УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд 93.2 хувийн саналаар баталлаа.
УИХ ерөнхий хэлэлцээрийг баталснаар хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих юм байна. Ингэхдээ зээлийн хэлэлцээрийг 2010 оноос хийж, бэлтгэл ажлыг хангаснаар ажил хэрэг болох гэж буй нь энэ аж.
Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр санхүүжилтийн хүрээнд 2015-2018 оны хооронд /АХБ-59.9, Засгийн газар-17 сая ам.доллар/-ын санхүүжилт хэрэгжинэ. Түүгээр дараах ажлыг хийх аж. Үүнд 1.босоо тэнхлэгийн дагуу 7.7 км замыг сайжруулах
2.Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусын 14 км шугамын барилгын ажил.
3.Энхтайвны гүүрний өргөтгөлийн ажил
4.Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км замын дэд бүтцийг сайжруулах.
5.Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх.
Хоёрдугаар санхүүжилтийн хүрээнд 2016-2019 оны хооронд /АХБ-78, Засгийн газар-20 сая ам.доллар/-ын зээл хэрэгжүүлнэ.
1.Явган зорчигчийн болон замын 10 уулзварыг өргөтгөн сайжруулах.
2.Хэвтээ тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 11.1 км замын дэд бүтэц сайжруулах ажил
3.Хэвтээ тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 27.9 км замын барилгын ажил
4.Тусгай замын автобус 60 ш худалдан авах
5.Хоёр автобус депо сайжруулах ажил
6.Цахим тасалбарын систем, тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх.
Гурав дахь санхүүжилт 2019-2023 оны хооронд үргэлжилж, /АХБ-78, Засгийн газар-20 сая ам.доллар-ын зээлийн дэмжлэг үзүүлнэ.
1.Хэвтээ тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 22.6 км замын барилгын ажил, 4.6 км замын засварын ажил
2.Энхтайвны өргөн чөлө дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 17.2 км замын дэд бүтэц сайжруулах төсөл.
3.Тусгай замын автобус 86 ширхэгийг худалдан авна.
4.Цахим тасалбарын систем тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх өргөтгөл 2 шат хэрэгжинэ.
5.Хоёр автобус депл сайжруулах ажил хийгдэх юм байна.
Тодруулж хэлбэл, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-наас 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус бүр хийхээр төлөвлөжээ. Зээлийн нөхцлийн тухайд, 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1.5 хувь байна.
Харин энгийн эх үүсвэрийн зээл нь, 20 жилийн хугацаатай, үүнээс эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.4 хувь, шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн олонхи нь уг зээлийн нөхцөл уян хатан, хүү нь бага тул дэмжих нь зүйтэй. Гол нь авсан зээлийг үр ашигтай зарцуулах ёстой, зээлийг эргэж төлнө гэдгийг анхаарах ёстой гэсэн захиасыг хотын удирдлагуудад сануулсан юм.
Г.ДАРЬ