ЕБС, цэцэрлэгийнхэн аутизмтай хүүхдүүдээс цааргалах учиргүй | News.MN

ЕБС, цэцэрлэгийнхэн аутизмтай хүүхдүүдээс цааргалах учиргүй

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

ЕБС, цэцэрлэгийнхэн аутизмтай хүүхдүүдээс цааргалах учиргүй

ЕБС, цэцэрлэгийнхэн аутизмтай хүүхдүүдээс цааргалах учиргүй

Аутизм  бол өвчин биш. Аутизмын хүрээний эмгэг гэсэн албан ёсны нэршилтэй. Тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг буюу нийгмийн харилцааны бэрхшээл гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Ийм эмгэгтэй хүмүүсийн 30 гаруй хувь нь хэл, ярианы бэрхшээлтэй байдаг ч тэд бусдын адил нийгэмд биеэ даан амьдарч, бас амжилт гаргах бүрэн боломжтой. Үүнийг Б.Элбэрэлт нотолсон юм. Тэр АНЭУ-д өнгөрсөн гуравдугаар сард болсон тусгай олимпын наадмын усанд сэлэлтийн 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд түрүүлснээр Олимпийн аварга болж, монгол түмнээ баярлуулсан.

“Ээ дээ, тэсэхгүй. Удахгүй өөд болно” гэх бараан мэдээг сонссон ч аав, ээж нь хүүгийнхээ төлөө олон саад бэрхшээлийг даван туулж тэмцсэний үр дүн энэ юм. Өнөө маргаашгүй гэгдээд байсан хүү нь одоо 22-той. Хэрэв та эмчээс “Таны хүүхэд аутизмтай” гэх үгийг сонссон бол цочирдож хүлээн авах хэрэггүй гэж холбогдох албаны хүмүүс төдийгүй эцэг эхийн төлөөллүүд хэлж байна. Гагцхүү та хүүхдийнхээ онцлогийг харгалзан харилцах арга барилаа өөрчилж, хийж буй үйлдлийг нь урамшуулах хэрэгтэй.

Өнөөдөр аутизмыг таниулах өдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг тохиолдуулан эцэг эхчүүд болон аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд нэгэн дор цуглалаа.

“One event hall”-д болсон эл нээлттэй өдөрлөгийн үеэр холбогдох албаны хүмүүс эцэг эхчүүд “Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүдийг бусдын адил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамруулах боломжийг нээж өгөхөд төрөөс дэмжлэг үзүүлээсэй” гэж дуу хоолойгоо нэгтгэв. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ бусдын адил цэцэрлэгт өгч, сургуульд явуулахыг хүсдэг ч удирдлагуудын зүгээс “Хүүхдийг тань элсүүлэх боломжгүй. Багш нарт аутизмын талаарх ойлголт байхгүй” гэх хариулт өгдөг аж.

Хэдийгээр эмч мэргэжилтнүүд аутизм нь өвчин биш гэж нотолж, дэлхийн улс орнуудад ч бас харилцааны бэрхшээл хэмээн хүлээн авдаг болсон ч Монголд эсрэгээрээ хөгжлийн бэрхшээл гэх ойлголт олон нийтийн дунд “амь бөхтэй” байгаа нь аутизмтай хүүхдүүдийн ирээдүйн боломжийг хязгаарласаар байна.

Дэлхий дээр ойролцоогоор 70 сая орчим хүүхэд аутизмтай. АНУ-д гэхэд 88 хүүхэд тутамд нэг хүүхэд, 54 эрэгтэй хүүхэд тутмын нэг нь аутизмтай байдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүүхэд илүү давамгай өртдөг аж.

Манай улсын хэмжээнд аутизмтай 18 мянга орчим хүн байх магадлалтай бөгөөд бүртгэлтэй 130 орчим хүүхэд бий гэдгийг албаныхан онцлов. Дэлхий нийтэд гаргасан тооцоогоор тухайн улсын нийт хүн амын 0.62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэж үздэг байна.

Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шат, шатны байгууллагуудын зүгээс аутизмтай хүүхдүүдэд тусгай зам талбай, сургууль хэрэггүй, тэдэнд нийгмийн харилцаанд оролцох боломжийг нь нээж өгөх орчныг бүрдүүлэх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

АУТИЗМ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БИШ 

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах Төслийн удирдагч Тэцүяа Иший :

-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр аутизмтай хүүхэд гэх нэршилд анхаарлаа хандуулж байна. Аутизмтай хүүхэд бүр адилхан гэж хэлэх боломжгүй учраас аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд гэж ярьдаг болсон. Япон улсад аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэггүй. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн ангилалд авч үздэг. Аутизмын эмгэгийн хүрээний хүүхдүүд дотор оюуны бэрхшээл хавсарсан хүүхэд ч байна, бас үгүй ч байж болно. Маш олон янзын хүүхэд байдаг гэсэн үг. Аутизмтай хүн бүр харилцан адилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг монголчууд ойлгож хүлээн авахыг хүсч байна. Япон улсын хувьд хүүхдийг багаас нь олон үе шаттайгаар хөгжүүлэх сургалт, олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлдэг. Нийгэмд өөрийн байр суурийг эзлэх бололцоотой иргэн болгон төлөвшүүлэхийн тулд ажиллаж байна. Японд аутизмын хүрээний эмгэгтэй олон хүүхэд насанд хүрч хөдөлмөр эрхлэх бололцоотой.

АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСГАЙ СУРГУУЛЬ, ЗАМ ТАЛБАЙ ХЭРЭГГҮЙ 

Монголын аутизм судлалын хүрээлэнгээс улсын хэмжээнд 700 орчим хүүхэд аутизмтай гэсэн судалгааг гаргажээ. Харин Монголд аутизмын холбоонд 400 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг аж.

Тус холбооны Гүйцэтгэх  захирал Л.АЛТАНГЭРЭЛ: 

“Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, дараа нь ерөнхий боловсролын сургуульд суралцах эрхтэй. Ингэснээр тэр хүүхдийн цаашдын ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Тиймээс хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцах боломжтой. Хүнд хэлбэрийн хүүхдүүдэд тусгай сургууль ээлтэй. Тусгай сургуулийг нэмж барихгүйгээр ерөнхий боловсролын сургуулиуд тусгай сургуульд хамрагдсан энгийн сургуульд орох боломжтой хүүхдүүдийг олноор нь элсүүлж, зөвөөр хүлээн авдаг байх хэрэгтэй. Энэ тал дээр илүү их анхаарлаа хандуулж, хүн хүч хөрөнгө мөнгийг төвлөрүүлэх нь зүйтэй. Миний хувьд ч бас аутизмтай хүүхэдтэй. Миний хүү 16 настай. Тусгай сургуульд сурдаг. Зургаан нас хүртлээ уншиж бичиж чаддаггүй байсан ч зургадугаар ангиасаа бүгдийг нь сурсан гэдгийг хэлье. Түүнчлэн аутизм нь бусдад анзаарагддаггүй хүүхдүүд ч байна. Бага насны хүүхдүүдийн хувьд буруу хүмүүжсэн гэж шүүмжлүүлдэг. Өсвөр насан дээрээ биеэ зохисгүй авч явж байна гэдэг.”

“Тэнгэрлэг ээжүүд” группийн зохион байгуулагч М.ДУЛМАА: 

“Аутизмаас урьдчилан сэргийлэх боломжгүй. Хэн ч аутизмтай хүүхэд төрүүлж магадгүй. Эмчээс “Таны хүүхэд аутизмтай” гэсэн оношийг сонссон эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ гэдэг олон асуудал үүсдэг. Хүүхдийг ойлгож харилцах сэтгэлзүйч хэрэгтэй байхаас гадна аутизмтай хүүхдүүдийн боловсролын асуудалд төрөөс анхаарлаа хандуулах нь чухал байна. Эцэг эхчүүд хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдээ харьяа дүүргийн сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд элсүүлье гэхэд татгалзсан хариу өгдөг. Аутизмтай л бол хөгжлийн бэрхшээл гэж хардаг. Миний ойлгож буйгаар нэг багшид маш олон хүүхэд ногддогоос гадна аутизмын талаарх зөв ойлголт алга. Аутизмтай хүүхдүүдтэй хэрхэн ажиллах аргазүйгээ мэдэхгүй байна. Иймд эдгээр асуудалд төрөөс бодлогын хүрээнд зохицуулах шаардлагатай”

ТЭД ЮУГ МЭДЭРДЭГ ВЭ?

Аутизмтай хүүхдүүдийг илүү ойлгох, тэднийг мэдэрч үзэх боломжийг Аутимз Монгол-Анд төрийн бус байгууллагаас нээлттэй өдөрлөгийн үеэр олгосон байв. Хийсвэр ертөнц буюу VR төхөөрөмжөөр дамжуулан зөвхөн аутизмтай хүүхэд юуг сонсч мэдэрдгийг сонирхож үзэв. Тэд орчны дуу шуугианыг илүү мэдэрдэг нь тархинд нөлөөлөх аж. Орчин тойрны шуугиан бүгд чанга сонстоно. Алхаа гишгээ төдийгүй таягтай зөрөх хүний газарт тогших  “тог тог” хийх чимээ бүхэн адилгүй. Зүрх түргэн цохилж, амьсгал давчидна. Аажмаар орчин тойрон юмс үзэгдэл бүхэн бүдгэрч харанхуйлна. Хэсэг хугацааны дараа хэн нэгэн тайвшруулмагц амьсгал жигд болж тайвшрах аж. Энэ бол нэгээхэн л хэсэг нь. Аутизмтай хүүхэд бүр ийм гэвэл өрөөсгөл ойлголт юм.

Энэ тухай  Аутизм Монгол-Анд төрийн бус байгууллагын сэтгэлзүйч Г.НАНДИН-ЭРДЭНЭ:

-Аутизмтай хүүхэд бүр харилцан адилгүй, шинж тэмдэг нь өөр байдаг. Мэдрэхүйн асуудал нь өөр байж болно. Ийм хүүхдүүдэд нийгмийн орчинд дасан зохицох сургалт хэрэгтэй. Хүүхдүүдэд олон нийтийн газарт дэлгүүрт ороход олон хүнтэй, дуу чимээ нь шуугих мэт байж болно гэх ерөнхий төсөөллийг өгөхийн тулд өмнө нь тоглоом хэлбэрээр үзүүлж ойлгуулдаг. Тухайн хүүхдэд орчны тухай танин мэдүүлснээр нөхцөл байдлыг хүлээн авах байдал нь хэвийн байна. Зарим нь хоол идье, усанд оръё гэх мэт хэрэгтэй зүйлсээ дүрст тоглоомоор дамжуулан илэрхийлж болно. Гэхдээ аутизм нь хөгжлийн бэрхшээл биш юм. Сэтгэлзүйн хувьд тэд бусадтай л адил баярлаж, гунигладаг” гэлээ.

Төгс эмчилгээгүй эл өвчтэй хүүхдүүдэд хэл ярианы дасгал, хичээл заах, сэргээн засах эмчилгээг олон цагаар тусгайлан хийхээс гадна хийж буй үйлдлийг нь үргэлж урамшуулж байх нь  тэднийг хөгжихөд том дэмжлэг туслалцаа болдог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багш 2019-04-02 202.9.43.236

Ийм хүүхдүүд манай цэцэрлэгт хэд хэд бдаг. Жаахан хэцүү. Гэхдээ манай эрхлэгч арга зүйч нар зөвлөн туслаж ажилладаг дэмждэг тул гайгүй. Одоо овоо ажиллаж сурч бгаа.

Avatar

ЗОЧИН 2019-04-02 103.240.241.110

37НЫ ЖИЛ ДЭЭРЭЭ ХҮҮХЭД ГАРГАХ САЙН ГЭСЭН МУХАР ШҮШЭГЭЭС БОЛЖ ХӨГШИРСӨН ЭМЭГТЭЙГЭЭС ДАУН АУТИЗМТАЙ БОЛОН ЯНЗ БҮРИЙН ӨВЧИНТЭЙ ХҮҮХЭД ИХ ГАРЧ БАЙГААГ БОЛИОЧЭЭ 22-33 НАСАДАА ГАРГА ЧАДАХГҮЙ БОЛЬ

Avatar

Зочин 2019-04-02 96.83.87.165

БИТГИЙ ИЙМ ШУ-НЫ ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЛАЙ ЮМ ЯРЬЖ БАЙНА. ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ АВЧ ЯВАХ ХЭМЖЭЭНД ХҮРЧ БАЙЖ ХҮҮХЭД ГАРГАЖ ТҮҮНИЙХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ЮМ. ЮУ ЮУГҮЙ ХҮҮХЭД ГАРГАЧИХААД ААВ ЭЭЖ ДЭЭРЭЭ АВААЧИЖ ӨГӨӨД ӨӨР ШИГЭЭ ЯМАР Ч ХАРИУЦЛАГАГҮЙ ИРГЭН БИЙ БОЛГОХ ХЭРЭГ БАЙХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж