Өөрт оногдсон хувь тавиландаа захирагдах биш амьдралын төлөө баяр гунигаа, эхийн цагаан сүүтэйгээ биедээ нэгэн зэрэг шингээж бас эв эрүүл бишийн шуургыг сөрж ялан дийлж яваа нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Энэ хүн бол тамирчин болохоор оройхон гараад ширүүхэн дайрч яваа паражүдогийн нэрт тамирчин Нямаагийн Алтанцэцэг юм. Удмын тэнхээлэг өвгөд нь буянаа үлдээгээгүй бол, баруун Монголын оргил их уулс нь хөх салхиа илгээгээгүй бол Алтанцэцэг барилдах байсан гэж үү. Нарны хорвоод учир шалтгааны зангилаан дунд хүний амьдрал эргэлдэж байдаг гэдэг. Тэгвэл энэ бөх эмэгтэйн өвөө Төрбат нь бух барилдаан гэгчийн сод нэгэн аймгийн арслан хүн байж. Бас аав Т.Нямаа нь нэгэн үед аймагтаа босоо бөх явсан гэх.
Ийм л удмын дундаас Н.Алтанцэцэг “ургасан” гэж хэлж болох юм л даа. Тэрээр өдөр бүр хүний мөс чанар, зориг тэвчээр шалгасан дэвжээн дээрээ бэлтгэлээ базаадаг гэнэм. Нэг их холын биш ойрын зорилго нь 2020 оны олимпод оролцох. Оролцох төдийгүй медаль авах. Үүний төлөө л түүний зүрх ямагт цохилж явна. Зүрх цохилно гэдэг цаг хугацааг хэмжиж буй юмсан билээ. Будант амьдрал дундаас өөрийгөө олсон хүн гэвэл Н.Алтанцэцэг. Түүнийг одоо тив, дэлхий мэднэ. Сайн жүдоч гэдгээр нь л. Түүнтэй саявтар төсөрхөн ярилцлаа.
-Уугуул нутаг, удам угсаагаа товчхон танилцуулна уу?
-Би Увс аймгийн Тариалан сумын хүн л дээ. Энэ сумандаа төрсөн юм. Аав маань жолооч, аймгийн хурц арслан Т.Нямаа гэдэг хүн байсан. Аймгийн нэг наадмаар улсын цолтой гурван бөхийг дараалан орхиод түрүүлж байсан юм гэдэг. Өвөөгийн тухайд гэвэл бас бөх хүн байсан гэдгийг аав хэлж байсан. Бас ээжийн маань аав Гонь гэж бөх байсан тухай ч би дуулсан л даа. Гэхдээ би урьд нь барилдах тухай хэзээ ч бодож байсангүй. Бариач болж л амь амьдралаа авч явдаг нэгэн байлаа. 2004 онд Эрдэнэтэд ирж суурьшсан.
-Тэгвэл яагаад гэнэт барилдаад эхэлсэн байхнав?
-Энэ бас учиртай. 2009 онд Эрдэнэт хотын хараагүйчүүдийн салбарын дарга Сандагдорж агсан нэг өдөр надад “Улаанбаатарт болох паражүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Чи түүнд очиж барилданаа хө” гэж тулгадаг юм. Энэ үед би жүдо гэж спортын хувьд барилддаг л төрөл гэдгээс өөрийг мэдэхгүй шахам. Сумын заан ахаасаа жүдогийн талаар жаахан юм хэлүүлж зөвлөгөө аваад л тэмцээнд орлоо. Тэгсэн чинь анхны тэмцээндээ түрүүлчихлээ. Дэлхийн цомын тэмцээнд явах эрх өгдөг байгаа. Харин азгүй нь бэлтгэлийн үед хөлөө гэмтээгээд явж чадаагүй. Дараа нь 2012 онд бүх ард түмний спартакиадаар ирж барилдаад мөнгөн медаль авсан.
-Эхний амжилтууд чинь тийм байж. Дараа нь Азийн наадмаар аварга болсон гэдэг билүү?
-Тиймээ. 2013 онд Азийн наадмын эрх авсан. Тэгээд 2014 онд БНСУ-ын Инчёонд болсон Азийн наадамд тун амжилттай барилдаж 78 кг-д алтан медаль хүртсэн дээ. Энэ нь паражүдогийн хувьд анхны алтан медаль байв. Үүндээ урамшаад 2015, 2016 онуудад болсон тэмцээнүүдэд өөрийн зардлаар явлаа. 2017 онд “Дэлхийн цом”-оос шагналт тавдугаар байр, 2018 онд Жакартад болсон Азийн наадмаас хүрэл медальтай ирсэн. Өнгөрсөн сард болсон УАШТ-ээс алтан медаль хүртсэн. Ийм л амжилттай даа.
-Одоо ямар зорилготой байна даа?
-Ганц бодож байгаа юм 2020 оны олимпод оролцож өөрийгөө сорих гэж л чин сэтгэлээсээ бэлтгэлэээ базааж байна даа. Олимпоос медаль авчихвал л амьдрал маань өөдөлчих юм санагддаг даа. Ингэж бодоод нөгөө бариачийн ажлаа ч орхисон.
-Шигшээ багийн тамирчин болсон гэдэг биз?
-Тийм ээ. Гэхдээ сарын 290 мянган төгрөгийн цалинтай. Хаа ч хүрэлцэхгүй. Би чинь гурван хүүхэдтэй хүн. Том нь Х анги, бага нь хоёрдугаар ангид сурдаг. Амьдрал ахуй жаахан хэцүү учир ивээн тэтгэгчтэй л баймаар байна. Гэвч санааны зоргоор олдохгүй юм. Бид чинь жүдогийн өмсгөл нэг сая төгрөгийн үнэтэй, кимоногоо өөрөө худалдаж авдаг. Бас 2012 онд гадаадад хоёр тэмцээнд явах гэж 12 сая төгрөгийн өр хийсэн. Энэ өрнөөсөө ч бүрэн гарч чадаагүй л явна.
-Гадаадад тэмцээнд оролцох зардлаа өөрөө даадаг юм уу?
-Шигшээ багийн тамирчин болсноор зардлыг маань Паражүдогийн холбоо гаргадаг болсон. Тэгэхээр бидний хариу гэвэл медаль авах.
-Мартсанаас мал мэнд үү гэгчээр Инчёонд алтан медаль хүртсэн барилдааныхаа тухай дурсаач дээ. Уншигчдад сонирхолтой байж магад…?
-Энэ наадмын жүдогийн -78 кг-д Монголын тамирчин Н.Алтанцэцэг алтан медалийн болзол хангалаа гэхийг сонсоод их баярласан. Эхний тойрогт Энэтхэгийн бөхийг ялж шигшээ барилдаанд Тайландын тамирчин Нантараки гэдэг бөхийг цэвэр ялсан. Гэхдээ энэ барилдаан их онцлог болсон. Би мэхээ дутуу хийснээс болж даралтад орсон. Гэвч өөрийгөө зоригжуулж чадсаны хүчээр даралтаас гарсан. Тэгээд шийдсэн мэхээ хийж цэвэр ялсан даа. Наадмын хаалтын ёслолд Монгол төрийн тугийг өргөж жагсахад сэтгэл огшиж байсан шүү. Энгэр дээр минь алтан медаль гялалзаад л…
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ