УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
–Ээлжит бус чуулганаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д оруулж ирсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн. Тус хуулийн төслүүдийг дэмжээгүй 10 гишүүний нэг нь та. Яагаад уг хуулийн төслийг дэмжээгүй вэ?
-Үндсэн хуулиар зохицуулагддаг засаг төрийн эрх барих хүчний хуваарилалтын тэнцвэртэй байдал энэ цаг үед хамгийн чухал байна. Үндсэн хууль болон ардчиллын зарчмаас ухарсан, засаглалын тэнцвэртэй байдлыг алдагдуулах эрсдэлтэй хуулийн төсөл оруулж ирсэн учраас миний хувьд дэмжээгүй. Хууль хяналтын байгууллага, шүүх засаглалын байгууллагуудад өнөөдөр алдаа дутагдал, асуудал байгаа гэдэгтэй би санал нийлж байгаа. Ялангуяа хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүж, хүний эрхэд хүнлэг бусаар хандсан асуудлыг таслан зогсоож, алдаа гаргасан хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй. Гэвч системийг бүхэлд нь сулруулах шийдвэр гаргасан нь буруу. Өнгөрсөн 30 жил ардчилсан нийгмийг бүтээхэд алдаа, оноо байсныг үгүйсгэхгүй ч энэ бүхэн амар хялбар олдоогүй нь мэдээж. Үүнээсээ ухарсан шийдвэр гаргасан гэж миний хувьд дүгнэж байгаа.
-Хуулийг хэрэгжүүлснээр үүдэн гарах сөрөг үр дагаврыг та хэрхэн харж байна вэ?
-Шүүх, прокурор болон бусад хууль хяналтын байгууллагуудыг улстөрчид бие биеэсээ өшөө авах хэрэгслээ болгож ашиглах вий дээ гэдэгт би хамгийн их санаа зовинож байна. Олон нийт шүүх засаглал, төрд итгэх итгэл сайнгүй байгаа энэ үед үлдсэн тэр жаахан итгэл нь байхгүй болохыг үгүйсгэхгүй. Ер нь төрийн эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулснаар өмнөхөөсөө ч илүү алдана гэж бодож байна.
-Хаврын чуулганы эхэнд шүүх, АТГ, прокурорын байгууллагын удирдлагуудыг солино. Ингэснээр хууль хяналтын байгууллагуудад бий болсон алдаа завхрал арилна гэж олон нийт ихэд хүлээлт тавьж байх шиг байна?
-Аливаа асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдэх ёстой. Дээрх томилгоонуудыг хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэх үед нь би байр сууриа тодорхой илэрхийлнэ. Нөгөө талаас удирдлагыг нь сольсноор шүүх, хяналтын байгууллагын алдаа завхрал үгүй болно гэж бодохгүй байна. Дээр хэлсэнчлэн удирдлагуудыг л солих гэхээсээ илүү алдаа гаргасан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь хамгийн зөв шийдэл. Хууль нь ч бий.
-Нэр бүхий хуульчдын зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмжийн дагуу АТГ, прокурорын удирдлага болон Ерөнхий шүүгч нарыг чөлөөлөх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, уг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ илэрхийлсэн. Цэц хүлээж авах болов уу?
-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл нь засаглалын тэнцвэртэй байдлыг алдагдуулж, Үндсэн хуулийн зарчмуудыг зөрчсөн гэж байр сууриа илэрхийлж байгаа хуульчдыг би дэмжиж байгаа. Ээлжит бус чуулганыг хуралдуулсан зорилго нь бараг дээрх хуулийн төслүүдийг батлуулахад байсан байх. Тэр утгаараа шахаж, хууль тогтоох байгууллагаар ийм шийдвэр гаргууллаа.
-2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентаас ард түмэн арай өөр өнгө төрх хүлээж байсан. Харамсалтай нь урьдынхаасаа ялгарах юм алга. Хаалгаа хааж байгаад л тэрүүхэн тэндээ тохиролцоод, хэн нэгэнд зориулсан хууль гаргадаг нь хэвээрээ байна?
-Тийм ээ. Зөвхөн хүнд зориулж хууль баталдаг буруу жишиг тогтож байна. Сүүлдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хууль санаачилдаг болох нь. Уг нь ҮАБЗ бол өөрийн гэсэн үйл ажиллагааны тогтсон зарчимтай, үндэсний язгуур эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхүйц дайн байлдааны шинж чанартай, байгалийн гамшиг зэрэг тодорхой хүчин зүйлүүд тулгарсан тохиолдолд ҮАБЗ хуралдаж, УИХ, Засгийн газар зэрэг тодорхой байгууллагуудад зөвлөмж хүргэх үүрэгтэй. Гэтэл ҮАБЗ-ийг засаглалын институц хэлбэрт оруулж, засаглалын эрх мэдлийн хуваарилалтын зарчмаас гажсан шийдвэрийг гишүүдийн олонх гаргалаа.
-Төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулж шүүхээс 20-25 жилийн ял оноосон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хууль бусаар эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн. Та ч гэсэн тус бичлэгийг үзсэн байх, юу бодогдов?
-Тухайн бичлэгийг би үзээгүй. Үзсэн хүмүүсээс нь сонссон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хүнлэг бусаар харьцсан энэ алдаа завхралыг зайлшгүй арилгах ёстой. Зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар хязгаарлагдахгүй, тэднээс гадна олон хүний эрх зөрчигдсөн асуудал цөөнгүй гэж бий харж байгаа. Хүний эрхийн хэм хэмжээг зөрчихгүйгээр хуулийг сахиулах явдал чухал гэдгийг энэ үйл явдал харууллаа. Тухайн бичлэгийг хэзээ, ямар зорилгоор хийв, яагаад одоо гаргаж ирэв, тэдний хохирлыг яаж барагдуулах вэ зэрэг олон асуулт өнөөдөр хариултгүй үлдэж байна.
-Дахин ийм хэрэг гаргахгүйн тулд тус бичлэгийг олон нийтэд үзүүлэх нь зүйтэй гэж зарим гишүүн хэлж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Хуулийн хүрээнд үзүүлэх боломжтой бол олон нийтэд нээлттэй байлгах нь зөв. Аливаа зүйл ил тод байж асуудал шийдэгддэг. Бичлэгийг үзэх эсэх нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт шүү дээ.
-Нөгөө талаар бичлэгийг олон нийтэд үзүүлбэл Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд унана гэдгээс сэрэмжилж буй. Гэвч хүний эрх зөрчигдөж байгаа нь үүнээс илүү ноцтой асуудал биш гэж үү?
-Гадаад орчинд Монголын нэр хүнд унахаас сэргийлж асуудлыг нуун дарагдуулах нь зарчимд нийцэхгүй. Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд хэдийн унасан.
-Иргэдийнхээ итгэл хүлээлт дээр бүрэлдсэн ч парламентын өнөөгийн чадамжид итгэх ард түмний итгэл улам суларч байна. УИХ-ын зарим гишүүд хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч намынхандаа ил цагаан анхааруулдаг. УИХ-ын нэр хүнд унасан энэ үед хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Өөрийн тань хэлсэнтэй би санал нийлж байна. УИХ-ын өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдээс харахад энэ парламент юу ч хийж мэдэхээр ийм л байдал үүсчихлээ. Тиймээс парламентын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээгүй нь дээр. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн сегмент бүрээр өргөн хүрээнд хэлэлцүүлсэн зэрэг хуулийн төслийн хүрээнд хийсэн ажил их байгаа ч харамсалтай нь үр дүнгээ өгөхгүй л болов уу. Эцсийн дүндээ энэ парламент хэлэлцээгүй нь дээр л гэж би хэлнэ. Ямар ч шийдвэр гаргаж мэдэхээр аюултай нөхцөл байдал үүсчихсэн юм уу даа л гэж бодож байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд нэмж асуухад, та УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр түүний боловсролд итгэхгүй байгаагаа хэлсэн нь ямар учиртай юм бэ?
-ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ олон их, дээд сургууль төгссөн гэх атлаа маш чухал ажил хийж байхдаа хоёр, гурван Их, дээд сургууль зэрэг төгссөн байгаа юм. Тэдгээр сургуулийнхаа ялангуяа Монголын их, дээд сургуулиудыг төгссөн диплом болон дүнгийн хавсралтаа олон нийтэд ил гаргаж, тэр бүхнээ батлах ёстой. Мэдэхгүй мэдлэгээрээ олон нийтийг хууран мэхлэх нь сайн зүйл юм уу. Би энэ талаас нь тухайн үед хэлсэн.
Холбоотой мэдээ