Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг өнөөдөр /2015.04.30/ өргөн барив.
Аудитын тухай хуулийг шинэчлэн найруулснаар аудитын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэж, энэхүү үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоо бүрдэх, үндэсний аудитын байгууллага, аудиторууд олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэх чадавхитай болох таатай нөхцөл бүрдэхээс гадна татвар төлөгчдөд хүндрэл учруулдаг аудитын дарамт буурах аж.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчлэсэн найруулга батлагдан гарснаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх болно. Мөн Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар нэг сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.