УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхтэй холбоотой зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийг жинхэнэ Дамбийжаа юу, хуурамч Дамбийжаа нь уу гэсэн асуудал тавилаа.
УИХ-аас 2015 оны нэгдсэн төсвийг батлахдаа Улаанбаатар хот нь хоёр орлогчтой байна гэж баталсан юм. Гэвч нийслэл зургаан орлогчоосоо хэнийг ч чөлөөлөөгүй. Тэгвэл хэсэг хугацаанд намжаад байсан асуудлыг Ё.Отгонбаяр хөндсөн нь энэ. Тэрээр “ Одоо энэ сууж байгаа Гантөмөр жинхэнэ Дамбийжаа юу, хуурамч Дамбийжаа юу. Цалинтай орлогч уу, цалингүй орлогч уу. Хэрвээ цалингүй орлогч бол энэ хүний өгч байгаа мэдээллийн хариуцлагыг УИХ яаж хүлээж авах вэ. УИХ-ын тогтоолоор байхгүй хүмүүс УИХ, байнгын хорооны хуралд орж ирж юм яриад суугаад байх юм. Эртээд байнгын хорооны хуралдаанд аль дамбийжаа нь юм мэдэхгүй орж ирж, эмнэлгийн газрын асуудал хэлэлцэх үеэр баахан улстөржөөд байнгын хорооны хурлыг тараачих дөхсөн ш дээ. Иймэрхүү ойлгомжгүй асуудлыг тодорхой болговол яасан юм бэ? Хэрвээ УИХ-ын тогтоолоор байхгүй албан тушаал орж ирж байгаа бол статусыг нь юу гэж үзэх вэ, УИХ-ын дарга аа” гэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Зургаан орлогч байна, хэнийг нь жинхэнэ гэж асуухыг би мэдэхгүй ш дээ, Гантөмөрөө чамайг орлогч гэж үзэхгүй байна шүү” гэж тодотгосноос өөр зүйл ярьсангүй. Ё.Отгонбаяр гишүүний хэлдэгчлэн статусыг нь тодорхой болгохгүй болчиг хэний ч ухаан хүрэхээргүй сонин байдал үүсчихээд байна шүү.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ХОРОЛ