Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний албыг үүсгэн байгуулсны 80 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойн хүрээнд өрнүүлж байгаа олон төрлийн ажлын нэг нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан мэргэжлийн эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн.
“Blue moon” арт галерейд энэ сарын 23-нд “хөшгөө нээсэн” тус үзэсгэлэнд залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нина, соёлын тэргүүний ажилтан Д.Цэрэннадмид, С.Туяа, С.Бадамханд, гэрэл зурагчин Б.Улятайхүү, Т.Чимгээ, Г.Эрдэнэтуяа, Ш.Отгонжаргал, Л.Номингэрэл, Х.Хашиймаа, Д.Бямбадорж, Ж.Үермаа, Д.Эрдэнэцэцэг нарын 13 бүсгүй гэрэл зурагчийн туурвил бүтээлийн дээж 80 зураг дэлгэгдэж, олны нүд, сэтгэлийг хужирлаж байна.
Тэдний нэг Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, дэслэгч Лхагвасүрэнгийн Номингэрэлтэй ярилцлаа.
Италийн Венецид очиж үзэхсэн
-Яагаад гэрэл зураг сонирхох болоо вэ. Багш, эдийн засагч ч юм уу, инженер… гээд өөр сайхан мэргэжил зөндөө байхад. Түүнээс сонгоогүйн учир юу вэ?
-Багаасаа хувцасны загвар зохион бүтээгч болох юмсан гэж хүсдэг байсан минь нөлөөлсөн байх. Аравдугаар ангиа төгсөөд тэр чиглэлийн мэргэжлийн сургуульд орох бодолтой байсан ч чадаагүй.
Тэгээд хотод ирж сонины газарт ажиллах болсон. Түүнээс хойш хориод жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.
Эхлээд хянагч, дараа нь бичээч, тэгээд эх бэлтгэгч болж байв. Загвар сонирхдог болохоор сонины хуудсан дээр загвар гаргах сонирхол ихтэй байсан, нууцгүй үнэнийг хэлэхэд. Сонины нэгдүгээр нүүр, арын нүүрийн макетыг ихэвчлэн хийдэг байлаа. Нэгдүгээр нүүрт гол үйл явдал, материалын, харин арын нүүрт чөлөөт сэдвийн хамгийн сайн зураг ордог шүү дээ. Тийм болохоор гэрэл зургийг жаахан мэдэрч сурсан даа.
Тэр маань л гэрэл зураг авах сонирхлыг төрүүлсэн хэрэг.
-Анх ямар аппаратаар зураг авч эхэлсэн бэ?
-Би хэдэн найзынхаа хамт 2008 онд “Улаанбаатарын сонин”-г байгуулж анхны дугаараа тавдугаар сард гаргасан юм. Тэгээд бид цөөхүүлээ нэг хүн хэд хэдэн ажил давхар хариуцаж ажиллахаар болсон. Би мэдээж хэрэг сонины дизайн, макетыг хариуцна. Дээрээс нь гэрэл зурагчны үүрэг надад ногдсон. Энэ нь надад сонирхдог зүйлээ бодитоор хийх боломж олдсон гэсэн үг. Манай сонины хамгийн анхны аппарат “Nikon D200” гээд тэр үедээ хамгийн сүүлийн үеийн мундаг эд. Бидний найз Х.Энхжаргал ах маань аппаратны сонголтыг хийж, гадаадаас захиж авчруулсан. Тэгээд яаж ажиллуулах, тохируулах гээд зааж өгч билээ. Тэр аппаратаа Хилийн цэрэгт ирсэн хойноо ч барьж байсан даа.
-Тэр мундаг “амьтан”-аар эхэлж авсан зургаа санадаг уу. Юун тухай байсан бол?
-Өө, инээдтэй. Х.Энхжаргал ахын зургийг авч таарсан. Нэг л сүрхий хүн баахан дарж дарж харуултал шоолуулаад. “Ингэж авдаггүй юм, тэгж барь, аппаратаа” гэхчилэн баахан зөвлөгөө өгсөн. Түүнээс хойш хот, хотынхны тухай олон ч зураг авсан даа. Хотын нэгэн үеийн хөгжил дэвшил, хүн зоны аж амьдралыг харуулсан бүхэл бүтэн архив надад бий шүү.
-Улаанбаатар гэдэг нэрийг сонсоод санаанд чинь юун тухай эхэлж бодогддог вэ?
-Сүхбаатарын талбай. Одоогийн Чингисийн талбай.
-Өөрийгөө хотын хүн гэж бардам хэлж чадах уу?
-Хотын хүн байхыг хичээдэг. Хотын хүн болно гэдэг хаана төрж өссөн, боловсрол эзэмшсэнээс шалтгаалахгүй. Хотоо хайрладаг, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг, хогоо хаядаггүй, тарьсан зүлгэн дээгүүр гишгэдэггүй байх гээд энгийн зүйлсээс хотын хүн мөн эсэх нь шалтгаална гэж боддог. Би ч тэр бүгдийг дагаж амьдрахыг хичээдэг учраас өөрийгөө хотын хүн гэхэд буруудахгүй л байх.
-Хотын гудамжаар айвуу тайвуу алхах боломж хэр гардаг вэ?
-Хотын гэрэлтэй гудамжаар бороо орсны дараа алхах дуртай. Гэхдээ миний ажлын онцлогоос болоод тэр бүр алхаад байхгүй л дээ. Үргэлж л цагтай уралдан яарч, бас хөдөө гадаа их явдаг болохоор. Нэг удаа багынхаа хэдэн найзтай “Өргөө”-д кино үзчихээд гараад ирсэн чинь бороо орчихсон, агаар цэнгэг сайхан, дулаахан байхаар нь сэтгэл хөдлөөд Зайсан хүртэл алхчихаж билээ. Даанч гутал хөл холгоод баларсан болохоос.
-Нийслэлийн хүмүүсийн таалагддаг зан юу вэ. Бас таалагддаггүй нь..?
-Гудамжаар өвөө, эмээ нар тайван алхалж явдаг даа.
-За…?
-Харахад нэг л сайхан, нүдэнд дулаахан. Учиргүй яриа хөөрөө дэлгээд унахгүй ч тийм сайхан хүмүүсийг харахаар үнэхээр л хотын хүмүүс байна даа гэж бодогддог. Харин гудамжинд нулимж байгаа хүн ёстой муухай. Ганган машин уначихаад цонхоороо бохь, чихрийн цаас, ундааны лаазаа хаяж байгаа хүмүүст ясны дургүй.
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг л тэр.
-Нийслэлийн хүнд байх хамгийн гол, нандин чанар юу вэ?
-Хотын хүн гэдгээ л мэдэрдэг байх ёстой. Хотын хүн гэдэг ерөнхий энгийн нэр боловч асар их соёлтой байхыг хэлнэ байх.
Боловсрол мэдлэг тааруу байж болно, мөнгө төгрөгөөр гачигддаг байж болно. Гэвч хотын хүн цэвэр цэмцгэр, гудамж талбайгаа бохирдуулдаггүй, хотоо хайрладаг л байх ёстой.
-Дөрвөн уулын дундаас, Улаанбаатар хотоос явах юмсан, өөр газар амьдрах юмсан гэж бодох үе тохиодог уу?
-Ажил маань тэр юм. Голцуу хилээр явчихдаг. Өвлөөр явж явж байгаад хот руу орж ирэх л жаахан хэцүү. Ийм газар амьдрах гэж дээ гэсэн бодол төрдөг л юм. Юугаар ч амьсгалаад байгаа юм, бүү мэд. Нэг их утаа уугисан уурын зуух руу л яваад орчихож байгаа аятай…
-Дунд сургуулиа төгсөөд л хотод ирсэн гэхээр та Улаанбаатарт нэлээд удсанд тооцогдох байх. Энэ хугацаанд их хоттой холбоотой сэтгэлээс гардаагүй гоё дурсамж олныг хадгалаа байлгүй. Санаанд хамгийн ойр байдаг дурсамжаасаа хуваалцаач?
-1995 онд юмдаг. Өлзийжаргал гэж найзтайгаа хамт дэлгүүр орж үзэмтэй үрэл аваад Хүүхдийн паркад очоод буга харж суугаад л иддэг байж билээ. Богд уулнаас буга буугаад ирчихдэг, айж цочсон шинжгүй хотын гудамжаар явж л байдаг сан. Ер нь бол зун борооны дараах Улаанбаатар ч бас гоё шүү. Улаанбаатарын зун, намар л хамгийн гоё.
-Хамгийн сүүлд, хэзээ, ямар дэлгүүрээр оров доо?
-Хүнсний дэлгүүр бол “Номин супермаркет”-аар ихэвчлэн үйлчлүүлдэг. Бас “Good price” гоё дэлгүүр байна билээ.
-Улаанбаатарын тухай олон дуу, шүлэг байдаг. Санаанаасаа гардаггүй дууг нэрлэнэ үү. Шүлгийн ямар мөрүүд цээжинд тань бэлэн байна вэ?
-Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Зүг зүгийн хүний
Зүрхэнд нь гэрэлтэнэ ээ…
Энэ сайхан мөрүүд ганц надад ч биш улаанбаатарчуудын бүгдийнх нь сэтгэлд ойрхон байдаг биз ээ.
-Шинэ мянган, шинэ зуун гарснаас хойш Улаанбаатарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт юу вэ?
-Мэдээж, зам, гүүр.
-Очиж үзэхсэн гэж хорхойсч мөрөөддөг хот байдаг уу?
-Би Италийн Венецийг үзэхсэн гэж мөрөөддөг.
-Яагаад…?
-Хотын гудамжаар нь завиар яваад л. Хүмүүс нь завиа яг л манайхан орцныхоо үүдэнд машинаа зогсоогоод орхидог шиг тун сонин юм билээ. Бас байшин барилгууд нь эртний. Нэг л эрхэмсэг гоё санагдаад байдаг юм. Тийм болохоор заавал очиж үзнэ дээ гэж боддог. Гэхдээ их усархаг борооны дараа ч манай Улаанбаатарын зарим гудамж Венецийнхээс ялгарах юмгүй л болчихдог. Завиар биш гуталтай л “хөвдөг” болохоос биш.
Хүн муулж байгаа эрэгтэй хүнд дургүй
-Хамгийн их яршиг төвөг удаж байж авсан зураг чинь юу вэ?
-Олон хүн эгнүүлэн зогсоож байгаад авсан зураг л. Тийм зураг олныг авсаан.
-Дуртай өнгө?
-Цэнхэр, номин ногоон.
-Дуртай хоол?
-Хоол голдоггүй ээ.
-Хобби?
-Үзсэн жүжиг, киноныхоо тасалбар, оролцсон арга хэмжээнийхээ урилгыг цуглуулдаг.
-Хэлэх дуртай үг?
-…
-Хамгийн дургүй зан чанар?
-Худлаа ярих. Болж өгвөл худлаа хэлэхгүй байхыг хичээдэг.
-Хамгийн сүүлд уншсан ном чинь юу вэ?
-Г.Аюурзанын “Улаан, цагаан хар”-ыг уншсан.
-Сонирхдог спорт…?
-Багадаа сагс тоглодог байсан болохоор сагсан бөмбөгийн тэмцээн үзэх дуртай.
-Аялах дуртай дуу…?
-Хил хамгаалах газарт ажиллаж байгаа болохоор одоо ч хилийнхээ тухай дууг л дуулах дуртай болжээ.
…Далай орон минь дархан хилтэй
Дархан хил минь дайчин харуултай
Харуулын цэрэг хонгор чамтайгаа
Хамт л байдаг шүү сэтгэл минь
Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын дуу минь чамд хүрээсэй…
Ямар нэг найр наадамд дуу дуул гэвэл энэ дуу л хамгийн түрүүнд аманд орж ирдэг юм.
-Харамсч явдаг зүйл?
-Заримдаа бодлогогүй хэлсэн үгэндээ харамсах үе гардаг.
-Хамгийн үнэт баялаг чинь?
-Би өөрөө.
-Хүндэлдэг гэрэл зурагчин чинь хэн бэ?
-Олоон олон. Тэр дундаа Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт ах. Мөн Д.Цэрэннадмид эгч. Сая үзэсгэлэнгийн зурагнууд гээд цуглуулж байхад миний бүр сурагч байхдаа харж яаж ингэж авдаг байна аа гэж гайхаж байсан кадрууд Цэрэннадмид эгчийн бүтээлүүд дунд олон байсан.
-Дуртай амттан?
-Цэвэр хар шоколад. Бас сайн чанарын кофеноос татгалздаггүй.
-Дургүйцлийг тань төрүүлдэг зүйл?
-Хүн муулаад сууж байгаа эрэгтэй хүнийг харахаар дургүй хүрдэг.
-Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Ямар ч үед өөрөө өөрийнхөөрөө л байдаг хүнийг. Тийм хүнийг ойлгоход амархан. Бас тэгсэн болов уу гэж хардах юмгүй.
-Уурлахаараа…?
-Ер нь хөмсөг зангидаад л дуугүй болчихдог болов уу.
-Ямар үед сэтгэл тань хамгийн ихээр хөдөлдөг вэ?
-Миний сэтгэлийг хөдөлгөхөд цагийг нь олоод хэлсэн хэдхэн сайхан үг л хангалттай. Заримдаа олон хоногоор томлолтоор явж байхдаа авсан зургийн ганц нэг кадраа хараад сэтгэл хангалуун болох үе бий.
-Бусдыг дийлэхийн тулд яах ёстой вэ?
-Заавал дийлэх албагүй. Нөгөө хүн маань заавал дийлэх гээд зүтгээд байвал зүгээр л орхичихно. Харин хийж байгаа ажил үүргийнхээ хувьд бол дийлдэхгүй ялахын төлөө л зүтгэнэ.
-Юунд илүүтэй итгэдэг вэ, хувь заяандаа юу, өөртөө юү, мэргэжилдээ юү?
-Өөртөө.
-Маргаантай байдлаас гарах оновчтой гарц?
-Дуугүй байх л юм билээ. Уг нь би дуугүй байж чаддаггүй хүн. Гэхдээ одоо сурч байгаа.
-Эмэгтэй хүний эрхэмлэх чанар?
-Олон хүнд таалагдах албагүй ч гэсэн өөрийн гэсэн зөв зарчимтай байх.
-Бахархал чинь…?
-Миний найз нөхөд.
-Эдэлж хэрэглэдэг зүйлээс чинь хамгийн чанартай нь юу байх ёстой вэ?
-Гутал.
-Хэзээ хийсэн, ямар сонголт чинь хамгийн зөв байсан бол?
-Анх Улаанбаатарт ирэхэд ах маань “Сонины газарт ажиллах уу” гэхэд нь юугаа ч мэдэхгүй байж “Тэгье” гэж хэлсэн үг.
-Хүнд сонгож болдоггүй зүйл гэж байдаг болов уу?
-Байдаг.
-Өөрөө хувь төөргөөрөө амьдарч байна уу, эсвэл хичээл зүтгэлээрээ амьдарч байна уу?
-Хувь төөргийг хүн хичээл зүтгэлээрээ зурдаг. Гэхдээ хувь тавилан гэж байдаг юм байна гэж сүүлийн үед боддог болсон.
-Ямар брэндийн цаг зүүдэг вэ?
-Цаг зүүдэггүй.
-Яруу найргийн СD сонсдог уу?
-Л.Өлзийтөгсийн шүлгүүдэд дуртай. Намуухан, уянгалаг хөгжим сонсох сайхан.
-Муу зуршил чинь…?
-Зөрүүд.
-Мэргэжлийнхээ хаан нь уу, эсвэл боол нь уу?
-Хүн ямар ч мэргэжлийг, ямар ч ажлыг сайн эзэмшиж сурлаа гээд түүнийхээ хаан нь байж хэзээ ч чаддаггүй. Би тэгж боддог. Бүхий л юм өсч хөгжиж, боловсронгуй болж байна. Бид эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа “Би чадна” гэсэн итгэл үнэмшилтэйгээр л хандах ёстой байх.
-Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ямар амьтан байх бол?
-Нохой л байх. Эзэндээ үнэнч, бас уурлуулаад байвал өмнөөс нь архирна.
-Шидтэн гурван хүслийг чинь биелүүлье гэвэл юу хүсэх вэ?
-Төр улсыг минь түвшин сайхан байлгаасай гэж хүснэ. Түмэн олныг маань амгалан байлгаасай гэж хүснэ. Дараа нь гэр бүлийнхнийг маань өвчин зовлонгүй, эрүүл энх байлгаарай гэнэ. Төр түвшин, түмэн олон амгалан, гэр бүлийнхэн маань эрүүл энх байх юм бол миний ажил, амьдрал сайн, тайван сайхан амьдарна.
Жинхэнэ эх орончид бол хилчид
-Гэрэл зураг авахын юу нь аз жаргал бэлэглэдэг вэ?
-Гэрэл зурах авч байгаа хүн хэзээ ч муу, муухай бодолтой байдаггүй. Яавал гоё сайхан харагдуулах вэ, юуг нь онцолж харуулах вэ гээд дандаа эерэг бодол тээж байдаг. Тийм болохоор маш тайван амгалан болгодог.
Зураг авахад амьсгаа авах гаргах хүртэл нөлөөлдөг учраас тайвшруулдаг. Тэгээд ч би сөрөг, муу, бараан талын зураг авах дургүй.
-Хил хамгаалах ерөнхий газарт очоод хэр удаж байгаа билээ?
-Зургаан жил болж байна. Энэ байгууллагатай, хилтэй хувь заяагаа холбоход минь маш их тусалсан хүн бол хурандаа, сэтгүүлч Д.Баасанжаргал ах. Тэр хүнд би үргэлж баярлаж явдаг.
-Хил, хилчдийн үнэ цэнийн тухай өөрийн чинь бодлыг сонсмоор байна…?
-Ямар ч хүн хилтэй, хилийн цэрэгтэй амьдралаа холбосон бол эргээд гарах аргагүй. Өөрийн эрхгүй л хилийн албанд нь дурладаг. Хилд алба хааж, ажиллаж байгаа хилчид болоод хувь хүн өөрийнхөө төлөө биш эх орныхоо төлөө зүтгэж, хамгаалж байдаг жинхэнэ эх орончид.
Хилчдэд өөрийгөө байнга сурталчлаад байх ямар ч шаардлага байхгүй. Хилчин хүн бүр цусан гавьяаны одонг энгэртээ биш сэтгэлдээ тээж явдаг. Хилд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл эх орныхоо ширхэг чулууны үнэ цэнийг мэдэрдэг болохоор баатар гэж цоллуулахгүй ч эгэл баатрууд гэж нэрлэгдэх хүмүүс.
-Хил хамгаалах газарт очихоосоо өмнө хаана хаана ажилласан бэ?
-“Засгийн газрын мэдээ” сониноос эхэлсэн. Өндөр хэвлэлээс офсетод шилжих яг тэр үед тэнд ажиллаж байлаа. Сонины эхээ компьютер дээр бэлтгэдэг болно гэхэд эхэндээ тун ч сонин санагдаж байж билээ. Тэгээд “Засгийн газрын мэдээ” маань “Зууны мэдээ” болоход ч ажиллаж л байлаа. Дараа нь “Монголын мэдээ” сонинд очсон. Тэнд бас нэлээн хэдэн жил ажилласан даа. Тэгж байгаад бид хэд “Улаанбаатарын сонин” гэж гаргахаар болоод. Бас сэтгүүл хэлбэрээр ч гаргаж байлаа. Энэ сонинд ажиллаж байхдаа Монголын хэвлэлийн салбарт анхны гэх олон зүйлийг найз нартайгаа хамтдаа хийсэндээ баяртай байдаг.
-Хотын сэдвээр дагнадаг анхны долоо хоног тутмын сонин гээд л үү?
-Тухайн үед Монголд нарийн форматаар гардаг сонин байгаагүй. Тийм сонин хэвлэдэг үйлдвэр ч байгаагүй. Бүгд өргөн форматтай байсан. Барууны стандартыг бид Монголдоо анх нэвтрүүлж, тэр үеийн сонин хэвлэх ханшаас өндөр үнэтэйгээр “Мөнхийн үсэг”-ээр сониноо нарийн форматаар хэвлүүлж байлаа. “Мөнхийн үсэг” сонины хэвлэх шиг нугалаа, холио хийдэггүй болохоор сониноо үйлдвэрээс авчраад өөрсдөө гараараа нугалж эвхэн уншигчдадаа хүргэдэг байж билээ.
-Одоо бол бүгд нарийн форматтай болсон.
-Манайхыг тэгж гарсны дараахан нь тэр нарийн форматыг бүхий л сонин сонирхож “Өнөөдөр”, “Монголын мэдээ”-гээс өгсүүлээд тэгж хэвлэдэг болсон юмдаг. “Чөлөөт хэвлэл сан” үйлдвэртээ шинэчлэл хийгээд нарийн форматаар хэвлэдэг болсон. Одоо “Зууны мэдээ”-гээс бусад нь бүгд нарийн форматаар хэвлэгддэг болжээ. Тэгэхээр манай “Улаанбаатарын сонин” Монголын хэвлэлийн түүхэнд анхдагч үйл эхлүүлсэн байгаа биз дээ. Бас бид зөвхөн мэдээлэл түгээдэг биш, нийслэлд хэрэгтэй гэж үзсэн хэд хэдэн асуудлыг хөндсөн үйл ажиллагаа явуулдаг байсан.
-Тухайлбал?
-Нимгэн гялгар уутыг “жагсаалаас гаргаж” байгальд ямар ч хор хөнөөлгүй цаасан уутыг өргөнөөр хэрэглэх тухай уриалга гаргаж, хотын удирдлагуудад танилцуулж, Иргэдийн хурлаар 0,25 мм-ээс нимгэн гялгар уутыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг хориглох шийдвэр гаргуулан, түүнийгээ сурталчлах томоохон хэмжээний шоуг Эрх чөлөөний талбайд хийж байсан юм.
Мөн Замын цагдаагийн газартай хамтран авто зогсоолын асуудлыг хөндөж, үйлчилгээний газруудын гадаах зогсоол үйлчлүүлэгчид зориулсан нэртэй ч ажилтнуудынхаар нь дүүрч буйг өөрчлөх цуврал арга хэмжээг зохион байгуулж байлаа. Томоохон худалдааны төвүүдийн гадна цагдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын нийгэмлэгээс хүмүүс ажиллууллан шаардлага тавиад ирэхээр өөрчлөгддөг л юм билээ. Хотын замын түгжрэлийн дийлэнх нь жолооч нарын соёлоос шалтгаалдаг. Тиймээс жолоочийн соёл, замын хөдөлгөөний дүрэм журмын талаар сурталчилдаг “Авто сонин”-г хавсралтаар гаргадаг байлаа гээд тоочвол олон зүйл байгаа. Хэдийгээр одоо энд ажиллахаа больсон ч сэтгэл минь үргэлж “Улаанбаатарын сонин”-той хамт байдаг юм.
Ц.БОЛОР
Эх сурвалж: "УЛААНБААТАР СОНИН"
Холбоотой мэдээ