“Jenesys 2018” хөтөлбөрт хамрагдсан залуусын хамгийн хөгжилтэй хийгээд сэтгэл догдлуулсан мөч бол Япон орон, япончуудын амьдралын хэв маяг, найрсаг зочломтгой занг мэдрүүлэх зорилго бүхий япон айлд зочилж, гэр бүлийхэнтэй нь хоёр өдрийг хамт өнгөрүүлсэн явдал юм.
Хөтөлбөрт хамрагдсан залуус аяллын сүүлийн өдрүүдээ газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал хөгжсөн 20000 гаруй хүн амтай Күмамото мужийн Минами Асо тосгонд өнгөрүүлсэн юм. Тэнд тосгоны иргэдэд аюул сэрэмж авчирсан түүхэнд Күмамотогийн газар хөдлөлт болон минимата өвчний эх үүсвэр хэмээн бараанаар тэмдэглэгдэн үлдсэн хоёр ч үйл явдлыг сургамжийг ой тойндоо үлдтэл танилцсан ч япончуудыг илүү гэгээтэйгээр төсөөлөх, мэдрэх боломжийг “homestay” олгосон гэж хэлж болно.
Хэдийгээр үзэсгэлэнт Токиогоос эгэл жирийн тосгоныг зорьж очоод байсан ч арлын орныг илүү сэтгэлд ойртуулсан нь японы аав, ээжтэй болох сонирхолтой хөтөлбөр байлаа. Бүх зүйл нь хачин эмх цэгцтэй, байгаль нь мөнхийн ногооноороо байдаг мэт нэг л дотно мэдрэмж төрүүлсэн юм. Тосгоны иргэд ч хөдөлмөрч хичээнгүй. Ихэнх нь газар тариалан эрхэлж, үхэр маллана. Энэ ажилдаа өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг аж.
“Jenesys 2018” хөтөлбөрийн багийнхан дөрөв, таваараа хуваагдан уламжлалт хэв маягаар амьдардаг Япон айлд хонож ахуй амьдралтай нь танилцсан юм. Орчуулагч Б.Болормаа багш ”Та нар нэг өдөр Япон айлын хүүхэд болно гэсэн үг. Тийм ч учраас очоод гэрийнх нь ажилд туслаарай. Аав, ээж гэж дуудаж болно” хэмээн хэлж байлаа.
Бид товлосон газраа ирэхэд Минамо Асо тосгоны иргэд биднийг халуун дулаанаар угтан авлаа. Үнэндээ бидний төсөөлөөгүй тийм л халуун дулаан уур амьсгал, найрсаг зочломтойгоор биднийг цомхон хүндэтгэлийн ёслолоор угтав. Уулзалтын учир утгыг төвөггүй монгол хэлээр ойлгуулж, мэндчилсэн тосгоны даргын үг үйлдэл манай багийнханд сайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой бөөн инээд хөөр, шуугиан болцгоосоор өөрсдийн япон аав, ээжийг даган явцгаалаа.
Хамгийн сонирхолтой нь бидний зочилсон айлын Ямабэ өвөө суудлын тэргэндээ биднийг суулгаж, харин эмээ нь ачааны машинаа жолоодоод бидний тээшийг ачсаар гэртээ ирсэнд мөн л гайхлаа. Биднийг гэрийн эзэгтэй халуун дотноор угтан авсан ба шууд л хамтдаа будааг шанзаар ороосон амттан хийж идэв.
Бидэнд японы хөдөөх тосгоны жирийн гэр бүл монголын талаар ямар ойлголттой явдаг нь хамгийн сонин байсан тул цайлав уу үгүй юу асуултаа асуухаар ам уралдсан юм. Ямабэ өвөө “Монголыг бид сүмогоор сайн мэднэ. Монгол бөхчүүд маш их хүчтэй. Монгол бөхчүүдийн зураг, мэдээлэл гарсан сонин манайд олон бий. Харин манай эндхийн дунд сургуульд морин хуурын талаар заадаг. Тиймээс манай хүүхдүүд бүгд л монголчуудыг морин хуураар нь сайн мэднэ дээ. Ер нь Монголыг өргөн уудам, хүмүүс нь ч тал нутаг шигээ уужим сэтгэлтэй гэж төсөөлдөг” гэсэн юм.
Харин бидний гарын бэлэг болгож өгсөн морин хуур бүхий дурсгалын жаазыг хоймортоо залж хүндэтгэл үзүүлсэн юм.
Харин япон эмээ “Хүн болгоныг хүндэлж сайхан харилцах хэрэгтэй. Хүнтэй нэг удаа уулзсан ч сайхан сэтгэгдэл төрүүлж, бүх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Энэ нь бид хоёрт аз жаргал авчирч, амьдралыг илүү сонирхолтой, утга учиртай болгодог. Сайн үйл хийвэл хариу нь ямар нэгэн байдлаар заавал буцаж ирдэг. Тийм ч ураас бүгдээрээ өнөөдөр энд инээлдээд сууж байна” хэмээн өгүүлж байлаа. Хоёр буурай хүссэн зүйлээ тэр дундаа ажлаа маш сайн хийх үедээ хамгийн их аз жаргалтай болдог гэсэн. Тэд 50 гаруй жил хамт амьдарч үр хүүхдээ мэдлэг боловсролтой хүмүүс болгож өсгөжээ. Харин одоо ач, зээ нараа харж хандаж явдаг гэнэ.
Эгэл жирийн япон айлд очоод хийсэн нэг сонирхолтой зүйл нь онсэн буюу халуун рашаанд орох байв. Минами Асо тосгон халуун рашаанаараа ихээхэн алдартай. Япончууд өглөөний цайндаа заавал мисо шөл уудаг. Үүний хажуугаар олон төрлийн, ногоо, будаа өндөг зэргийг хольж иддэг. Ийнхүү ард иргэд амьдралдаа эрүүл хооллолтын хэв маягийг хэвшүүлсэн нь урт наслах гол шалтгаан болж байгаа нь илэрхий. Үүний дараа бид хамтдаа ногоон цай ууж, гүзээлзгэнэ амтархан идсэн юм. Нэг л мэдэхэд буцах цаг болсонд бид жаахан харамсангуй байв. Орон нутгийнхаа онцлог бүхий газраар биднийг дагуулан явж, хамаг сайхан “сэтгэлээ” дэлгэсэн япон айлд зочлох тийм нэг дулаахан байв. Jenesys-2018 хөтөлбөрт хамрагдан Япон орны ахуй соёл, уламжлал, хөгжил дэвшилтэй танилцан долоо хоног аялахдаа япон хүмүүсийн аливаа зүйлд сэтгэлээсээ хандах хандлага, хөдөлмөрч, хичээнгүй нямбай занг мэдэрч явсан юм
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ