэм түшээд иргэдийн жагсах шалтгаан юм. Өдрөөс өдөрт өссөөр буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, төгрөгийн ханшийн уналт иргэдийн жагсах шалтгаан юм.

Ж.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж