Хуучин тоглогчид шинэ хувьцаагаар цангаагаа тайлна

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Хуучин тоглогчид шинэ хувьцаагаар цангаагаа тайлна

Хуучин тоглогчид шинэ хувьцаагаар цангаагаа тайлна

Хөрөнгийн зах зээлийн хуучин тоглогчид нойрноос сэрж эхэллээ

Монголын үнэт цаасны зах зээл хэзээ мөдгүй хагас жарныг элээх гэж буй ч өлгийнөөсөө дөнгөж өндийж байна. 2017 оноос энэ зах зээл сэргэж, шил шилээ дарсан шинэ гишүүдээр бүл нэмсэн. Ингэснээр хөрөнгийн зах зээл хэмээх санхүүгийн далайгаас ундаалах дотоодын тоглогчдын тоо өссөн юм. Тэгвэл дуу дуугаа авалцсан шинэ гишүүдийн дуулианаар энэ зах зээлийн хуучин тоглогчид ч нойрноос сэрээд байна.

Хөрөнгийн зах зээлийн тугийг монголд хатгаснаас хойших 30 орчим жилд хувьцаат компани нэрээр овоглож, олон нийт, хөрөнгийн биржийн өмнө үүрэг хүлээсэн 200 орчим компани бий болжээ. Гэхдээ үүний ердөө 10 гаруй хувь нь арилжаанд оролцож, хөрөнгийн зах зээлийн 90 хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин нийт тоглогчдын 90 орчим хувийнх нь үнэт цаас зах зээлийн лангуун дээр идэвхтэй арилжигддаггүй, хөрөнгө оруулагчид ч шунаж дурлан сонирхдоггүй. Зарим аж ахуйн нэгж нь хувьцаат компани нэртэй ч хувьцааг нь хөрөнгө оруулагчид тоодоггүй ичмээр дүр зураг ч ажиглагдах болсон.

Тэгвэл нам гүм, ажиглагчийн байр суурьтайгаар зах зээлд оролцож байсан тоглогчид сүүлийн үед нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээлд эргэн ирж эхэллээ. Хэдэн сарын өмнө хүнсний салбарын “Хөвсгөл алтан дуулга” компани 4.4 сая ширхэг нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгосон. Тэртээ 1996 онд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжиж эхэлсэн тус компани 20 гаруй жилийн дараа энэ зах зээл рүү эргэсэн нь энэ. Ингэснээр тус компани 3.74 тэрбум төгрөг босгож, санхүүгийн чадамжаа эрс сайжруулжээ. Тус компани хөрөнгө оруулагчдаас авсан санхүүжилтээрээ гурилын үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж байгаа аж. Бас болоогүй, хуримтлагдсан цэвэр ашгаасаа нийт 1.88 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон, хувьцаа эзэмшигчиддээ хуваарилах аж.

Тэгвэл нэмэлт хувьцаа гаргаж, санхүүжилт татаж буй хувьцаат компаниудын буухиа ирэх саруудад ч үргэлжлэх нь. Энэ зах зээлийн цөөнгүй тоглогч нэмж хувьцаа гаргахаар төлөвлөж  байна. Одоогоор эдгээр компанийн нэмэлт хувьцааны үнэ болон хэмжээ тодорхойгүй бөгөөд энэ сард болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар эцэслэх аж.

Тухайлбал, “Хөвсгөл алтан дуулга” компанитай ижил салбарт үйл ажиллагаа явуулдаг “Дархан гурил тэжээл” компани нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд 2.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тус компани энэ сарын 27-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, нэмэлт хувьцаа гаргах эсэхээ шийдэх аж. Тус компани 2018 онд хөрөнгийн үнэлгээгээ дахин хийлгэснээр орлогын нийт дүн нь 32 тэрбум төгрөг давжээ.

Компаниуд эргэлтийн хөрөнгөнөөс гадна өр төлбөрөө төлөхийн тулд нэмэлт үнэт цаас санал болгож байна. “Шарын гол” компани өр төлбөрөө хувьцаагаар солихын тулд нэмж хувьцаа гаргахаар төлөвлөжээ. Тус компанийн хувьцааны ханш энэ сард унаж, 1611 төгрөгтэй тэнцсэнээр сүүлийн 10 жилийн доод түвшин рүү унаад байсан бол нэмэлт хувьцааны мэдээллийн дараа үнэт цаасны үнэ нь дөрвөн арилжаа дараалан өсөж, 1955 төгрөг болоод байна.

“Шарын гол” өрөө хувьцаагаар солихын тулд нэмэлт хувьцаа гаргана

Ер нь он гарсаар хөрөнгийн биржийн компаниуд нэгдэн нийлэх нь нэмэгдээд байгаа. Тухайлбал, “Баян-Алдар” компани “Монгорүматрикс Гинко”-той нэгдэж, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулахаар болсон. Шинээр мэндэлсэн “Баян-Алдар ББСБ” компани хувьцаагаа хувааж, нэмж хувьцаа гаргахаар төлөвлөж байна. Тус компанийн нэгж хувьцааны ханш сүүлийн байдлаар 1001 төгрөгт хэлбэлзэж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 19.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.

Мөн вэб програмчлал, онлайн зар сурталчилгааны салбарын “Оллоо” компани “Ивээл”, “Би энд Би Пикчерс”-тэй нэгдэн, хаалттай хүрээнд шинээр энгийн хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа аж. Эцсийн шийдвэрээ энэ сарын 26-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар гаргах аж. Эдгээр компаниас гадна “Бөхөг”, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компани ч санхүүжилт татах нэмэлт хувьцаа гаргахаар зэхэж эхэлжээ.

Үнэнийг хэлэхэд, үнэт цаасны өрсөлдөөнийг “АПУ”, “Сүү”, “Говь” зэрэг цөөн хувьцаат компани өнгөлж, эдгээр компаниар монголын хөрөнгийн зах зээлийн тоглогчдыг төсөөлдөг. Мөн хөрөнгийн төвлөрөл ч цөөн хэдэн хүний атганд багтдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ төвлөрөл сарниж эхэлжээ.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Дотоодын компаниуд урт хугацаа, бага өртөгтэй санхүүжилт татах боломж байгааг олж харж байна. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлийн гол давуу талыг анзаарч байна гэсэн үг. Нөлөө талаас, хадгаламжийн хүү буурснаас үүдэн иргэд өгөөж өндөр үнэт цаасыг сонирхож эхлээд байна. Бизнес эрхлэгчид болон иргэд хоёрын энэ солбилцол дээр хөрөнгийн зах зээл идэвхжиж байна” хэмээн тайлбарласан юм. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Шинэ болон нэмэлт бүтээгдэхүүн санал болгоход дотоодын зах зээлд багтаамж байна уу гэдгийг судалсан. Хангалттай орон зай бий гэсэн дүгнэлт гарсан. Урт хугацааны хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлснээр санхүүгийн зах зээлд цөөнгүй эерэг зүйл авчирна” хэмээн өгүүллээ.

Компаниуд төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөх зэрэг санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд нэмэлт хувьцаагаа зах зээлийн лангуун дээр дэлгэдэг. Ингэснээр хямд санхүүжилтийг урт хугацаатай татах боломж бүрддэг. Мөн компанийн хувьцааны тоо ширхэг нэмэгдэж, өөрийн хөрөнгө нь өсдөг байна. Олон улсын үнэт цаасны зах зээлд нэмэлт хувьцаа арилжих нь хямд хүү, урт хугацаатай мөнгө босгох түгээмэл арга. Тиймээс санхүүгийн хэрэгцээгээ хангаж, мөнгөний эрэлтээ залгуулахын тулд компаниуд нэмэлт хувьцаа тогтмол гаргадаг. Ялангуяа, уул уурхай, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн компаниуд шинэ үнэт цаасны хооронд “амьжиргаагаа” залгуулдаг. Тухайлбал, бидний сайн мэдэх, БНСУ-ын Samsung Electronics компанийн дүрмийн сан 1975 онд гурван тэрбум вон байжээ. Харин компани нэмэлт хувьцаа тасралтгүй гаргасаар дүрмийн сангаа 800 тэрбум вонд хүргэсэн түүхтэй.

Ийнхүү манай дотоодын хөрөнгийн зах зээл будаг нь ханхалсан шинэ тоглогчдоос гадна “нүүр”-ээ угаасан танил гишүүдээр хүрээгээ ч, хөрөнгөө ч нэмээд байна. Мөн Монгол Улсад зам дэд бүтэц, цахилгаан станц, үйлдвэрээс эхлээд олон салбарт эргэлтийн хөрөнгө эрэлттэй хэвээр байгаа бөгөөд бизнесүүд санхүүжилтээр ангасаар буй нь харагдаж байна. Харин энэ цангаагаа дотоодын бизнес эрхлэгчид боломжийн хүүтэй, урт хугацаатай, хэний ч хорхойг хүргэх амттай аргаар тайлж эхэллээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж