Ц.Сүхбаатар: Монголыг ШХАБ-д элсүүлэх мөнхийн хүсэл 2 хөршид байсан

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Ц.Сүхбаатар: Монголыг ШХАБ-д элсүүлэх мөнхийн хүсэл 2 хөршид байсан

Ц.Сүхбаатар: Монголыг ШХАБ-д элсүүлэх мөнхийн хүсэл 2 хөршид байсан

Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон гэсэн мессежийг эрх баригчдын зүгээс болон Ерөнхийлөгчийн зүгээс өгөх болсон. УИХ-ын зарим гишүүд ч үүнийг дэмжиж байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатартай ШХАБ-ын асуудлаар цөөн хором ярилцлаа.


Та БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан. Ер нь ШХАБ-ын асуудал яагаад гэнэт гараад ирэв. Өмнө нь ШХАБ-д элсэх шахалт ирж байсан юм уу?

-ШХАБ бол бүсийн байгууллага. Энэ байгууллагыг Монгол Улс эсэргүүцээгүй, бас дэмжээгүй ч ажиглагчийн статустай байгаа. Үүнээс цааш бид явж чадахгүй. 1990 оны ардчиллаар олж авсан нэг том ололт бол бүрэн бие даасан улс болсон. Гэхдээ түүнээс өмнө нь хил хязгаар, засаг захиргаатай, соёл, боловсролын системтэй тусгаар улс байсан ч бие дааж асуудлаа шийдэж чаддаггүй байсан. Бүх асуудалд, томилгоонд оросууд оролцдог байсан. Түүнийг бид 1990 оны ардчиллын хувьсгалаар олж авсан. Хэрэв Монголын бие даасан байдлыг багасгах сонирхол хоёр хөршид л бий. Энэ хоёрын нөлөөнд орохгүйн тулд бид гуравдагч хөршийн бодлогыг баримтлах ёстой. Тэр дотроо барууны өндөр хөгжилтэй орнууд байсан цагт бид бие даасан байдлаа хадгалах боломжтой. Аливаа олон улсын байгууллагад нэгдэнэ гэдэг чинь тодорхой үүрэг хүлээж, шийдвэр гаргах шаардлага бий болно.

-ШХАБ-д элсэхгүй бол яах вэ?

-Одооноос л үр дүн нь мэдрэгдээд эхэлж байна. Зүүн Европоос бараа, бүтээгдэхүүн оруулж ирэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Оросууд хаалт хийгээд эхэлсэн. Бид барууны өндөр хөгжилтэй орнуудтай харилцаагаа сайжруулах гэхээр ОХУ барууны орнуудтай муудалцсан, хоригт орсон байгаа гэх мэт олон эрсдэлд орно. Зарчмын хувьд бид ШХАБ-д элсч болохгүй.

-Таныг Элчин сайдаар ажиллаж байхад БНХАУ-ын талаас ШХАБ-д элсэх шахалт хэр ирж байсан юм бэ?

-Тэр асуудлыг одоо яриад хэрэггүй. Ер нь бол хоёр хөрш Монголын ШХАБ-д гишүүнээр элсэхийг шууд хэлэхгүй ч тойруугаар илэрхийлдэг. Ер нь бол орох нь зүйтэй, орох ёстой гэдэг. Бид бол маш эелдгээр ажиглагчийн хувьд хамтран ажиллахад бэлэн байна, үүнээс цааш явж чадахгүй гэдэг байр суурин дээрээ байсан, цаашид ч байх ёстой. Бидний одоогийн ажиглагчийн байр суурь л хангалттай. Заавал бусад орны удирдлагын өмнө нэр хүнд олох, тэдэнтэй ойртохыг санаархаад байгаа юм уу сайн ойлгохгүй байна.

-Яг энэ өдрүүдэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан айлчлал хийж буй. Энэ хүрээнд ШХАБ-д элсэх асуудлыг ч ярьж буй гэх мэдээлэл байгаад байна?

-Энэ бол ихэд алсын хараагүй алхам гэж харж байна. Мэдээж эцсийн шийдвэрийг эрх барьж байгаа нам гаргана. Үүний үр дүнг хойч үе маань хүртэнэ. Монгол Улсыг барууны өндөр хөгжилтэй орнууд шиг амьдрал  нь баталгаатай, айх аюулгүй, улс төрийн нөлөөллөөс  хамааралгүйгээр амьдардаг чөлөөтэй орон болох ёстой. Тэдэнтэй бид аль болох ойр байх ёстой. Хамгийн эхлээд л барууны орнуудад тэтгэлгээр боловсрол эзэмших асуудал хаагдана. Алсдаа ирээдүй, залуу үед маш хүнд тусах шийдвэр. Ер нь бол ШХАБ бол улс төрийн агуулга, сонирхлоор нэгдсэн улсуудын нэгдэл. Манай улс эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанд оролцоод л явахаас түүнээс цааш оролцохгүй байхыг л чухалчлах ёстой. Хоёр хөрш маань мөнхийн сайхан ааштай байх уу, цаашид ямар асуудал үүсэх, хэнийх нь нөлөөнд орох уу  гэх мэт үл мэдэгдэх нөхцөл байдлаас аль болох ангид байх хэрэгтэй. Хамгийн чухал нь бид хоёр хөрш муудалцсан ч бид алинтай нь нийлэхгүй, гуравдагч хөрштэй сайн байна гэсэн тодорхой чиг барих нь зөв.

-Хоёр том хөрштэй ч гуравдагч хүчний бодлогыг бид баримталж ирсэн. Гэхдээ цаашид гуравдагч хөршийн бодлогоо өргөжүүлэх, хүрээгээ тэлэх ямар боломжууд байна вэ?

-ШХАБ-ын орнуудаас ганц ялгаруулж байгаа зүйл бол гуравдагч хөршийн бодлого. Үүний хүчинд хоёр хөршөөс гадна бусад улс оронтой харилцаатай байдаг гэж бусад орон Монголд ирж хамтарч ажиллахыг хичээдэг. Энэ бол тогтсон маш сайн жишиг. Хэрэв үүнийгээ хумьсан бодлого явуулж, хөрөнгө оруулагчдаа хөөж, хоёр хөршийн  хөрөнгө оруулалт татна гээд эхэлбэл юун гуравдагч хөршийн бодлого болоод л явна.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд ардчиллаас ухарсан үйлдлүүд гарах боллоо гэдгийг хэлэх хүмүүс олон байна, ялангуяа УИХ-ын баталсан хууль. Яг ийм хүч түрсэн байдлаар ШХАБ-ын асуудал шийдэгдчих вий гэсэн болгоомжлол байна?

-Бид өнөөдөр том сонголтын өмнө байна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн ардчилсан замаараа явах уу эсвэл дарангуйлал руу орох уу гэдэг сонголтын өмнө ирсэн байна. Эргэн тойрон дахь улс орны нөлөөгөөр нэг хүний дарангуйлал явах эрсдэл үүсээд байгааг бид ардчилалд аюул учирлаа гэж харж байгаа. Бидэнд өнөөдөр бодитой аюул учраад байна. ШХАБ-ын орнуудын эгнээнд оруулахыг шахах, шүүхийн бие даасан, хараат байдалд нөлөөлж ардчиллын багана, тулгуурыг нэг нэгээр нь унагааж байна. Тиймээс бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний зорьсон, биелсэн зорилтуудаа дүгнэж, цаашид ямар замаар явах вэ гэдгээ тодорхойлох сонголтын өмнө байна. Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд явж ирсэн ардчиллын замаар явахаар бол ардчиллаа шинэ шатанд гаргах ёстой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж