Дэлхийд гайхагдсан 85 нас | News.MN

Дэлхийд гайхагдсан 85 нас

Дэлхийд гайхагдсан 85 нас

Ц.Раднаа гуай удахгүй болох мастер олимпод өрсөлдөх том зорилго өвөрлөн явна

Дэлхийд гайхагдсан 85 нас

Польш улсад болж өнгөрсөн хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ээс гурван алтан медаль авч, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон 85 настай Ц.Раднаа гуайн бахархам амжилтыг улс даяараа шагшиж байна. Түүртсэн шинжгүй түрүүлж ирчихээд, төрийн далбаагаа мөрөндөө намируулан цэнгэлдэх тойрон гүйх бичлэгийг нь олон хүн нүдэндээ нулимстай үзсэн. Хөнгөн атлетикийн мастерс ангилал буюу 45-аас дээш настнуудын дунд зохиогддог уг тэмцээнд оролцогчдын 10 хувь нь 80-аас дээш насныхан. Хамгийн ахмад тамирчин нь 95 настай Финланд улсын иргэн байсан бол 85 настай зургаан тамирчны нэг нь манай Ц.Раднаа гуай байжээ. Тэрбээр саадтай гүйлт, уртын харайлтаар үзэгчдийг алмайруулж, 400 метрийн зайн гүйлтэд шинэ дээд амжилт тогтоосон.

85 насандаа дэлхийг гайхшруулсан түүний амжилтын нууц нь хөдөлгөөн, хөдөлмөрч чанар гэж дүгнэж болох ч, арыг нь дааж, ачааг нь үүрэлцсэн насны хань А.Пүрэвийнх нь хайр халамжаас үндэслэсэн гэлтэй.

А.Пүрэв гуай өвгөнөө тэмцээнд явахынх нь өмнөхөн “хоёр алтан медаль авлаа” гэж зүүдэлсэн тухайгаа хэлж, сүү өргөн ерөөжээ. Харин нөгөөдөр Ц.Раднаа гуай дөрвөн медалиа гялалзуулсаар эх орондоо ирэх юм.

УЛСДАА ЖИЛ БҮР ТҮРҮҮЛДЭГ БАЙВ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат, ОУХМ Ц.Раднаа гуайн амьдрал тэр чигээрээ хөнгөн атлетикийн суурь бэлтгэл байв. Биеийн тамирын багш мэргэжилтэй тэрбээр аймгийнхаа бараг бүх сумдаар тойрон багшилсан. Социализмын үед жил бүр зохион байгуулдаг “ХБХБ тэмдгийн норм” хангахад үргэлж манлайлдаг, цаашлаад улсын чанартай спортын олон төрөлт тэмцээнд идэвхтэй оролцдог байжээ. Олон ч шавьтай, тэднийхээ төлөө цаг наргүй зүтгэж, спортод амжилт гаргахаас илүүтэй өөрийгөө ялж, эрүүл зөв амьдралын хэвшилтэй хүн болж төлөвшихийн чухлыг сургадаг байв.

Ц.Раднаа гуай тэтгэвэрт гараад Өмнөговь аймгийн Булган суманд малчин болжээ. Хэдэн малын хойноос хөөцөлдөж, хар бор ажилд хатингаршиж нухлагдсангүй. Харин ч эрүүл агаарт хөдөлгөөн ихтэй, өвөлдөө чийрэгжиж, зундаа зөв хооллож амьдарсан он жилүүдээ тэрбээр “амьдралын их сургууль” гэж хэлэх дуртай. Сайн ханийн буянд ар гэрийн ажил, үр хүүхдийн хүмүүжил, идэх хоол, түлэх түлш гэж ганц удаа санаа чилээж үзээгүй Ц.Раднаа гуайд малчны амьдрал ихийг өгсөн. Тэтгэвэрт гарлаа гээд хүний тооноос хасагдаж, гараа хумхин, биеэ чагнаж суулгүй цоо шинэ амьдралд дахин төрсөн мэт хүлээж авчээ. Тиймээс малчны хотонд өнгөрүүлсэн арав гаруй жилээ нандигнан хайрладаг гэсэн.

2006 онд Ц.Раднаа гуай улаанбаатар хотод ирж амьдрах болсон нь дахин нэг шинэ мөчлөг эхлүүлсэн явдал боллоо. Хөнгөн атлетикийн мастерс ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд 70-аас дээш насныхантай өрсөлдөж, жил болгон түрүүлдэг байв. /Монгол Улсад 80-85 насны ангилал гэж байхгүй, шууд 70-аас дээш нас гэж заасан байдаг/ харин ноднингоос 70 настай нэг “хүү” Ц.Раднаа гуайн урд гишгэдэг болчихоод, гүйцэгдэхгүй байгаа гэсэн.

2018 оны намар Ц.Раднаа гуай Японы Нара хотод болсон ахмадын хөнгөн атлетикийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Нислэгийн зардал өндөр санагдсан тул газраар явахаар шийджээ. Ингээд хятадын нутгийг автобус, галт тэргээр туулаад, усан онгоцоор арлын улсад газарджээ. Очсон өдрийнхөө маргааш нь шууд гүйлтийн тэмцээн эхлэв. Энд бэлтгэл хийдгээс шал өөр орчинд, резинэн зам дээр гүйхэд гишгэдэл алдаж хөлөө гэмтээсэн аж. Гэсэн ч Ц.Раднаа гуай 100, 200 метрийн гүйлтээс хос мөнгөн медальтай эх орондоо ирсэн юм. Медалиас илүү үнэт зүйл тээж ирсэн нь “дэлхийн дэвжээ надад ойрхон юм байна” гэх итгэл. Тиймдээ ч энэ жил ДАШТ-д нэгэн шинэ дээд амжилт, гурван алтан медаль, нэг мөнгөн медаль “хамж” ирсэн биз ээ.

Ц.Раднаа гуай хөнгөн атлетикаас гадна цэнгээнт бүжгээр хичээллэж, ахмадын аварга шалгаруулах тэмцээнээс олон шагнал хүртсэн. Түүний амьдралд тэмцээн гэдэг өдөр тутмын хэвшил л гэсэн үг. Элдэв уураг, аминдэм хэрэглэж үзээгүй, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт байнга хамрагддаг, зөв зохистой амьдралын хэв маягийг сурталчилж буйгаа ирээдүй хойчийн өмнө гүйцэтгэх үүрэг гэж тэр үздэг.

  • Хятадын нутгийг автобус, галт тэргээр туулаад, усан онгоцоор арлын улсад хөл тавьсны маргааш нь шууд гүйлтийн тэмцээн эхлэв. 
  • Медалиас илүү үнэт зүйл тээж ирсэн нь “Дэлхийн  дэвжээ надад ойрхон юм байна” гэх итгэл. 
  • Тэтгэврийн хэдэн төгрөгөө зөв зохицуулаад, үр хүүхдийнхээ дэмжлэгээр тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцсоор ирсэн.

Гурван жилийн өмнө “Зайсан толгойн бүх шатыг нэг ч амралгүйгээр өгсөж гарч ирсэн гайхалтай өвөө” хэмээн нэгэн телевизийн сурвалжлагч охин ярилцлага авч байсан нь одоогийн дэлхийн аварга Ц.Раднаа юм. Тэрбээр хандив тусламж, ивээн тэтгэгч хайж гүйгээгүй, тэтгэврийн хэдэн төгрөгөө зөв зохицуулаад, үр хүүхдийнхээ дэмжлэгээр тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцсоор ирсэн. Дэлхийд монголоо дуурсгасан нь түүний амьдралын дөрөв дэх идэвхтэй үе эхэлсний дохио боллоо. Ц.Раднаа гуай удахгүй болох мастер олимпод өрсөлдөх том зорилго өвөрлөн яваа.

ДЭЛХИЙН АВАРГЫН АМЖИЛТЫГ "ДАМЖИЛСАН" БУУРАЙ

Ц.Раднаа гуай арван хүүхэдтэй, өнөр өтгөн өрхийн тэргүүн. Голомт тусгаарласан арван өрхөөс ургаж нахиалсан зуу гаруй үр ач аймгтаа болон Улаанбаатар хотод амьдардаг. Түүний хань А.Пүрэвийг “Бүүеэ” гэж нутгийнхан нь авгайлдаг. Халамжтай, цэвэрч нямбайгаараа алдартай нэгэн аж. Намын үүрийн орлогч дарга, нарийн бичгийн дарга, мөн дотуур байрны эрхлэгч хийж байсан. Бүүеэ гуай нөхрөө ар гэрийн ажилд оролцуулдаггүйгээр барахгүй цалин пүнлүүг нь ч өөрт нь л зарцуулдаг байсан ажээ. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа ховорхон харах ханьдаа ганц удаа гомдлын үг хэлж үзээгүй гэсэн. Амжилт гаргаад ирэх тоолонд нь магтан дээдэлж, ханиараа бахархсаар нэгэн насыг туулсан хоёр буурай өдгөө 63 дахь жилээ хамтдаа туулж байна.

Тэдний арван хүүхдийн хүмүүжилтэй, ухаалгийг нутгийнхан нь шагшдаг. Ц.Раднаа гуайнх олон хүүхэдтэй атлаа өлөн тоосгүй, цэмцгэр айл байв. Хүүхэд тус бүр өөр өөрийн хариуцсан үүрэгтэй, бөмбөгөр гэртээ ногдсон орон зайгаа дээд зэргийн эмх цэгцтэй авч явдаг, аймгийн тэргүүний сурагчид байжээ. Бүүеэ гуай өөрийн хүүхдүүдээс гадна дотуур байрны ядарсан, хир, бөөсөндөө баригдсан хүүхдүүдийг гэртээ авчирч, угааж цэвэрлэн, хооллож ундлаад, арай томхон хүүхдүүддээ хариуцуулан өгдөг байжээ. Хүүхдүүдээс гурав нь аавынхаа мэргэжлийг өвлөхөөр Биеийн тамирын дээд сургууль төгссөн аж.

Ц.Раднаа гуайн хоёр дүү ная гарсан буурай нар ахынхаа амжилтыг сонсоод баярлан хөөрч, заавал Чингис хаан онгоцны буудалд тосч авна гэсээр Өмнөговиос Улаанбаатарт ирчихсэн хүлээж байгаа. Тэд “Ахын минь ингэж амжилттай яваа нь бэргэний маань л гавьяа” гэж үнэлдэг гэсэн.

Монгол эрчүүдийн дундаж наслалт 66-г зааж, гуравны нэг нь таргалалттай гэсэн тоон мэдээлэлтэй өнөөгийн нийгэмд Ц.Раднаа гуайн гайхамшигт амжилт зөв үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс бахархалт нэгэн иргэнээ хүндлэлтэйгээр тосон авч, төр засаг зохих ёсоор үнэлэн, бизнесийнхэн ч талархал илэрхийлэх өдрүүд айсуй.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бярдамба 2019-04-02 91.79.216.193

Гое гое, Естой бахархсан шуу

Avatar

БАХАРХАЛ 2019-04-02 202.179.26.139

АХ БОЛ ЕРӨӨСӨӨ ТООМСОГ ШИГ Л ДАВХИЖ БАЙНА ЛЭЭ. ЁСТОЙ ШАР ҮС БОССОООН…

Avatar

mgl 2019-04-02 202.9.43.212

jinhene Mongol gaihamshig.

Avatar

Зочин 2019-04-02 202.179.25.39

Ямар хөөрхөн, мундаг, бас бахархмаар юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж