Төрийн мөнгөөр туйлсан Малайзын экс Ерөнхий сайдын хэрэг | News.MN

Төрийн мөнгөөр туйлсан Малайзын экс Ерөнхий сайдын хэрэг

Төрийн мөнгөөр туйлсан Малайзын экс Ерөнхий сайдын хэрэг

Төрийн мөнгөөр туйлсан Малайзын экс Ерөнхий сайдын хэрэг

Энэ бол дэлхийн хамгийн дуулиант авлига, хээл хахууль, мөнгө угаалт зэргийг багтаасан санхүүгийн гэмт хэрэг. Зөвхөн Малайзын улс төрчид ч биш, Холливудын одод үүнд холбоотой. Тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцууд, алдарт Вангог, Пикассогийн уран зургууд, үнэт эдлэлүүд, хэдэн тэрбум ам.доллар зэргээс гадна монгол орчуулагч эмэгтэйг хөнөөсөн хэрцгий аллага ч бас үүнд хамаатай.

Малайзын Ерөнхий сайдаар 2009-2018 оны хооронд ажиллаж байсан Нажиб Разактай холбогдох шүүх хурал хоёр сар хойшилсны эцэст өнөөдөр /2019.04.03/ эхэлж байна. Тэрбээр дээрх албан тушаалыг есөн жилийн турш хашихдаа төрийн өмчит хөрөнгө оруулалтын 1Malaysia Development Berhad /1MDB/  гэх компаниар дамжуулан өөрийн хувийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэж буруутгагдаад байгаа ба тус компани нь санхүүгийн буруу захиран зарцуулалтаас болж асар их хэмжээний өрөнд ороод буй юм.

Дэлхий дахинд “1MDB-ийн хэрэг” хэмээн нэрлэгдээд байгаа уг хэрэг нь тусгаар тогтносон Малайз улсыг хагас зуун жилийн турш удирдаж ирсэн эрх баригч намыг унагаах үндэс болсон. Энэ хэрэгт дэлхийн зургаан улсын эрх бүхий байгууллага холбоотой, тэр дундаа олон улсын хөрөнгө оруулалтын банк болох “Голдман Сакс” хүртэл холбогджээ. Тиймээс өнөөдөр дэлхий нийтийн анхаарал Малайзын дээд шүүх дээр төвлөрөх болно.

Нажиб Разак – 1MDB-ийн хэргийн гол дүр. Язгууртан гэр бүлээс гаралтай, Малайзын хоёр дахь Ерөнхий сайд Абдул Разакын ууган хүү. 2002 онд тус улсын Батлан хамгаалахын сайд байхдаа Франц улсаас 1,2 тэрбум ам.долларын шумбагч онгоц худалдан авах гэрээ байгуулж, 130 сая ам.доллар завшсан гэж үздэг. Малайз улс усан хил ихтэй, тиймээс хилээ хамгаалахад шумбагч онгоц маш чухал. Ингээд шумбагч онгоц худалдан авах үйл явц сунжирч, 2006 онд гэрээг хийсэн бөгөөд энэхүү гэрээнд Шаарийбуугийн Алтантуяа гэх монгол эмэгтэй орчуулагчаар ажилласан. Ш.Алтантуяа нь тухайн үед Нажибын шадар хүн Багинда гэгчтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэгддэг бөгөөд түүнд орчуулагчаар ажиллах санал тавьж, тэр ч зөвшөөрсөн байдаг.

Гэтэл гэрээ дууссаны дараа Ш.Алтантуяа гэнэт алга болсон ба хотын захын ойгоос бараг юу ч үгүй болтлоо дэлбэрсэн нэгэн эмэгтэйн цогцосны үлдэгдэл олдсон нь Ш.Алтантуяагийнх болох нь тогтоогджээ. Түүнийг ойд аваачин толгойд нь буудаж, биед нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг бэхлэн дэлбэлж хөнөөсөн байдаг. Энэ хэргийн гол захиалагч нь Нажибыг гэж сэжиглэдэг. Эмэгтэйг хөнөөсөн ажлыг гардан гүйцэтгэсэн этгээдүүд баригдаж, тэдэнд ялын дээд хэмжээ оноосон. Тэдгээр этгээдүүд нь Нажибын хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүс. Гэвч талийгаачийг хөнөөсөн этгээдүүд одоо болтол ялаа эдлээгүй яваа. Мөн Нажиб болон түүний хамтрагч Багинда нарын Ш.Алтантуяатай авахуулсан зургийг харсан хэмээн гэрчүүд мэдүүлсэн ч тэрбээр дээрх бүх зүйлийг үгүйсгэж, талийгаач эмэгтэйг огт хараагүй хэмээн мэдүүлсээр иржээ. Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын Засгийн газраас 24 сая ам.доллар нэхэмжилж байгаа ба шүүх хурал нь тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилсон билээ.

Үүний дараа 2009 онд Малайз улсын баялгийг хөрөнгө оруулалтын аргаар зохицуулах зорилго бүхий “1MDB” нэртэй төрийн өмчит компанийг үүсгэн байгуулсан. Уг компани нь 2015 онд 11 тэрбум ам.долларын өртэй гарснаар 1MDB-ийн хэргийг гүнзгийрүүлэн шалгах үндэс тавигдсан байна. Нажиб Разак нь төрийн эрхэнд байхдаа өөрийн бүх мөрөө цэвэрлэчихдэг байсан бөгөөд 2018 оны сонгуульд түүний нам ялагдсанаар энэ бүх бузар булай хэргүүд нь дахин сөхөгдөж эхэлсэн. Түүний хэд хэдэн орон сууцанд нэгжлэг хийхэд нийт 28 сая ам.долларын бэлэн мөнгө, их хэмжээний гоёл чимэглэл, үнэт эдлэлүүд олдсон байна. Нажибыг мөнгө угаасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига хээл хахууль өгч, авсан зэрэг нийт 42 зүйл заалтыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.

Розма Мансор – Тансаг чамин эдлэл цуглуулж, хэрэглэдгээрээ алдартай Нажиб Разадын эхнэр. Нөхөр нь эрх мэдлээ алдсаны дараа 67 настай Розма нь мөн л мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаад буй. 2018 онд гэрт нь хийсэн нэгжлэгээр цагдаа нар 500 гаруй үнэтэй гар цүнх, хэдэн зуун бугуйн цаг, 12 мянган ширхэг гоёл чимэглэлийн зүйлс зэргийг илрүүлсэн байна. Эдгээрийн нийт өртөг нь ойролцоогоор 273 сая ам.доллар болж байжээ.

Жо Лоу – Хятад гаралтай Малайзын санхүүч. 1MDB-ийн хэргийн бас нэг гол тоглогч. Хэдийгээр тус компанид албан тушаал хашдаггүй ч энэ хэрэгт маш чухал үүрэгтэй оролцсон нэгэн. Олон улсын нэр нөлөө бүхий холбоо сүлбээгээ ашиглан 1MDB компаниас гарган авсан мөнгөөрөө хээл хахууль өгч, үнэтэй урлагийн бүтээлүүд, тансаг орд харш, усан онгоц зэргийг худалдан авч, Холливудын оддыг санхүүжүүлдэг байсан гэж түүнийг буруутгадаг.

Тимоти Лэйсснер – Германы банкир. Дэлхийн хамгийн алдартай санхүүгийн байгууллага болох "Голдман Сакс"-ыг төлөөлж буй хүн. Тимоти Лэйсснерийн 2008 онд Малайз улсад хийсэн хэлэлцээр нь тус байгууллагад их хэмжээний орлого оруулж, тэрбээр "Голдман Сакс" байгууллагын бүс нутгийн салбарын дарга болтлоо дэвшсэн. "Голдман Сакс" байгууллага нь Нажибын 1MDB компанид гурван ч удаа бонд гаргаж өгсөн байдаг. Түүнд Жо Лоугийн оролцоо мөн л байсан ба Тимоти Лэйсснерийн үүрэг их байсан ажээ.

Холливудын одод – Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон “The Wolf of Wall Street” киног Нажибын эхнэр Розмагийн дагавар хүү Риза Азиз ивээн тэтгэсэн байна. Уг кино тухайн жилдээ буюу 2013 онд “Алтан бөмбөрбөг” шагнал авахад Ди Каприо ноён Жо Лоу болон Риза Азиз нарт талархаж буйгаа илэрхийлж байжээ. Жо Лоу түүнд Пикассогийн алдартай бүтээлийг хүртэл бэлэглэж байж. Үүгээр ч зогсохгүй Жо Лоу гэгч нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй супер модель Миранда Керр, зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон нартай зугаацаж, 1MDB компаниас гаргаж авсан мөнгөөрөө тэдэнд тансаг үнэт эдлэлүүд бэлэглэсэн байдаг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж