“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид ичиг, ичиг

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид ичиг, ичиг

Хаврын бороо шивэрсэн  өдрөөр Тавантолгойгоор амьсгалсан “халуурал” намжсангүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан засаглалын хямралаас болж нүүрлэсэн эдийн засгийн хямралд өртөн талхныхаа мөнгийг дийлэхгүй байгаа ард түмнийг шүхэр худалдаж аваад жагсахыг санал болгосон нь олон хүнд таалагдсангүй.  Саарал ордонд тухлах болсноосоо хойш “гудамж”-ны амьдралыг мэдэхээ больсон уу эсвэл эрхэм төрийн түшээд эдийн засгийн хямралаас илүү ирэх оны сонгууль чухал байсан уу.  Юутай ч  бороо, шороог үл хайхран гудамжинд гарсан түүнийг Чингисийн талбайд очсон хүмүүс “гариг андуурсан нөхөр маань газар дээрээ буугаад ирлээ шүү” хэмээн сэм шивнэлдэж байсныг сонссон байгаасай гэж найдъя.

Чингисийн талбай дээр болж байгаа хаврын синдром ганцхан Ж.Батзандангийн “гариг андууралт”-аар дууссангүй, “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын ээлжит улс төржилтөөр үргэжилэв.

“Эв санааны нэгдэл” гэсэн сүржин лоозон барьсан “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид ингэж улс төржихөөсөө ичих хэрэгтэй байх. Энэ төсөл урагшилбал “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын цалин нь дэлхийн жишигт хүрч, ажил, амьдрал нь дээшлэх  юм шүү дээ, уг нь.  

110 сая долларын өртэй Тавантолгойг гурван тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж үнэмшихийн аргагүй үлгэр зохион байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдыг харахад голдуу хурган дарга нар байх шиг. Хэн нэгний шахаа, татаасаар, ар өврийн хаалгаар ажилд орсон хурган дарга нар хувийн компанид тэнцэхгүй гэдгээ мэдээд өөдөлдөггүй, хөгждөггүй,өртэй төрийн компанид суудал бөглөөд, цалин авч байх сонирхолтой байх шиг.

Үнэндээ, алийн болгон төрийн  тэжээвэр “ангаахайнууд”-ыг хооллох гэж татвар төлөгчид тамаа цайтал зүтгэх билээ.

Өндөр шаардлагатай хувийн компанийн шалгуурыг давахгүй гэсэндээ жагсаал хийгээгээгүй юм бол “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид ингэж алиалахаасаа ичиг, ичиг. 

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж