Багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгоно

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгоно

Багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар нийт 32 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн багш нарын илүү цаг ажилласан хөлсийг тооцож олгох асуудлыг шийдвэрлэлээ. Цэцэрлэгийн багш нар долоо хоногт дунджаар 40 орчим илүү цаг ажилладаг гэж тооцдог. Үүнээс 16 цагийнх нь илүү цагийн мөнгийг тооцож олгож байсныг бүтнээр нь буюу долоо хоногт 40 цаг ажилласан хөлсийг нь олгох боломжтой боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи илүү цаг ажилласан мөнгийг нөхөж олгоно. ЕБС-ийн багш нарт мөн илүү цагийн хөлс тооцогддог. Тодруулбал, мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд, ялангуяа хөдөө орон нутагт мэргэжлийн багш дутагдалтай нөхцөлд багш нар илүү цаг ажилладаг. ЕБС-ийн мэргэжлийн багш жирэмсний амралт авсан тохиолдолд орлож байгаа багшид, ажлын долоо хоногоос нэг сар хугацаагаар чөлөө авсан тохиолдолд орлож байгаа багшид илүү цаг тооцогддог. Тэгэхээр 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг Боловсролын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцсон байгаа. Өнөөдрөөс багш нарын илүү цагийн асуудлыг Зсгийн газраас шийдвэрлэлээ" гэсэн юм.

Мөн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчид мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглох шийдвэр гаргажээ. Монголын төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд Солонгост очиж казино тоглодог тоо баримтаараа манайх нэлээд дээгүүрт ордог гэсэн статистик байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Дарга нар нь тэнд валютын урсгалаараа казинодоод байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэлцээгүйн улмаас хар ажил хийгээд байдаг. Тиймээс Засгийн газраас Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулахаар чиглэл гарч байна. Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрэв ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газарт орж баригдаад, бичлэг нь байх юм бол ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэн ажлаас нь шууд чөлөөлнө" гэв.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Зөвшөөрлийн тухай”, “Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улс, Беларусь Улс хоорондын гэрээний төслийн тухай хэлэлцэх юм.

Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүн, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар, Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төслийн тухай, “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн зэрэг багтжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж