Гэр хорооллынхны амьдрах орчныг сайжруулах шаардлага тавин Сүхбаатарын талбайд суулт зарласан иргэдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “цэрэг”-үүд эр бяраа гаргав. Майхныг нь хуу татаж буулгаад л, суулт зарласан хэдэн иргэнийг чирч гулдарч бороохойдоод л, хувцас хунарыг нь урсан харагдана билээ. Гар хуруугаа гэмтээлгэж, нүүр нь зулгарсан хүмүүс ч бий. Төр нь иргэндээ ийм дээрэнгүй хандаж болдог юм уу.
Хоёр сарын өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахыг шаардаж, Сүхбаатарын талбайд суулт зарлахад юу боллоо. Цагдаа нар гэрийг нь барьж өгөхөөс наахнуур л шахам гүйлдэцгээсэн. Барьсан 50 гэрийг нь Засгийн газар тог цахилгаанаар хангаад л, цагдаа нар нь сарын турш хамгаалж, нүд цавчилгүй харсан байх шүү. Гэтэл гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалъя гэж асуудал тавьж, таван майхан барьсан хөдөлгөөнийхөнд ямар их хүчийг үзүүлэв ээ. Бөөсөнд хутга гэгч л болж өнгөрсөн тухай хөдөлгөөнийхөн хэлж байна.
Ардчилсан нийгэмд хүн бүрт жагсаал цуглаан зохион байгуулж, суулт зарлан үзэл бодлоо илэрхийлэх эрх бий. Тиймдээ ч “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн нийслэлийн 220 мянган өрхийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Улаанбаатар хотдоо сайхан амьдрах шаардлага л тавьсан. Юу нь буруу байгаа юм. Шаардлагыг нь дэмжиж, гэр хорооллын хэдэн иргэн л дэмжиж суусан.
Тэд “Хашааны газар руу маань дэд бүтэц татаад өгөөч. Бид орон сууцанд амьдардаг иргэдийн нэгэн адил боломж нөхцөлөөр хангагдмаар байна. Энэ асуудлыг шийдэж чадвал нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах боломжтой” гэж л ярьсан.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол дээд цэгтээ хүрснээс урагт нөлөөлж, хэдэн арваараа эндэж байна. Хүүхэд, багачууд хэдэн зуугаараа хатгалгаа тусаж, өвлийн турш эмчлүүлж, хавартай золгодог болсон. Хэдийгээр Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гарсан ч орлуулах түлш нь толгой өвтгөсөн асуудал хэвээр л байгаа.
Олон жилийн урхаг дагуулсан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүссэн, хүсээгүй төр иргэнийхээ хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гарц шийдлийг л олох ёстой. Нэг хэсэг газар руу дэд бүтэц татаж, дулааныг нь шийдэх. Нөгөө хэсгийнх нь газрыг газарт оруулж, хашааны газрыг нь орон сууцаар солих гэх мэтчлэн олон талын арга хэмжээ авах ёстой.
Төр бүх зүйлийг хүчээр шийднэ гэвэл бүтэхгүй. Тэр тусмаа хашааны газраас өөр барьцаалах юмгүй иргэдийн газрыг нь байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувьд тооцож авна гэвэл нийслэлийг агаар, хөрсний бохирдлоос нь салгах хэтийн төлөвлөгөө хэрэгжихгүй. 100 жил болсон ч энэ л балчиг намаг дотроо амьдарцгаана. Юу үнэн, тэр үнэн.
Харин “Гэр хороолол” хөдөлгөөнийхний хэлээд байгаачлан иргэдийн хашааных нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дээр нь барилга баръя. Ажилгүй иргэдээ барилга барих ажилд дайчлая. Ажилтай, орлоготой болсон иргэдийг орон сууцжуулахад асуудалгүй гэж яриад буй нь зөв шаардлага юм. Ажилгүй, орлогогүй иргэд юугаа барьцаалж, орон сууцтай болох юм.
Төр бүгдэд нь үнэгүй орон сууц бэлэглэх юм уу. Тийм боломж байхгүй.
Тиймээс зүй ёсны шаардлага тавьж буй “Гэр хороолол” хөдөлгөөнийхний тэмцлийг нухчин дарах бус дэмжээд ажиллах ёстой юм. Тэд УИХ-ын нэр бүхий гишүүд шиг сандал суудлын төлөө суулт зарлаагүй юм, ядарсан гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалахыг шаардаж л шударга ёсны шаардлага тавьсан.
Шударга ёсыг тогтоох нь энэ Засгийн газрын зарчим юм бол “Гэр хороолол” хөдөлгөөнийхний энэхүү тэмцлийг дэмжихээс аргагүй.
Аливаа асуудал бүрийг ардаа эзэнтэй гэж хардаж, улс төрийн өнцгөөс хардаг энэхүү харалган бодлогоос болж, Монгол Улс хожигдсоноос хожоогүй. Хөгжье, хүнээ боддог болъё гэвэл зөв шаардлага, зөв үзэл бодлыг дэмжих ёстой.
Г.ХОРОЛ