Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих асуудал оюутан, залуусын хувьд тулгамдсан асуудлын нэг болжээ. Учир нь, оюутан нийтийн тээврээр зорчихдоо сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог байсныг нь хоёр дахин бууруулж 22 болгосон. Энэ нь оюутан нийтийн тээврээр зорчиход хагас сард л хүрэлцдэг байна. Мөн Монгол Улс их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 130 мянга гаруй оюутантай ч нийтийн тээврээр 60 мянган оюутан хөнгөлөлттэй зорчиж байна. Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрэхээс өмнө оюутан залуус тусгай үнэмлэхээр зорчдог байсан бөгөөд 2015 онд ухаалаг систем нэвтэрснээр хичнээн оюутан нийтийн тээврээр үйлчлүүлж байгааг хянах боломжтой болоод зогсохгүй төсөв ч хэмнэгдсэн байна. Тухайлбал, 2014 онд оюутан, МСҮТ-ийн сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчиход 59.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар нийслэлийн төсөвт суугдсан байна. Өөрөөр хэлбэл, ухаалаг систем нэвтэрснээр оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчиход зарцуулах төсөв 10 дахин хэмнэгдсэн ч хүртээмж нь улам багасчээ. Оюутан нийтийн тээврээр 22 удаа зорчих хөнгөлөлтийг 44 болгох боломжтой эсэхийг сурвалжиллаа.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИХ ЭРХ НЬ ОЮУТНУУДЫН ХӨНДӨХ СЭДЭВ БОЛООД БАЙГАА
Оюутан нийтийн тээврээр сард 22 удаа үнэгүй зорчиж байгаа нь хүрэлцээтэй байж чадаж байгаа эсэхийг оюутан, сургалтын албанаас тодрууллаа.
-Оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийн асуудал нь оюутнуудын хөндөх сэдэв болоод байгаа. МУИС нь намрын улиралд квотын дагуу нийтийн тээврийн хөнгөлөлтийн картыг захиалж авдаг. Оюутнуудын зүгээс манайд “Сард 22 удаа үнэгүй зорчиж байгаа нь маш бага байна. Үүнийг нэмэх боломж байна уу” гэсэн хүсэлтийг удаа дараа ирүүлж байгаа. Анх сард ажлын өдрөөр 44 удаа зорчдог байх үед ийм хүсэлт ирж байгаагүй. Тиймээс энэ тоог 44 болгох шаардлагатай байгаа. Оюутны дотуур байранд амьдарч байгаа хүүхэд нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн карт авахгүй зэргээс Нийслэлээс гаргасан журамтай зөрчилдөх зүйл их байдаг. МУИС-д 10 мянган квот ирсэн ч 7600 оюутан нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих үйлчилгээнд хамрагдаг.
ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХИЙГ САРД ЯДАЖ 40 БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх нормыг нэмэх шаардлагатай байна. Сард ажлын өдрөөр 22 удаа автобусаар үнэгүй зорчих норм нь нэг сарын хэрэглээнд яагаад ч хүрдэггүй. Энэ тоог ядаж 40 болгох шаардлагатай санагддаг. Сонсголонгоос хичээлдээ явдаг болохоор дамжин суух шаардлага гардаг. Энэ үед автобусаа хүлээсээр дамжин суух эрхийн хугацаа дуусах тохиолдол ч бий. Тиймээс сард үнэгүй зорчих эрхийг 44 болгох шаардлагатай.
МУИС АМАРВАЛ ОЮУТНЫ БҮХ СМАРТ КАРТЫН ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ
Оюутан ажлын өдрүүдэд 22 удаа автобусаар үнэгүй зорчих эрх нэг сард яагаад ч хүрэлцдэггүй. Нэг өдөрт хоёр удаа зорчдог болохоор ажлын 11 хоног буюу хагас сар л автобусаар үнэгүй зорчиж байгаа. Ингээд хагас сард нь ээж, ааваасаа мөнгө авч зорчиж байгаа. Энэ нь гэр бүлийн санхүүд ямар нэгэн хэмжээгээр хүндрэл учруулж байгаа. Тиймээс сард 44 удаа автобусаар үнэгүй зорчдог болговол гоё л байна.
МУИС-ийн оюутны амралтын үед оюутны бүх картын үнэгүй зорчих эрх үйлчилдэггүй. Гэтэл зарим сургууль Цагаан сарын үеэр хичээллэдэг, АШУҮИС гэхэд зургадугаар сард хичээллэдэг шүү дээ. МУИС амарвал оюутны смарт картын үнэгүй зорчих эрх үйлчлэхээ больдог.
60 МЯНГАН ОЮУТАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИЖ БАЙНА
Оюутан нийтийн тээврээр сард 22 удаа хөнгөлөлттэй зорчиж байгааг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
– “Улаанбаатар смарт карт” компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 1.4 сая карт борлуулсан. Үүний 207 мянга гаруй нь буюу 14.3 хувь нь хөнгөлөлттэй зорчих эрх бүхий иргэдэд олгосон карт байдаг. Үүний 60 мянга гаруй нь оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийн карт байна. Смарт карт нийтийн тээвэрт нэвтэрсэн эхний жилд оюутан сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог байсан бол 2016 оны хичээлийн жилээс эхлэн 22 болсон. Оюутан нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн тоог Нийслэлийн боловсролын газраас тогтоодог.
Энэ асуудлаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад "Боловсролы тухай хуульд 2016 онд нэмэлт өөрчлөлт орсон. Тус хуулийн 43.2.5-т Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг" гэв.
Энэ хуулийн дагуу оюутнуудын хөнгөлөлтийн эрхийг бууруулжээ.