Posted by News.mn on Monday, April 1, 2019
Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал өнөөдөр /2019.04.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Р.АМАРЖАРГАЛ:
-1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглааныг хийж байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ардчиллын олон ололтыг хүртсэн. Бид өнгөрсөн 30 жилээ дүгнэж, ирэх жилүүдэд бид юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлж ирсэн. Энэ хүрээнд бид 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын Ардчилсан холбооны хурлыг зохион байгуулна. Монгол Улс эрх чөлөө, хүний эрхийг хүндэлдэг, парламентын засаглалтай улс байсаар ирсэн. Тиймээс олон улсын ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалтай улсуудыг нэгтгэсэн олон улсын хурлыг хийхээр болсноо зарлаж байна.
1993 онд анх баруун төвийн ардчилсан улсуудын холбоонд нэгдсэн бөгөөд энэ холбооны улс орнууд оролцоно. Хурлын үеэр хэд хэдэн баримт бичгүүдийг гаргахаар төлөвлөжээ. Ойролцоогоор 50-60 орны төлөөлөгчид оролцоно гэсэн тооцоолол байгаа аж.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн зарим асуултад Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал хариулт өглөө.
-Та сая Монголын ардчилалд аюул учирч байна гэж хэллээ. Яагаад ингэж дүгнэх болов?
-1990-ээд онд ардчилал эхэлж байхад юуг ардчилал гэж ойлгож байсан бэ гэвэл босоод үг хэлдэг, олон ургалч үзэл, сонгууль болдог, тэр нь шударга болдог, олон намын тогтолцоотой байхыг ардчилал гэж үздэг байсан. Өнөөдөр бид 30 жилийн дараа ардчилал гэж юуг хэлж байна вэ. Ардчилал бол ард түмний оролцоо, түүнийг хангах механизмуудыг бий болгосон байна уу гэх мэт илүү агуулга руу нь ордог болж. Ард түмний оролцоог хангахад төр үүргээ гүйцэтгэх, түүнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Тэгэхээр энэ хугацаанд ардчилал асар их ахиц гарсан. Гэсэн хэдий ч бид сөрөг талуудыг нь харж, зүгээр нэг сонгууль хийхдээ бус агуулга, хэлбэр нь зөв, нийт ард түмний эрх ашгийг хамгаалдаг төлөөллийг бий болгох ёстой. Гэтэл бид хэр зэрэг шударга сонгууль явуулж чадаж байна вэ. Сонгуулийн үр дүнд бүрдэж байгаа төлөөлөл нь нийт сонгогчдын 40 гаруй хувийн л саналыг авч байна. Ардчилал аюул учирч байна вэ гэдэг нь дүр эсгэсэн, хэлбэр төдий ардчилал биш агуулга руу нь ороод үзэхэд чамлалттай зүйлүүд хэтэрхий их байна. Тиймээс бид олон улсын хурал дээр ардчилал Монголын түвшинд ийм байна, харин бусад оронд ямар нөхцөл байдалтай байгааг ч сонсох юм гэх мэт асуудлуудыг хөндөж ярих шаардлага байгаа юм.
-Та бүхэнтэй ардчиллын төлөө зүтгэж явсан С.Зориг агсны хэргийн талаарх олон үйл явц сүүлийн үед өрнөлөө. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-С.Зориг агсны хэрэг олны анхааралд байгаа ч сүүлийн үед эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал анхаарал татаж байна. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт байж болохгүй. Энэ бол шившиг. 30 жил үүний төлөө, ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийн төлөө явж ирсэн байж таарахгүй. Үүнтэй Ардчилсан нам хэзээ ч санал нийлэхгүй. Яагаад ийм байдалд хүрэв, эзэн нь хэн байв гээд асуух зүйл олон бий. Монголд гавьяа олон эзэнтэй, асуудал эзэнгүй болж үлддэг. Өнөөдөр хорих газар, ШШГЕГ-т, энэ газар нь нэг яаманд харьяалагддаг, тэр яамыг нэг сайд удирдаж байгаа. Тэгвэл өөрийнх нь хариуцаж байгаа салбарт ийм зүйл гарсан байхад тэр сайд нь юу хийж байсан юм бэ. Өөрийнх нь хариуцаж байгаа салбарт ийм зүйл болдгийг мэдэхгүй байгаа хүнээр яах вэ, мэдэж байгаад арга хэмжээ аваагүй байсан бол тэр хүнээр яах вэ гэх мэт энэ асуудлын эзнийг олж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тооцох ёстой. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага дээд зэргээр хариуцлага хүлээх ёстой, энэ бол зөвхөн миний байр суурь.
-Та сайд, Ерөнхий сайдын алба хашиж байсан, гэхдээ таныг АН-ын гүйцэтгэх удирдлагад орсон нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь гэсэн хардлага байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
-Үгүй. Тийм зүйл байхгүй.
-Ардчилсан нам ардчиллын сайн жишиг олон байна гэж байна. Гэхдээ ер нь ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон, ардчилал байхгүй боллоо гээд танай намын зарим удирдлагаар ажиллаж байсан хүмүүс болон залуучууд хэлж байна. Ийм нам бусад улс оронд ардчиллын туршлагаа хуваалцана гэдэг нь ичмээр зүйл биш үү?
-Манайд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл муу байгаа. Харин дотоод ардчилалгүй байх тусмаа бусад оронд ингэж болохгүй гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Дотоод ардчиллыг хэзээ, хаана ямар түвшинд байх ёстой вэ гэдгээ бид ойлгох хэрэгтэй. Өмнө нь ҮЗХ хуралдахгүй, их хурал нь хийгдэхгүй, ротаци нь хийгдэхгүй гэх мэт намын институци хуралдахгүй, хамтын удирдлага шийдвэр гаргаж чадахгүй, нэг хоёр хүн шийддэг байсан үе бий. Үүнтэй харьцуулахад намын шинэ удирдлага ротаци тогтмол, ҮБХ хуралддаг, бодлогын зөвлөл байгуулагдсан, долоо хоног бүр хуралдаж, байр сууриа гаргадаг болсон гэх мэт олон зүйл бий болсон. Энэ утгаар нь авч үзвэл дотоод ардчилал өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. Гэхдээ үүнээс цааш гүнзгийрүүлэх зүйл бас бий.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг маш муу хүн л гэх боллоо. Та улс төрд олон жил хамт явсан хүний хувьд тэр хүнийг юу гэж дүгнэдэг вэ?
-Хүнийг сайн, муу гэдгийг энд дүгнэхэд хэцүү. Би ер нь намынхаа удирдлагуудтай сүрхий дотно явсан хүн байхгүй. Дотно яваагүй учраас хүн талаас нь хэлж мэдэхгүй байна. Яг хариуцаж байгаа албан тушаалтных нь хувьд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн улсынхаа эсрэг ажилласан гэж би боддоггүй. Чадлынхаа хэрээр зөв гэсэн зүйлээ хийгээд болгох гэж явсан хүмүүс. Тэр ажлаа хийх гэж байхдаа ажлын арга барилтай холбоотой алдаа дутагдал гаргасан байхыг үгүйсгэхгүй.
-Ерөнхийлөгч санаачилсан хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх хуулийн төслийг УИХ баталсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн хууль болсон гэж хуульчид үзэж байгаа?
-Энэ хүмүүс аливаа зүйлийг зөв, шударга болгоно гэж зүтгэж байгаа байх. Харин хэрэгжүүлж байгаа арга, механизм нь хэр зэрэг оновчтой юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Үүсч байгаа тохиолдол бүрт зориулж хууль эрх зүйн акт гаргаж, түүгээрээ дамжуулаад шийдвэр гаргаад явна гэдэг бол өгөөжтэй биш. Нэгэнт үүд хаалгыг нь нээчихээр цаашид цэвэр ус, үер, угаадас ч ороод ирж магадгүй. Хуулиар аливаа зүйлийн үүдийг нээх зүйлийг маш сайн бодох ёстой. Дараагийн үр дагаварт хүргэх үү гэдгийг огт харахгүй байна. Тав, арав, тавин жилийн дараа ямар үр дагаварт хүргэж болох вэ олж харах чадваргүй байна. Энэ бол төр барих урлаг, ухаан гэдэг зүйл. Тохиолдлын зүйлээр биш өрнөл, хандлага, үр дагаварыг харж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Би хувь хүний хувьд энэ хуулийг таашаахгүй байгаа.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ