Ц.Раднаа: Биеэ зөв авч явсны ач гавьяа гэж харж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Ц.Раднаа: Биеэ зөв авч явсны ач гавьяа гэж харж байна

Ц.Раднаа: Биеэ зөв авч явсны ач гавьяа гэж харж байна

Польшийн Торун хотод гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ боллоо. 88 орны 500 гаруй тамирчид 45, 50, 60, 70, 80, 90 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсны дунд Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар өндөр амжилт үзүүлсэн билээ.

Ц.Раднаа өөрийн насандаа гурван алт, нэг мөнгөн медаль, Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Өнөөдөр Монголын багийн түрүүч эх орондоо ирсэн бөгөөд Ц.Раднаа хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцлаа.

Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон 85 настай Ц.Раднаа гуайн сэтгэгдлийг хүргэе.

-Эх орондоо ДАШТ-ий гурван алтан медаль, дэлхийн рекорд зэрэг амжилттай ирлээ. Таны сэтгэгдлээ үзэгч түмэндээ хуваалцаач?

-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд үнэхээр их баярлалаа. Намайг амжилтаар минь огшоож өгсөн та бүхэндээ баярлалаа. Та бүхэн надад үнэхээр их том урам зориг өглөө. Та бүхнийгээ дэлхийн дэвжээнд огшоож чадлаа. Сэтгэл их өндөр байна. Үнэхээр их баяртай байна.

-Та өнөөдөр Монгол түмнээ баярлуулж чадлаа. Үнэхээр сэтгэл тань хөдөлж байгаа байх?

-Би 30 гаруй жил спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш. Өмнөговь аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би олон шавьтай. Насаараа спорттой холбоотой байгаа миний хувьд өнөөдөр баяртай байна.  Үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

-2019 оны мастеруудын ДАШТ-ий бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-Улаанбаатарт хотод ирж бэлтгэлээ хийсэн. Үнэхээр сайн байлаа.  Бэлтгэл сайн байсан учраас дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүллээ. Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид оролцсон. 85-аас дээш насны ангилалд АНУ, Их Британи, Япон, Герман , Итали зэрэг орны тамирчид байсан.

-Та Өмнөговь нутгийн хүн шүү дээ. Тиймээс нутгийн зон олондоо юу гэж хэлэх вэ?

-Нутгийн зон олондоо баярлаж байгаагаа хэлмээр байна. Манай Өмнөговь нутгийн ард иргэд хөнгөн атлетикийн төрлөөрөө алдартай. Улсын чанартай томоохон тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Эх орноо төлөөлөн тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргаж байгаа олон тамирчин байна. Нийт тамирчдадаа баярын мэнд хүргэе. Нутгийн ард түмэн минь их баярлаж байгаа.

-Та гэр бүлээ танилцуулаач. Таны хүүхдүүдээс спортын мэргэжилтэн төрсөн байна. Танай удамд спорттой холбоотой тэр дундаа биеийн тамирын багш нар их олон байна гэж сонслоо.

–Миний эхнэрийг А.Пүрэв гэдэг. Манайх 10 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдарч байна. Хүүхдүүд дунд усан спортыг сонирхож хичээллэсэн нэгэн бий. Манайх ер нь спортлог айл. Энэ нь миний олон жил хүүхдүүдтэй ажилласны үр дүн байх. Би маш олон шавьтай. Манай удамд биеийн тамирын багш нар олон байна. Би ганцаараа биш ер нь ах, дүүс дунд спорттой холбогдсон хүмүүс бий. Миний том хүү Украинд усан спортын мэргэжлээр дээд сургууль төгсөж ирсэн.

-Таны өнөөдрийн энэ амжилтаа нууцыг хэлэхгүй юу?

-Би биеэ зөв авч явсны ач гавьяа гэж харж байна. Би архи, тамхи хэрэглэдэггүй учраас өдий зэрэгтэй яваа юм. Спортоор хичээллэж явсан болохоор надад олон талын өвчин байдаггүй. Ганцхан биеэ эрүүл саруул, чийрэг авч явсны ач тус юм даа. Багшийн ажлаа хийгээд тэтгэвэрт гарсны дараа мал дээр хэсэг байсан. Тэгээд эхнэр, бид хоёр хотод хүүхдүүд дээрээ ирлээ. Долоо хоногт хоёр удаа бүжигт явдаг. Энэ ч бас нөлөөлсөн байх. Мөн бэлтгэлээ хийх зорилгоор байнга явган алхана. Үүний ач тусаар би ийм том амжилтад хүрлээ.

-Польшийг явахын өмнө бэртэлтэй байсан гэж байна. Бэртлээ хэрхэн эдгээсэн бэ?

-Хөлдөө бага зэргийн бэртэл байсан. Сайн эдгээж чадсан. Тиймээс надад зовуурь байсангүй амжилттай оролцож ирлээ.

-2019 онд дахин тэмцээнд уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ онд Япон, Канад, Австралид олон улсын тэмцээн байгаа. Эдгээр тэмцээнд оролцох бодол байна.

-Залуу тамирчдад хандаж юу хэлэх вэ?

-Монгол залуучуудын амжилт жилээс жилд өсч байна. Бид бүхэн тэдний амжилтаар бахархаж байна. Тамирчдынхаа амжилтыг хараад надад огших сэтгэл төрдөг. Тэдэндээ улам их амжилт хүсье. Энэ нь Монгол Улсын амжилт шүү дээ.

Ц.Раднаа гуай Өмнөговь аймгийн дунд сургуульд Биеийн тамирын багш хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний хувьд тэтгэвэртээ гарсан ч зүгээр суухыг хүссэнгүй. Эхнэрийн хамт мал маллаж байгаад Улаанбаатарт хүүхдүүд дээрээ иржээ. Одоо тэд долоо хоногт хоёр удаа бүжигт явж, явган алхалтаар байнга хичээллэдэг байна.

Ц.Раднаа гуай 2018 онд Архангай аймагт болсон ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван алтан медальтай иржээ. Мөн Японд болсон олон улсын тэмцээнд оролцож, өөрийгөө улам их дайчлах болсон гэж түүний эгч ярьж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж