Үүлдрийн нохой золбин болсныг Монголд л харж болно

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Үүлдрийн нохой золбин болсныг Монголд л харж болно

Үүлдрийн нохой золбин болсныг Монголд л харж болно

Кинонд мөнхөрч, олон хүний сэтгэл зүрхийг шимшрүүлсэн домогт нохой Хачиког мэдэхгүй хүн байгүй биз ээ. Хэзээ ч эргэн ирэхгүй хайрт эзнээ 10 жил харуулдсан энэ нохой хүн төрөлхтний түүхэнд хамгийн үнэнч гэдгээрээ мөнхөрсөн.

Хачи эзнээ өдөр бүр Шибүя өртөөнөөс ажилд нь үдэж, орой 17.00 цагаас угтдаг байсныг дурдах нь илүүц биз. Акито үүлдрийн энэ нохой эзнээ тэр л өртөөн дээр харуулдсаар 1935 оны гуравдугаар сарын 8-нд нүд аньсан юм. Энэ түүхээс амьтан ч гэсэн зүрх сэтгэлтэй, амьдралынх нь утга учир зөвхөн эзэн нь байдаг гэдэг эргэлзээгүй.

Өнөө цагт Монголд яг л Хачи шиг хэчнээн нохой өөрийг нь хаясан эзнээ хүлээн энэ тэрүүгээр хэсүүчлэхдээ хүүхдүүдийн чулууны бай, томчуулын ад болдог бол. Эзэд нь хашаа байшингаа зарж, шинэ орон сууцанд амьдрах болсныг нохой, муур яаж ойлгох билээ. Нөгөө хэсэг нь орон сууцанд амьдардаг боловч хүүхдийнхээ тоглоом, эсвэл зугаа мэт бодож, эд зүйл шиг харьцаад хаядгийг сүүлийн хэдэн жил зөвхөн манайд үнэгүйдсэн үүлдрийн хаски, спаниел, голден ретривер зэрэг нохойноос харж болно.

Эдгээр амьтдын цөөн хэсэг нь шинэ эзэнтэй болдог бол үлдсэн нь дугуйны нөхөөс болж, бууны суманд өртөж байна. Хачикогоос ялгаатай нь тэднийг хэн ч хайхарч анзаардаггүйд л оршино.

Бид энэ удаад амьтан тэжээгчдийн хариуцлага болон золбин нохой, муурын тоо толгойг хэрхэн цөөлөх тухай сурвалжиллаа.

      

НЭГ НОХОЙ ЗУРГААН ЖИЛД 6700-67000 БОЛЖ ҮРЖИЖ БАЙНА

Улаанбаатарт өдөрт 250-300 нохой буудуулдаг. Нийслэлийн хот тохижилтын газраас өнгөрсөн жил 100 мянган нохой, муур устгахаар төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар нийт 97.070 нохойг агнажээ. Энэ тоон үзүүлэлтэд мэдээж, дээрх дурдсан үүлдрийн ноход багтаж буй.

Жил бүр нохой устгах буюу буудаж алах ажиллагаанд улс 800 саяас нэг тэрбум хүртэл төгрөг зарцуулдаг боловч хад мөргөсөнтэй адил үр дүнгүй байна. Утааг бууруулах үлгэр шиг хий дэмий мөнгө салхинд хийсч, устгалын ажил үр дүнгээ өгөхгүй байгаа нь нэг охин нохой зургаан жилд хамгийн багадаа 6700 болж үрждэгтэй холбоотой.

Охин нохойны ороо жилд хоёр удаа орж, хээлтдэг. Нэг удаагийн төрөлтөөр 6-12 гөлөг гаргадаг гэж тооцвол хоёр жилийн дотор 100, зургаан жилийн дотор 6700-67000 болж үржинэ гэж амьтны мэргэжилтнүүд хэлж байна. Харин 150 нохойд үржил хаах мэс засал буюу спэй хийснээр 2020 онд 75 мянга болж үржих байсан золбин нохдыг устгасантай дүйцэх аж.

         ЭЗЭНГҮЙ АМЬТДЫН ТОО ТОЛГОЙ ОЛШРОХОД ЭЗЭД НЬ БУРУУТАЙ

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мал эмнэлгийн газар болон бусад төрийн бус байгууллага, мал эмнэлгийн газруудтай хамтран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 4000 гаруй хашааны нохойд үржил хаах мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгчээ.

Энэ ажлыг нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлсэн байна. Гэр хороололд оршин суугчдын тухайд спэй заслагын талаар ойлголтгүй, энэ талаар мэдээлэлтэй байсан ч эдийн засгийн боломж нь хомс гээд олон шалтгаан байдгийг мал эмнэлгийн эмч нар хэлсэн юм.

Энэ төрлийн мэс засал мал эмнэлгүүдэд 80-250 мянган төгрөгийн үнэтэй. Нийслэлд тэжээвэр амьтны 10 гаруй эмнэлэг байдгаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг SOS эмнэлгийг зорилоо. Тус эмнэлэг нь тухайн амьтны үүлдэр, хүйс, жин буюу том жижгээс хамаарч нохойд 80-250 мянган төгрөгөөр үржил хаах мэс заслыг хийдэг бол мууранд харьцангуй хямд буюу 80-130 мянган төгрөгийн үнээр хийдэг байна.

Амьтны үржлийг хаах мэс засал хийх нь золбин нохой, муурын тоо толгой өсөхөөс хамгийн энэрэнгүй аргаар сэргийлж буй юм гэж SOS мал эмнэлгийн малын эмч Ж.Гэрэлтуяа хэллээ. Тэрбээр “Үржил хаах мэс засал хийлгэхээр өдөрт хоёр хүн хайртай амьтадтайгаа манай эмнэлгээр үйлчлүүлдэг. Тэжээвэр амьтандаа спэй заслага хийлгэх нь эзний үүрэг бас хариуцлага юм. Хамгийн гол нь үржил хаах мэс засал нь нийгмийн эрүүл мэндэд тустай.

Гэр хорооллын иргэд нохдоо спэй заслагад хамруулж чаддаггүйгээс гадна нохойгоо гөлөглүүлчихээд төөрүүлдэг. Нохой нь өвчин тусч турж үхэх, машинд дайруулах, эмчийн хяналтгүй учраас өвчин тараагч болох сөрөг нөлөөтэй. Энэ бол 100 хувь хариуцлагагүй эзний буруу. Тиймээс эзэнгүй золбин муур, нохдын тоо толгойг үржил хаах мэс заслаар хязгаарласнаар жилээс жилд өсөх тоо толгойг нь бууруулж байна гэж ойлгох хэрэгтэй.

Жил бүр хот тохижилтын газраас золбин муур, нохойг буудаж, устгалд оруулдаг ч үр дүнгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Нэг талаас буудаж устгаад байгаа мэт боловч нөгөө талд нэг нохой зургаан жилд 6700 болж үржинэ гэхээр тасралтгүй тойрог үүсчихээд байгаа юм.

Бид “Азтай савар” ТББ-тай хамтран хараа хяналтгүй ийм амьтдад хөнгөлөлттэй үнээр үржил хаах мэс заслыг хийж байгаа. Мөн бусад эмнэлэг ч адилхан. Тиймээс гудамж талбайд эзэнгүй муур, нохойтой таарвал тэднийг манай эмнэлгээс гадна бусад амьтны эмнэлгүүдэд хандаж, эмчлүүлэх боломжтой” гэлээ.

МОНГОЛ ХҮН ТЭЖЭЭЖ БАЙСАН НОХОЙГОО ХЭЗЭЭ Ч ХАЯДАГГҮЙ

Тус амьтны эмнэлэгт үржил хаах мэс засал хийлгэх, хурц хоол өгснөөс гэдсийг нь хямраасан зэрэг шалтгаанаар тэжээвэр амьтдаа дагуулан ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй аж. Тэдний царайнд хайртай амьтаддаа үнэхээр сэтгэл зовниж тэвдэн сандарсан байдал илрэх.

Нохой, муур нь ч бас хүүхэд шиг эзнийхээ энгэрт тэврүүлсээр үзлэгийн цаг болоход тусгай өрөөнд орж байв. Амьтны гэх содон үнэр, муур орилж нохой хуцах гээд дуу чимээг юутай ч зүйрлэхийн аргагүй мэт. Энэ үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн О.БАТ-ЭРДЭНЭ:

“Манайх герман хоньч нохой тэжээдэг. Монголд үүлдрийн нохойг үнэгүйдүүлж, цэвэр цусыг алдагдуулж байна. Цасны нохой хаскиг худалдаж авах ч шаардлага алга. Гудамжнаас олоод тэжээж болно шүү дээ. Энд тэнд зөндөө л гүйж явахтай таарч байна. Хүмүүс нохойг тэжээж арчилж чадахгүй болохоороо гудамжинд хаяж, төөрүүлэх хандлага түгээмэл. Дулаан гэрт, хүний гар хараад сурсан амьтан өвөл өлдөж осгохоос авахуулаад машинд дайруулах, буудуулах гээд маш өрөвдөлтэй.

Тиймээс амьтан тэжээх гэж байгаа бол санхүүгээ тооцоолж бодлоготой л хандах хэрэгтэй. Амьтан тэжээж чадахгүй бол зулзага байхад нь өхөөрдөж авах шаардлагагүй. Энэ бол маш том хариуцлага. Бас нохойг буудаж алсны оронд үржил хаах мэс засал хийлгэх шаардлагатай. Үүнийг би хамгийн зөв арга гэж боддог.

Иргэн Ө.БҮРЭНЗАЯА: 

-Эзэнгүй амьтдад үржил хаах мэс засал хийх нь хамгийн зөв арга. Ер нь амьтан тэжээж л байгаа бол спэй хийлгэх нь зүйтэй. Байгалийн жам ёс эсвэл нүгэл гэсэн ойлголттой атлаа нохой, муур нь зулзагалсан бол гудамжинд хаядаг. Хариуцлагаа хүлээж чаддаггүй. Үүнээс болж маш олон амьтан гудамжинд гарч байна. Би спаниел үүлдрийн нохойгоо гэхэд л гудамжнаас гөлөг байхад нь олж авсан. Нохойгоо эмчлүүлээд бас спэй хийлгэсэн. Ер нь нохойг худалдаж авах хэрэггүй, эзэнгүй амьтдыг авч тэжээх хэрэгтэй”

Иргэн Ш.НЯМАА: 

-Бид нохой тэжээж сураагүй. Саяхнаас монгол банхар тэжээж эхэлж байна. Гэтэл хоолонд нь анхаарал хандуулж чадалгүй, тос ихтэй хоол өгснөөс болж гэдэс ходоод нь хямарсан бололтой. Хүнээр бол хоолны хордлого өгсөн гэж ойлгосон. Үржил хаах мэс заслын талаар сайн мэдэхгүй ч манайх монгол банхар гэдэгт ач холбогдол өгч тэжээж байна. Энэ нохой устаж үгүй болж байгаа учраас бага зэрэг ч гэсэн үржүүлж, ойр дотнын хүмүүстээ өгөх бодол бий.

Монгол хүн тэжээж байгаа нохойгоо төөрүүлж хаях муу л гэдэг. Тиймээс манайх нохойгоо охин гөлөг байсан ч төөрүүлж хаяхгүй. Хүмүүс ч бас охин гээд тэжээж байсан нохойгоо төөрүүлдэггүй байгаасай.

ОРОН СУУЦАНД ОРОХООР БОЛ ХАШААНЫХАА НОХОЙГ УНТУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Фэйсбүүкт 75 мянга орчим гишүүнтэй “Азтай савар” ТББ-ын залуус төөрч гудамжинд гарсан амьтдын эздийг тогтоож өгдгөөс гадна эзэнгүй амьтдад аз жаргал бэлэглэж эзэнтэй болгодгоороо бусдын талархлыг хүлээсэн. Залуусын дэмжих дуртай энэ байгууллагын цахим бүлгээр дамжуулан өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд 1000 орчим нохой, муур эзэнтэй болжээ. Тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Зориглонтой цөөн хором ярилцав.

-Танай төрийн бус байгууллага эзэнгүй амьтдад эзэн олж өгдөг. Гэтэл эзэн нь гудамжинд хаячихыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдол гарч байсан уу. Тухайн амьтныг эзэнтэй болгоход хэр их цаг хугацаа зарцуулдаг вэ?

-Бид анх эрлийз муур, нохдыг  аврах, үржил хаах мэс засалд хамруулах зорилготой байгуулагдсан. Эзэн нь амьтдаа гудамжинд гаргасан тохиолдол нэг бус удаа гардаг. Машинд дайруулж, хүнд гэмтсэн нохой байлаа гэхэд эмчлэхэд хүмүүс боломжоороо хандив өгдөг. Эдгэрч тэнхрэх нь ч хурдан. Хамгийн гол нь эзэн олох их хэцүү. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр нохой, муур тэжээх, зарах зах зээл нь ханасан гэсэн үг.

Нохойг талх шиг өдөр бүр худалдан авахгүй нь ойлгомжтой. Ойролцоогоор 10-15 жилд нэг удаа нохой худалдан авдаг. Урт хугацаан дахь ийм худалдан авалт байхад хэт их нохой, муур үржүүлж, эргээд гудамжид гаргахаас өөр сонголт алга.

-Эзэнгүй амьтдыг буудаж устгалд оруулахаас илүү үржил хаах мэс заслын аргаар тоо толгойг нь бууруулах боломжтой гэж танай байгууллага үздэг. Спей хийх замаар тэнэмэл амьтдаас ангижрах, эсвэл жил бүр буудах хоёрын ялгааг тайлбарлахгүй юу?

-Нэг нохойг буудахаас илүү нэг нохойнд спэй хийх нь илүү чухал. Ингэснээр нэг жилд 15 нохой төрөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм. Бид амьтны мал эмнэлгүүдтэй хамтран 2014 оноос хойш 870 орчим хашааны нохойг спэйд хамруулах арга хэмжээ авсан. Бид байгууллагаасаа мөнгө цуглуулж, бас гишүүдийн хандивласан мөнгийг мэс засалд зарцуулдаг. Энд нэг зүйл тодруулахад 2016 онд сонгогдсон нийслэлийн удирдлагууд золбин амьтдад үржил хаах мэс ажилбар хийх хөтөлбөрийг маш сайн дэмжиж эхлүүлсэн.

Өмнөхтэй харьцуулахад гудамжны нохойны тоо толгой багассаныг анзаарсан болов уу. Үүнээс гадна нохой устгалын ажилд жил бүр тэрбум гаруй төгрөг зарцуулдаг. Энэ мөнгийг амьтны үржлийг хаах мэс засалд зарцуулах нь илүү үр дүнтэй байх болно.

Түүнчлэн үүлдрийн нохойтой хүмүүс /спаниел, хаски, голден ретревэр/ замбараагүй үржүүлэг хийж байна. Үр дүнд нь эрэлтээ давсан нийлүүлэлт байхад үнэ нь буурдаг зах зээлийн хуулиар эдгээр үүлдрийн ноход үнэгүй болж, гудамжинд гарч байна. Гадны орнуудад золбин нохой байдаггүй нь үржил хаах мэс заслыг бодлогоор дэмждэгтэй холбоотой. Нохой үржүүлэх хүмүүс нь маш өндөр татвар төлж, олон жилийн судалгааны үр дүнд явуулдаг. Монголд хувь хүмүүс хоорондоо ярьж тохироод л нохдыг нийлүүлдэг. Нохой, муурыг ялгаагүй маш үнэтэй зарах ёстой. Мэргэжлийн үржүүлэгчид тусдаа байх шаардлага байна. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хэсэг залуусаас болж үүлдрийн нохой гудамжинд гарч эхэлсэн. Амьтныг гэр бүлийн гишүүн гэж хардаггүй. Монгол Улсад нохойны зах зээл ханасан. Хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус өөр ажил олж хийх хэрэгтэй.

-Амьтан тэжээдэг хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд цаашид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Миний бодлоор амьтан тэжээдэг бол татвар авах нь зүйтэй. Амьтан үржүүлдэг бол татвараа төл. Өнөөдөр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залхуу хүмүүс нохой, муур үржүүлээд зарж амьдрах санаатай байна. Тэдний уршгаар үүлдрийн муур, нохойны үнэ цэн улам буурч үнэгүйдэж байна. Ангор, сиамийн муур хэдхэн жилийн өмнө их үнэтэй, ховор байсан. Одоо хувь хүмүүс 50 мянган төгрөгөөр л зарж байна шүү дээ. Тун удахгүй гудамж талбайгаар дүүрэн үүлдрийн ноход явдаг болно. Аймгуудын төвөөр очиход гудамжинд нь гоё үнэтэй үүлдрийн ноход тэнэмэл эзэнгүй золбин болчихсон байдаг. Энэ нь хүмүүсийн хариуцлагын асуудалтай холбоотой. Нохой худалдан авчхаад тэжээж чадахгүй болохоороо хөдөө явуулдаг гэх мэт асуудал олон бий. Тун удахгүй гудамжаар дүүрэн үүлдрийн ноходтой тааралдах байх. Үүнийг хуулийн зохицуулалтаар л шийдэх байх.

-Тэнэмэл амьтдын тоо толгой олширч буй нь эздийн хариуцлагагүй байдалтай холбоотой байх. Тэжээж байсан амьтнаа гудамжинд гаргах тохиолдол түгээмэл байх шиг?

-Амьтантай өссөн хүүхэд сайн хүн болно гэж ярьдаг нь үнэн боловч дийлэнх хүмүүс зуны гурван сар л хүүхдэдээ хань болгож, тоглуулж байгаад хаяж байна. Хавар нь нохой худалдан аваад л намар болж хичээл, сургууль эхлэхэд айлд өгдөг. Энэ нь нохой хэтэрхий хямд байгаагийн л үр дагавар юм. Хэрэв нохой сая төгрөг байсан бол гудамжинд гаргаж хаяж, айлд үнэгүй өгч чадахгүй. Дор хаяж 10-15 жил тэжээнэ. Амьтан тэжээхийг хариуцлага гэж харахгүйгээр хашаанд нэг нохойг метр хүрэхгүй уяатай 10 жил амьдардаг мэт л ойлголттой байна. Энэ бол их өрөвдмөөр л дөө. Орон сууцанд орохдоо нохойгоо зүгээр л хаячихдаг айл зөндөө байна. Тэр хүмүүст хатуухнаар хэлэхэд амьтныг эзэнгүй хаяж зовоохоор нүүхээсээ өмнө унтуулсан нь л дээр. Хашаагаа манаад аз жаргалтай байсан нохой эзнээ хайгаад хүлээж, энд тэнд адлуулж, өлдөж зовоод их хэцүү л дээ.

-Нэгэн компани идээний дээж ааруулыг тэжээвэр амьтдын амны зугаа хэмээн экспортод гаргаж буй асуудал олон нийтийг талцуулсан. Нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь хатуу шүүмжилсэн. Гадны орнуудад тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн шигээ үздэг. Үүнийг та хэр зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Ааруулыг тэжээвэр амьтны амны зугаа болгож олон улсад гаргасанд  баяртай байна. Монголын нэг ч гэсэн бүтээгдэхүүн импортод гарч, танигдаж байхад буруу зүйл байхгүй. Үүнийг би дэмжиж байгаа.

Амьтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд золбин муур нохой устгах мөнгийг үржүүлэг хаах мэс ажилбарт зарцуулж, эздийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд татвар ногдуулах саналыг дэвшүүлж байна.

Амьтны дэлгүүрүүд ч бас нохой, муур худалдан авахаас өмнө бодлоготой хандаж санхүүгээ тооцоолохыг хүслээ. Зарим дэлгүүрийн хувьд тухайн амьтны үүлдэр, гарлын тухай гэрчилгээтэй өгдөг тул эрлийз амьтад зардаггүй болохыг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж