Монгол Улсад фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч, бусдад түгээж байна. Энэ хэрээрээ олон нийтэд худал, ташаа мэдээлэл хүрч байгаа гэхэд буруудахгүй. Баримт нотолгоогүй буюу сураг төдий мэдээллийг цахим орчноор дамжуулан бусдад түгээснээр эхний өдөр хоёр хүнд, түүний маргааш ахиад хоёр хүнд хүрэх байдлаар 14 хоногт 8000-аас багагүй хүнд хүрэх магадлалтай гэж үздэг ажээ. Зарим судлаачийн тооцоолсноор хэдэн өдөр, хэр олон хүнд нэг зэрэг хүрснээс хамааран баримт, нотолгоогүй мэдээлэл тэр хэмжээгээрээ хүмүүсийн анхааралд өртдөг гэв. Энэ нь хэн нэгний нягталж шалгаагүй, худал мэдээлэл буюу “хов жив”, “цуу яриа”, “троллинг” олон нийтэд хүрч болохыг харуулж байгаа юм.
Интернет троллинг гэдэг нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж, уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлдэг байна. Сүүлийн үед троллингийг улс төрийн хүрээнд ихээр хэрэглэх болжээ.
Ингэхдээ цахим орчинд нийтлэл, хэлэлцүүлэгтэй холбоогүй зүйлийг бичих, санаатайгаар хэн нэгнийг өдөөн хатгах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд ашиглах болжээ. Энэ нь цаашлаад нийгэмд хавтгайрсан үл итгэлцлийг бий болгож, үнэн худлын ялгаа арилж, бодит мэдлэг, мэдээлэлгүй, хаашаа нь ч жолоодож болох их массыг бий болгох эрсдэл дагуулдаг байна.
Дээрх асуудлын хүрээнд өнөөдөр /2019.04.02/ Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/, Цагдаагийн ерөнхий газар, Фэйсбүүк групп хамтран “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ -2019” форумыг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны /ЦБТХ/ дарга Н.Учралтай цөөн хором ярилцлаа.
ХУРУУ НЬ ТАРХИНААСАА ТҮРҮҮЛЖ ХЭН НЭГНИЙГ ШҮҮМЖИЛЖ БИЧДЭГ НИЙГЭМ БОЛЧХООД БАЙНА
–Цахим орчинд баримт нотолгоогүйгээр хүний нэр төрд халддаг асуудал их гарч байна. Энэ асуудалд ЦБТХ –оос ямар бодлого барьж байна вэ?
-Цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах, техник технологийн хувьд шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад байгууллагуудын үүрэг оролцоог илүү нэмэгдүүлэх нь маш чухал байна. Цахим орчинд хэн нэгний нэр төрд халдаж гүтгэвэл Эрүүгийн хууль болон Мэдээллийн аюулгүй байдлын хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа. Гэхдээ гаднын улс орны жишгийг харахад хуулиар шийтгэхээс илүүтэй нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг бий болгох эерэг хандлагуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм байна. Тухайлбал, хүүхэд болон эцэг эхчүүдэд цахим орчны талаар боловсрол олгон зөв хандлагыг бий болгож байна. Сүүлийн нэг жилийн дотор цахим гэмт хэргийн гаралт нэг дахин өссөн тоон үзүүлэлтэй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамгийн их нөлөө үзүүлэх зүйл бол цахим орчин. Харин нөгөө талаасаа хамгийн худал ташаа мэдээлэл тархах боломжтой.
Цахим сүлжээгээр дамжуулан бие биеэ гүтгэн доромжилдог, гэмт хэргийн гаралтын тоо өсөөд байгаа нь цахим хуудсанд буруу мэдээлэл түгээж байгаатай шууд холбоотой. Тийм учраас тархинаасаа түрүүлж хуруугаа хөдөлгөхөө больё. Хуруу нь тархинаасаа түрүүлж хэн нэгнийг шүүмжилж бичдэг нийгэм болчхоод байна.
–Сүүлийн үед зохион байгуулалтай хуурамч хаягтай хүмүүс буюу троллинг нар ихэвчлэн улс төрийн мэдээллийг олон гишүүнтэй группууд рүү оруулах болжээ. Үүнийг 2020 оны сонгууль эхэлж байна ч гэж хардах хүмүүс цөөнгүй байна. Нийгмийг талцуулж худал мэдээлэл тараагаад байгаа тэдгээр хүмүүсийн хэрэглээнд ямар хязгаарлалт тавьж байна вэ?
-Нэгдүгээрт иргэдэд соён гэгээрлийг бий болгох. Хоёрдугаарт, олон улсын компаниудтай хамтран ажиллаж, төрийн байгууллагын дэргэд хүмүүсийн гомдлуудыг хүлээж авч маш хурдан хугацаанд шийддэг болмоор байна.
Хуурамч хаягаас намайг гүтгээд байна гээд цагдаагийн байгууллагад хандлаа гэхэд энэ ажлыг шалгаад, хурдан шуурхай шийдвэрлэх мэргэжилтэн байхгүй байна. Цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажилладаг нөхцөл байдлыг нь тодруулдаг сайн мэргэжилтнүүд дандаа гаднын том компаниудад өндөр цалинтай ажиллаж байна. Үүнээс харахад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээ сайжруулах асуудал тулгарч байна.
Ингэхдээ Монгол Улс бодлогоор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сайжруулахын тулд дэмжиж, ядаж тэтгэлэг олгодог больё. Дөрвөн жилийн дараа Монгол Улсад хэдэн IT мэргэжилтэн хэрэгтэй вэ гэдгийг нь өнөөдөр зарлаад эдгээр хүмүүсийг авахгүй бол Монгол Улс хуульч, эдийн засагчаар дүүрлээ. Тийм учраас мэдээлэл технологийн салбарт залуучууд орж, ажиллах хэрэгтэй. Энэ бол хамгийн өндөр цалин авах ажил гэдгийг сайн сурталчлах ёстой юм байна. Эцсийн эцэст цахим хуудас, твиттерээр яваад байгаа хэн нэгнийг гүтгэн доромжлоод байгаа худал мэдээллүүд буюу троллинг хэвлэлийн эрх чөлөөний асуудал биш болчихлоо. Хэн нэгнийг нотлох баримтгүйгээр доромжилдог байдлаа зогсоо гэж уриалж байна.
–Зөвхөн уриалга гаргах юм уу? Олон улсын жишигт аль нэг мэдээний сэтгэгдэл хэсэгт коммент бичихийг хязгаарладаг бодлого байдаг шүү дээ.
-Монгол Улсад нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудлаар хууль эрхзүйн орчныг бүрдүүлье гэж зарим УИХ-ын гишүүд хууль санаачилж байна. Цахим бодлогын түр хороо бол бие даасан хууль гаргахыг дэмжихгүй байгаа. Бид ямар нэгэн байдлаар хууль гаргаж, гаднын веб сайтуудыг хязгаарлах нь буруу гэж харж байна.
Цаашдаа харин УИХ-ын түвшинд тогтоол гаргаж, ХХМТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо байгууллагуудын эрх үүргийг нь тодорхой болгох шаардлагатай. Хүнийг гүжирдэж доромжлон буруу зүйлд уриалсан бол харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд гомдол маргааныг хянан шийдвэрлэх олон нийтийн зөвлөлийг байгуулах тогтоолыг ЦБТХ-оос удахгүй УИХ-д өргөн барина.
Гомдол маргааныг хянан шийдвэрлэх зөвлөл нь маш хурдан хугацаанд фейсбүүк компани руу ханддаг, төв фейсбүүк компани тодорхой асуудлууд дээр нь анхаарал хандуулаад хуурамч хаягуудыг цэгцлэх асуудалд маш хурдан хариу өгдөг болох юм. Өнөөдөр Монгол Улсыг хариуцсан фейсбүүк группийн төлөөлөл ирсэн байна. Бидний зүгээс фейсбүүк хаяг нээхдээ гар утасныхаа дугаараар нээдэг болох ядаж хуурамч хаягуудыг цэгцлэх талаар ярилцана.
ФЭЙСБҮҮК КОМПАНИАС МОНГОЛ УЛСАД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ СУВАГ ГАРГАЖ ӨГНӨ
Фэйсбүүк группийн Хонгконг, Тайвань, Монгол улс дахь бодлого үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн “Манай компанийн хувьд хэрэглэгч бүрийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг чухал зүйл. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй хэрэглэгч бүрийн аюулгүй байдал чухал. Фейсбүүк компанийн хувьд хүмүүсийн фейсбүүк ашиглах насны лимитийг зааж өгсөн байдаг. Тэр нь 13 наснаас дээш насны хүүхэд хэрэглэгч болох боломжтой. Хүмүүс сайн мэдэж байгаа бол бүх төрлийн хэрэглэгчид анх фейсбүүк хэрэглэгч болж нэвтрэхдээ хэрэглэгчийн стандарт гэх зүйлтэй танилцах шаардлагатай байдаг. Нэг ёсондоо хэрэглэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр идэвхждэг. Харин үүнийг монгол хэл дээр болгож харья гэж сонговол facebook.com/community standart гэж ороод монгол хэлийг сонгоод танилцах боломжтой. Монгол хэлээр орчуулагдсан байгаа. Фэйсбүүк компаниас Монгол Улсад мэдээлэл дамжуулах суваг гаргаж өгнө. Ингэснээр монголоос харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжиж ямар нэгэн асуудал үүслээ гэхэд түргэн шуурхай арга хэмжээ авдаг болно” гэв.
ТООН БИЧИГ ҮСЭГТЭН БОЛГОХ ХӨТӨЛБӨР ЦААШДАА УЛС ОРОН ДАЯАР ХЭРЭГЖИНЭ
ХХМТГ-ын дарга Б.Чинбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн оны есдүгээр сард фэйсбүүк компанийн төлөөлөл ХХМТГ дээр ажиллаад явсан. Хүүхэд хамгааллын чиглэлээр тус компанитай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Фэйсбүүк группийн төлөөлөл ирээд холбогдох байгууллагуудтай уулзан хамтарч ажиллах чиглэлээ тодорхойлсон. ХХМТГ-тай тоон бичиг үсэгтэн болгох, цахим орчныг хэрхэн зөв зохистой ашиглах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирсон. Үүнийхээ хүрээнд өчигдөр /2019.04.01/ тоон бичиг үсэгтэн болгох хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх хөтөлбөрийн нээлтийг хийсэн. Эхний ээлжид ерөнхий боловсролын 20 сургууь дээр хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Цаашдаа хөтөлбөрөө үргэлжлүүлээд улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Тоон бичиг үсэгтэн болгох хөтөлбөрийн ач холбогдлын талаар дурдвал?
-Энгийн зүйлээс эхэлнэ. Тухайлбал, хүүхэд багачууд болон эцэг эхчүүд цахим хаягийнхаа нууц кодыг бусдад алдахгүйн тулд үсэг, цифр хольж хийх, өөрийн мэдээллийг бусдад алдахгүй байх зэрэг сургалтууд багтаж байгаа. 18 цуврал бүхий хичээлийг бэлтгэсэн байгаа. Тоон бичиг үсэгтэн болгох хөтөлбөр үнэгүй учраас youtube хуудас болон холбогдох сайтууд дээр байршуулахад хүссэн хүмүүс танилцах боломжтой.
-Хэн нэгний нэр төрд халдлаа гэхэд хууль эрхзүйн зохицуулалт хангалтгүй байдаг гэж албаны хүмүүс их ярих юм.
-Тухайн хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шүүхээр тогтоогдвол тэр мэдээллийг устгах арга хэмжээ авч байгаа. Энэ процесс их удаан. Хоёрдугаарт энэ чиглэлээр фейсбүүк компанитай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах гэхээсээ илүү хуурамч хаяг, эсхүл санаатайгаар хуурамч мэдээлэл тараах асуудалтай хэрхэн тэмцэх талаар цаашдаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Тоон бичиг үсэгтэн нь цахим орчинд өөрийгөө боловсруулах арга.
Хэн нэгний нягталж шалгаагүй, худал мэдээлэлтэй холбоотой нэгэн баримт дурдъя. Нэгэн хэрэглэгч хувийн фейсбүүк хуудсаараа дамжуулан иргэн Г.А нь хүний амь насыг хөнөөсөн хэмээн нийтэлжээ. Үүнээс болж олон нийтийн зүгээс Г.А-г алуурчин гэж жигшин, зэвүүцсэн байна. Энэ нь Монгол Улсын үндсэн хуульд заасан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Нөгөө талаар, баримт нотолгоогүй сураг төдий мэдээллийг өөрөө бэлтгэж, түгээгээгүй ч тийм мэдээллийг дэмжиж цааш түгээх нь хууль зүйн хариуцлага хамтран хүлээх үндэслэл болдог аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ