Монгол Улсын төлөөлөл анх удаа оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Монгол Улсын төлөөлөл анх удаа оролцлоо

-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Товчооны хуралд Монгол Улсын төлөөлөл анх удаа оролцлоо-

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Товчооны хурал 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Данийн Вант Улсын Копенгаген хотноо боллоо.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Товчоо 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Данийн Вант Улсын Копенгаген хотноо хуралдаж, хийгдсэн ажлууд болон цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Хурлыг нээж ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь ДВУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Питер Женсен үг хэлж, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Сангийн эрхлэгч Роберто Бателли, Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Спенсер Оливер нар тайлангаа тавив. Мөн сонгууль ажиглагчид, тусгай төлөөлөгчид явуулсан үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж, 2015 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Финланд Улсын Хельсинки хотноо зохиогдох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хурлын үеэр хэлэлцэх тогтоолуудын төслийн талаар Ерөнхий хороодын илтгэгчид танилцуулга хийлээ. Энэ удаагийн Парламентын Ассамблейн Товчооны хуралд Монгол Улсын төлөөлөл анх удаа оролцсоноор онцлог болов. МУИХ-аас тус хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Л.Болд оролцож, 2015 оны 9 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийв. Төлөөлөгчид Монгол Улс Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн, идэвхтэй оролцохоо илэрхийлэв.
Товчооны хурлын өмнө УИХ-ын гишүүн Л.Болд Парламентын Ассамблейн Тамгын газрын дэд дарга нар болох Густаво Пайяарес, Семён Дзахаев нартай уулзаж намрын хурлын ерөнхий сэдвийг тохирч, цаашид хурал амжилттай зохион байгуулахад анхаарах зүйлсийн талаар ярилцав.

Мөн хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей Ерөнхийлөгч Илкка Канерва, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь ДВУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Питер Женсен, Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Спенсер Оливер, БНФУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Парламентын Ассамблейн дэд Ерөнхийлөгч Алан Нэри, БНКиргиз Улсын Парламентын гишүүн, Парламентын Ассамблейн Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи болон байгаль орчны асуудлаарх хорооны дарга Роза Акназарова, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Терроризмтай тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Н.Ковалёв,БНАзербайжан Улсын Парламентын гишүүн, Парламентын Ассамблейн Улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны дэд дарга Азай Гулиев нартай уулзаж ярилцав. Мөн өдөр УИХ-ын гишүүн Л.Болд Дани Улсын Парламентын Олон улс судлалын дээд сургуультай хамтран зохион байгуулсан Хельсинки+40 семинарт оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж