Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хорих байранд хоригдож байгаа хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд үзүүлсэн. Ингэхдээ энэ хэрэг зөвхөн С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр гарсан мэтээр олон нийтэд ойлголт төрүүлээд буй. Түүнээс гадна энэ эрүүдэн шүүж буй үзэгдлийг хуулийн байгууллагын удирдлагыг зохион байгуулсан гэж Ц.Нямдорж сайд хэлсэн. Ялангуяа прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг гардан гүйцэтгэсэн гэсэн юм. Мөн энэ хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж биш, прокурорын байгууллага мэдэж, хэрэг үүсгээд шалгаж байгаа гэдгийг ч хэлж буй. Бид энэ удаагийн VS буландаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын байр суурийг онцолж байна.
Ц.Нямдорж:
Хууль зүй, дотоод хэргийн сайд
-Ном журмаараа ажиллаж байгаа хорих байрууд бүгд хяналтын камертай. Ийм зүй бус зүйл гаргуулахгүйн тулд камерын хяналтад оруулж, хянагчид үүдэнд хараад сууж байдаг болсон. Одоо шинэ хорих байргүй аймаг бараг байхгүй. Шорон ч гэсэн стандарттай байх ёстой. Ялтнуудыг шоронгийн стандартад нийцсэн байранд байлгахын тулд бичлэг дээр гарч байгаа пудволын байрыг 2000 оноос хойш ашиглахаа больчихсон. Харин бичлэг дээр гарч байгаа пудволын өрөөг эрүүдэн шүүлтэд зориулж тусгайлан бэлдчихсэн өрөө гэсэн үг. Ингээд тагнуулын төхөөрөмж суулгасан. Энэ ажлыг ТЕГ-т ахлах дэслэгч цолтой байснаа гэнэт ШШГГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дар болж, дэд хурандаа болсон хүн зохион байгуулсан. Сая тэр хүнийг хорих тухай асуудал ярихад прокурорынхон хамгаалаад сулласан. Ер нь энэ хэргийг ил болгохгүй байх, нууцлах ажлыг 4-5 прокурор хийж байгаа. Тэдний тоонд хотын прокурор Баярмагнай гэдэг хүн орно. Энэ бүх ажиллагааг УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн гардан удирдсан. Гүйцэтгэх ажил, хянах, мөрдөх, шүүхээр яллах гэсэн дөрвөн төрлийн ажлыг нэг хүн хийсэн. Тийм зүйл байж болохгүйг хуульчлаад өгчихсөн байхад ингэж аягласан
Г.Эрдэнэбат:
Улсын ерөнхий прокурорын орлогч асан
-Энэ баримт уг нь сайд олж авах бололцоогүй зүйл. Мөрдөж байгаа эцэслэн тогтоогоогүй мөрдөн шалгах ажиллагааны нууцын материал. 2002 оноос 2017 онд үйлчилж байсан хуулийн хүрээнд бид ажилласан. Гүйцэтгэх ажилд прокурор оролцох боломжгүй. Яагаад гэвэл тодорхой хэсэг нь төрийн нууц. Нууц гүйцэтгэх ажилтан, туслах ажилтан, туслахаар ажилладаг хүмүүсээ тусгай албад дээд зэргээр нууцлахыг хичээнэ. Тэд чинь цөөхөн хүнийг, тодорхой хүрээнд гүйцэтгэх ажилдаа ашигладаг. Монгол хэдүүлээ билээ. Ингэж явж байтал 2017 оны шинэ хуулиар гүйцэтгэх ажил үзэх прокурорын эрх нэмэгдээд ирсэн. Ингээд 2018 оны 12 сард энэ асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Хүч хэрэглэж хүн шалгасан асуудал байж болзошгүй гэж. Шалгалтыг хийсэн. Ингэж Ц.Нямдорж сайдын гаргаад байгаа бичлэг илэрсэн юм. Сайдын илрүүлсэн зүйл биш, хуулийн байгууллага илрүүлээд мөрдөөд явж байгаа зүйл. Тэгээд тагнуулын газраас та нар тэр нууц гээд байгаа зүйлийнхээ бичлэгийг үзүүл ээ гэсэн. Хоёр байгууллага нь шалгаад хууль зөрчсөн зүйл байна гэж үзсэн. Тэгээд энэ хүмүүсийг яллагдагчаар татъя гээд гүйцэтгэх үйл ажил явуулж байсан тусгай албаны хоёр ажилтныг яллагдагчаар татаад цагдан хорьсон. (энэ маш нарийн улсын нууцууд яваад байгааг би яриад байна) Ингээд шалгалт хийж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байтал тэр баримтыг нь улстөрч хүн, хаанаас олж авсан нь бүү мэд, олж аваад өөрөө хуулиа зөрчөөд, улс төрийн тоглолт болгочихлоо.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ