Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дөрвөн төрлийн брайль газрын зургийг өнөөдөр /2019.04.02/ Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд хүлээлгэн өглөө. Дэлхийн газрын зураг, Монгол орны засаг, захиргааны зураг болон 116 дугаар сургууль орчмын тойм зураг, мөн тус сургуулийн хашаан доторх тойм зураг зэрэг дөрвөн төрлийн брайль зургаас тус бүр 150 ширхэгийг бэлэглэсэн юм.
Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн онцлог, тэдний мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн бөгөөд хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичиж, харин харааны тодорхой хувийн алдагдалтай сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн байна.
Эдгээр брайль газрын зургаар дамжуулан сургуулийн ойр орчмын байдал, өөрийн улсын болон аймгуудын байршил, хэлбэр, хэмжээ, дэлхийн улс орнууд, тив, далай тэнгис хаана байрлаж байгааг мэдэж авч, газар зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой юм. Түүнчлэн 116 дугаар сургуулийн сурагчид нь тус газрын зургийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртлээ ирж, сургуулийн хашаан дотор ганцаараа ч явах боломжтой ажээ.
Мөн харааны бэрхшээлтэй сурагчдыг Улаанбаатар, орон нутагтай илүү ойр танилцах боломж олгохын тулд БХБЯ, ГЗБГЗЗГ-аас “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохиож, 2019 онд хэвлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.