Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сэдэвт эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх сарын аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд хуурайшилтын улирал эхэлсэн энэ үед ой хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээлэл өгч, аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ард иргэд гал түймэр гарч байгаа шалтгаан нөхцөл, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар асууж тодруулан мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан юм. Чингэлтэй дүүрэг гэр хорооллын айл өрх ихтэй. Тэр хэрээр айл өрхүүд хашаандаа үнс нурмаа ил асгах, шар өвсөө шатаах зэргээр гал алддагийн улмаас нийт дуудлагын ихэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг байна.
Тус өдөрлөгөөр ахуйн гал түймэрээс урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн 1000 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тарааж 500 гаруй иргэнд заавар зөвлөгөө өглөө гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ