-Түймрийн голомт байгаа газруудад үүл буудах ажиллагааг ашиглаж байна –
Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээгээр Хэнтий, Дорнод, Хөвсгөл Увс аймгийн нутаг түймэртэй байна. Эндээс Дорнод аймгийн Баян-Уул суманд хоёр долоо хоногийн турш асч байсан түймрийг өнөөдөр бүрэн цурманд оруулжээ. Одоогийн байдлаар тус сумын нутаг дахь Ар дархинтаас Цагаан дэв хүртэлх газарт Онцгой байдлын 4 бүлэг албан хаагчид түймрийн цурмыг манаж байгаа юм. Мөн өчигдөр Дашбалбар сумын Дэлгэр нуур гэдэг газар цурамнаас гал алдаж, Чулуунхороот сум руу орсныг оройд нь цурманд оруулсан байна.
Ойрын өдрүүд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүхэн байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Харин цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхан үйл ажиллагаагаа идэвхижүүлээд байна. Тиймээс Төв болон Хэнтий аймгийн зарим сумдуудад үүл буудах экспедиц ажиллаж байгаа аж. Түймрийн голомт байгаа газруудад үүл угтаж буудах бэлтгэлийг хийснээр Төв, Хэнтий аймгийн түймрийн гол байгаа газруудад бороо ороод байна.
Түймрийн гамшиг хамгийн ихээр нүүрлээд буй Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул сумын нутагт 2-3 экспедиц очоод үүл хүлээж байгаа аж. Тэдний тооцож буйгаар өнөө шөнөдөө дээрх нутаг дэвсгэрт үүлэнд нөлөөлөх бололцоотой юм байна.
Маргааш буюу тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Ч.БОЛ