Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Сүхбаатар аймагт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Сүхбаатар аймагт зохион байгууллаа

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Сүхбаатар аймагт зохион байгууллаа

“Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийн 3 салбар хуралдаанаас бүрдсэн ээлжит зөвлөлдөх уулзалт 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймагт амжилттай болж өнгөрлөө.

Эхний салбар хуралдааны үеэр Бүсчилсэн хөгжлийн бодлого төлөвлөлтийн арга зүйн асуудал, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Орон нутгийн хөгжлийн бодлогын талаар илтгэлүүд танилцуулагдсан. Үүний дараагаар тус сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд орон нутгийн зүгээс тодорхой бүтээлч саналуудыг дэвшүүллээ.

Үүнд:

  • Сүхбаатар аймгийн үндсэн салбар болох Мал аж ахуйн салбарын судалгааг нарийвчлан боловсруулж, тус салбарыг түлхүү хөгжүүлэх, тэр дундаа мал сүргийн таваарлаг чанарыг нэмэгдүүлэх, нэг малаас авах ашиг шимийн хэмжээг дээшлүүлэх, мал аж ахуйн эрүүл бүсийг бий болгох замаар нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэлтийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх;
  • Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичигт байгаль орчин, уур амьсгал, цөлжилтийн асуудлыг нарийвчлан судалж тусгах, мөн энэ асуудлын хүрээнд цөлжилтөд нөлөөлж буй бэлчээрийн даац, уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн нөлөөллийг бууруулах;
  • Газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тээвэрлэлтийн асуудлыг байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл багатайгаар шийдвэрлэх;
  • Улаанбаатар-Баруун-Урт-Эрдэнэцагаан-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам  барих, Бичигт-Хөөт-Дорнод чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбогдох;
  • Ядуурлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй халамжийн бодлогын хүрээг нарийвчлан тогтоох, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах.

Хоёрдугаар салбар хуралдаанаар танилцуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэр болон эрчим хүчний салбарын хөгжил, байршлын төлөвлөлтийн талаарх илтгэлүүдийн хүрээнд өрнүүлсэн хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн зүгээс

  • Бага оврын хүчин чадалтай хуванцрын үйлдвэр, төмрийн үйлдвэрийг орон нутагт тохирсон хэлбэрээр байгуулах;
  • Хүрэн нүүрсний ордыг зүй зохистой ашиглах, дэвшилтэт техник технологид үндэслэсэн үйлдвэр байгуулах;
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх асуудлыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд үндэслэн авч үзэх;
  • Эдийн засгийн үр өгөөж, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх, мөн уул уурхайн зориулалттай магистраль зам барих асуудлыг шийдвэрлэх зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Гуравдугаар салбар хуралдаанаар Зүүн бүсийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн төлөвлөлтийн асуудал, аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын боломж, дэд бүтцийн талаар илтгэл танилцуулагдлаа. Эдгээр сэдвүүдийн хүрээнд орон нутгийн зүгээс дараах саналуудыг тавилаа. Үүнд:

  • Бүс нутгийн байршлын хувьд Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн хил орчмын болон байгалийн, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй оролцох;
  • Хүн амын суурьшлыг нэмэгдүүлэх зорилгоор их дээд сургуулиудыг зүүн бүсэд чиглэл чиглэлээр байгуулах.

Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн зүгээс дэвшүүлсэн саналуудыг Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгаж хэрэгжүүлэх боломжийг судалж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж