Генри Киссинжер: Олон улсын хэв журмыг орос улс шиг тоглогчгүйгээр төсөөлөхөд бэрх | News.MN

Генри Киссинжер: Олон улсын хэв журмыг орос улс шиг тоглогчгүйгээр төсөөлөхөд бэрх

Генри Киссинжер: Олон улсын хэв журмыг орос улс шиг тоглогчгүйгээр төсөөлөхөд бэрх

Генри Киссинжер: Олон улсын хэв журмыг орос улс шиг тоглогчгүйгээр төсөөлөхөд бэрх

Дэлхийн шинэ хэв журам ямар байх ёстой, ОХУ, АНУ хамтдаа юуг туулж гарах ёстой талаар Америкийн дипломат албаны ахмад зүтгэлтэн Генри Киссинжер ТАСС-ын ерөнхий захирлын тэргүүн дэд орлогч Михаил Гусмантай ярилцсаныг орчуулан хүргэж байна.


-ЗСБНХУ, АНУ хоорондын тухайн үеийн, ОХУ, АНУ-ын одоогийн харилцааны талаар ярихаар бол эдгээр харилцаа урьд, одоо хоёрын алинд нь илүү хурцадмал байсан бэ. Тэр үеийн хийгээд өнөөгийн бидний харилцааны ямар ямар эерэг, сөрөг зүйлийг та онцлох вэ?

-Миний бодлоор тууштай, системтэй харилцан яриа байхгүй учраас энэ цаг үед бидний харилцаа илүү царцанги байдалд байна. Гэхдээ байдал сайжирч, бид амжилт олно гэсэн найдвар надад бий. Хүйтэн дайны болон сөргөлдөж байсан цаг үед нөхцөл байдал өөр байсан. Сөргөлдөөнийг намжаах явдал тэр цаг үеийн тулгамдсан зорилт байв. Өнөөдөр харин дэлхийн шинэ хэв журам бий болгох, энэ шинэ хэв журамд бүгдэд орон зай ногдоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр уг хэв журмыг бий болгох үйл явцад бүх улс орон оролцох ёстой зорилт оршиж байна.

-Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөл байдлыг хүйтэн дайн гэж яагаад ч үзэж болохгүй биз дээ?

-Үгүй ээ, орчин үеийг хүйтэн дайн гэж би үзэхгүй байна.

-Бидний харилцааны олон жилийн түүх намтарт тулгуурлаад хямралыг гэтэлж давахын тулд та юу зөвлөх вэ?

-Мэдээж, би энэ нөхцөл байдлыг америк хүний нүдээр харж байна.

-Тэгэлгүй яах вэ?

-Америкийн бодлогын үндсэн дүгнэлт, ашиг сонирхлыг би дэмжиж байгаа нэгэн. Гэхдээ, Оросын Холбооны улс бол агуу түүхтэй асар том улс орон, томоохон тоглогчдын дунд Орос улсгүй олон улсын тийм хэв журмыг төсөөлөхөд надад амаргүй санагдаж байна.

ОХУ, АНУ харилцан бие биенээ хүндэтгэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ийм нэг зорилго оршиж байна. Амжилт олоход урт цаг хугацаа өнгөрнө. Гэлээ ч энэ зорилгын талаар үргэлж санаж явах ёстой.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, төрийн нарийн бичгийн дарга, дипломатчаар олон жил ажилласан намтар түүхтэй хүний хувьд бүтэн нойртой хонуулаагүй ямар үйл явдал бүхий хамгийн хүнд бэрх цаг үеийг дурсаж санадаг вэ?

-Пруссын нэг ван шөнө унтаж чадахгүй байна хэмээн Бисмаркт зовлон тоочжээ. Хариуд нь Бисмарк эрх баригчийн албан тушаал шөнө нь заавал унтаж чаддаг байхыг шаарддаг юм гэжээ. Олон шөнө нойргүй хонож байсан гэж хэлж би чадахгүй. Гэхдээ Төв Европын ирээдүйн талаар, аль эсвэл өөр бусад нарийн төвөгтэй асуудал тулгарч байсан үед нөхцөл байдал бүрхэг бараан байсан шүү. Гэсэн хэдий ч иймэрхүү хямралтай үед би эцсийн бүлэгт гарц олдоно, тэгээд бид зэрэгцэн хамтарч ажиллах болно гэдэгт итгэж найдаж байсан, одоо ч мөн итгэж найдсан хэвээр байгаа.

-Тухайн АНУ-д сууж байсан ЗСБНХУ-ын Элчин сайд Анатолий Добрынины тухай баримтат кино бүтээж байна. Та хэрэв эргэн санаж байгаа бол ЗХУ, АНУ-ын харилцаанд Элчин сайдын хувьд түүний гүйцэтгэсэн үүргийг хэрхэн үнэлэх вэ?

-Намайг Ерөнхийлөгч Никсоны дэргэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд томилсон тэр цаг үед би Анатолий Добрынинтэй танилцсан. Энэ бол хүйтэн дайны цаг үе байсан.

Бидний хооронд зөрүүтэй санаа бодол олон байсан. Гэсэн хэдий ч бидний хамтын хүчин чармайлтын хамгийн гол зорилго бол манай хоёр улс орны хамтын ажиллагаа юм гэдэг итгэл үнэмшилд хүрч чадсан. Нэг талаас бид сөргөлдөгчид, нөгөө талаас түншүүд байсан юм.

Яваандаа бид андууд болцгоосон. Москва руу айлчлалаар явах бүрийнхээ өмнө би Добрынинтэй заавал уулздаг байсан. АНУ-д суух элчингээр ажиллахаа больсон хойно нь ч бид уулздаг л байсан.

-Тийм ээ, та хоёр олон удаа уулздаг байжээ. Ямар уулзалт, эсвэл уулзалтын тодорхой хэсгийг та илүү сайн дурсаж санадаг вэ?

-Маш хатуу ширүүн мэдэгдэл хийж байсан уулзалтууд ч бий, тэр бүрийд мань хүн нэр төртэй байж, чадварлаг дипломатын ёсоор биеэ авч явсан. Хэлэлцээрийг үр дүнд хүргэж чадсан уулзалтууд Москвад ч, өөр газарт ч бид цөөнгүй болдог байсан. Энэ бол бидний харилцааны хамгийн сайхан мөчүүд байсан. Тэр бол эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалдаг, нухацтай, хүндтэй эрхэм түнш байсан. Манай улс орнуудын улстөрчдөөс бидний өмнө дэвшүүлж тавьсан зорилтуудыг шийдвэрлэхийн төлөө бид цаг ямагт урам зоригтой ажилладаг байсан.

-Миний бодлоор, таны дипломат албаны карьерыг хамгийн гайхамшигтай гэж үзэж болох байх. Та бол үнэхээр агуу том дипломатч. Залуу дипломатуудад та юу зөвлөх вэ. Тэд бол томоохон өөрчлөлт болж байгаа тэс ондоо ертөнцөд амьдарч байгаа хүмүүс. Дипломат албаны карьерээ дөнгөж эхэлж байгаа мэргэжил нэгтнүүдэд хандаж та юуг захиж хүсэх вэ. Киссенжерийн зөвлөмж?

-Тэд зорилгоо ухаарч ойлгох, мөн илүү алс хэтийн зорилгыг санаж явахын зэрэгцээ манай улс орнуудын харилцаан дахь хойшлуулшгүй нэн чухал асуудлыг шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Үүний хамт бусад улс орнуудад ч өөрийн зорилго байдгийг ажилдаа харгалзан тусгаж байх, тэгээд харилцан ойлголцолд хүрсний дараа энхийн харилцааг тогтоох хэрэгтэй. Өнөөгийн дипломатуудын шийдэх ёстой асуудлууд руу гүнзгийрч орохоосоо өмнө зогссон нь дээр гэж би бодож байна. Анатолий Добрыниныг хүндэтгэн санаж дурсах боломж олгосонд би танд талархал илэрхийлэхийг хүсч байна. Тэр бол домогт бие хүн, Зөвлөлтийн дипломатын өнөө маргаашийн зорилтуудыг бодохоос гадна маш холч ухаантай, улс орныхоо ашиг сонирхлыг гайхалтай сайн хамгаалагч байсан.

-Кремльд болсон уулзалтуудаас ямар нь таны санаанд илүү хадгалагдаж үлдсэн бэ? Ерөнхий нарийн бичгийн дарга Брежневтэй таны хийсэн хэлэлцээг би санаж байна. Брежневтэй хэлэлцээ хийх үеэр таныг асуулт тавихаар Брежнев цонх руу очиж, тамхи татсанаа буцаж ширээ рүү ирдэг байсан гэж та арван жилийн өмнө уулзахдаа надад ярьж байсан.

-Тийм ээ. Орос хэл рүү орчуулсан асуултыг тэр сонсдог, тэгэхдээ миний юу ярьж байгааг ойлгодоггүй байсан. Намайг асуулт тавьж байх зуур ширээнээс холдоно. Өрөөсөн буландаа ширээтэй том өрөө байсан. Тэр ширээний ард бид сууна, мань хүн сууж байснаа босч, хэсэг алхаж байснаа буцаж ширээнд ирж сууна. Түүнийг тамхи бага татуулахад нэмэр болох өвөрмөц цагийн механизмтэй тамхины хайрцаг түүнд байсан. Янжуураа авсны дараа хайрцаг тодорхой цаг хугацаа болохоос нааш дахиж онгойдоггүй гэсэн үг.

-Та дахиж хэзээ Москва явахаа одоохондоо мэдэхгүй байгаа юу. Танд тийм төлөвлөгөө бий юү?

-Танай улсад очно гэж найдаж байна.

-Яг хэдийд. Хэдэн сард гэдгийг та хэлж чадах уу?

-Одоохондоо мэдэхгүй байна.

-Примаковын уншлагын үеэр магадгүй юү?

-Би шалтаг олно. Магадгүй Примаковын уншлагад очиж болох юм. Би Орос оронд хайртай.

-Та ерөнхийлөгч Путинтэй нэг бус удаа уулзсан.

-Тийм ээ, олон удаа.

-Олон улсын харилцааны талаарх таны үнэлгээнд тэр маш анхааралтай ханддагийг би мэднэ?

-Дэлхийн бүх асуудлыг шийдвэрлэхэд Орос улс оролцох ёстой гэж би хэлсэн дээ. Эцсийн бүлэгт тийм л байх болно.

– Баярлалаа, Ноён Киссинжер! Үнэнийг хэлэхэд та сайхан харагдаж байна.

-Амьдралыг, залуу нас, дунд нас, за тэгээд сайхан харагдах үе гэж гурав хуваадаг гэдгийг та мэдэх байх.

-Он удаан жил та гайхалтай сайхан харагдаасай гэж би хүсч байна.

ГЕНРИ КИССИНЖЕР

Киссинжер гадаад бодлогод үндэсний ашиг сонирхолд суурилсан, үзэл сурталжаагүй, прагматик хандлагыг баримталдаг. Улс төрийн реализмын үзэл баримтлалыг баримтлагч тэрээр 1960 1970-аад онд АНУ-ын гадаад бодлогод гол үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлт-Америкийн харилцаан дахь хурцадмал байдлыг мэдэгдэхүйц намжаасан үр дүнд хүргэсэн олон дипломат алхам түүний нэртэй холбоотой.

Киссинжер ОХУ-д байн байн ирдэг, Ерөнхийлөгч Владимир Путинтэй 10 гаруй удаа уулзсан. Тэдний анхны уулзалт 2001 оны долдугаар сард, сүүлчийн уулзалт 2017 оны долдугаар сард, экс төрийн нарийн бичгийн дарга “Примаковын уншлага” шинжээчдийн форумд оролцох үеэр болсон.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж