"Цагдан хоригдож буй хүмүүсийн амь насыг төр хариуцдаг" | News.MN

"Цагдан хоригдож буй хүмүүсийн амь насыг төр хариуцдаг"

"Цагдан хоригдож буй хүмүүсийн амь насыг төр хариуцдаг"

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Л.Дүгэрсүрэнтэй ярилцлаа. 


-Саяхан хорих ангид дахин нэг хүн амиа алдсан байна. Энэ талаарх мэдээлэл танай байгууллагад ирсэн үү?

-Манай байгууллагад тодорхой мэдээлэл нь ирээгүй байна. Цагдан хоригдож байх хугацаанд тухайн этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хорьж буй тохиолдолд тухайн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг цагдан хорих байр хариуцах ёстой. Төрийн тусгай хамгаалалттай, төрийн байгууллагын хяналтан дор хүн цагдан хорьчхоод байхад тухайн хүн нас барна гэдэг нь хариуцлагын асуудал. Өөрөөр хэлбэл албан үүрэгтэй хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл. Тийм болохоор аливаа этгээдийг цагдан хорьсон тохиолдолд тухайн хүний аюулгүй байдлыг хангах үүргийг төр хүлээдэг. Тэгэхээр төрийн өмнөөс чиг үүргийг гүйцэтгэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний амь нас, эрүүл мэндийг хариуцан ажиллах ёстой.

-Ял эдэлж байсан хүмүүс амь насаа алдлаа гэхэд ар гэрт нь нөхөн олговор олгох зохицуулалт бий юу?

-Тухайн этгээд цагдан хоригдож байх явцдаа ямар шалтгааны улмаас нас барсан бэ гэдгийг тогтоох ёстой. Жишээ нь эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа, дарамт шахалт байсан уу, гаднын нөлөөтэй байсан уу гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Хэрвээ цагдан хорих байрны алба хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хүн нас барсан тохиолдолд тухайн хүний ар гэр, сэтгэл санааны хохирлыг төр хариуцан барагдуулах ёстой. Иймээс тухайн хүний ар гэрийнхэн төрөөс сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж ойлгож болно. Тухайн хүн цагдан хоригдохдоо өвчний улмаас нас барсан ч хэрвээ тухайн хүнийг цагдан хориогүй байсан бол нас барах байсан уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Гэхдээ хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг шүүхийн бүрэн эрхийн асуудал.

-Одоогоос сар гаруйн өмнө цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан гавьяат шүүгч Л.Бямбаа амь насаа алдсан. Талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид хэлэхдээ бүтэн өдөржин хоол ундгүй байцаасан гэсэн асуудлыг ярьсан байдаг. Энэ өөрөө хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан үйлдэл үү?

-Энэ бол цэвэр хариуцлагын асуудал. Аливаа этгээдийг гэмт хэрэгт холбогдуулаад шалгаж байх явцад таслан сэргийлэх арга хэмжээний хэд хэдэн төрөл бий. Хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэх мэт. Үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заагаад өгчихсөн. Тэр дотроос мөрдөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг зөв сонгож хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг тодорхойлж, тухайн нөхцөлд үнэлгээ хийж байх ёстой. Тухайн шүүгч цагдан хоригдож байхдаа амиа хорлосон гэсэн нөхцөл байдал илрээд байгаа боловч энэ бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хариуцлагын асуудал. Энэ хэрэгт талийгаачийг цагдан хорих үндэслэл байсан уу гэдгийг АТГ, прокурор мэднэ. Бидний зүгээс энэ хэрэгт тайлбар хэлэх боломжгүй.

-Цагдан хорих ангид хүн амь насаа алдлаа гэхэд танайд мэдээлэл нь ирдэг үү?

– Цагдан хорих байранд хүн нас барсан мэдээлэл манай комисст ирнэ. Түүнтэй холбоотой мэдээллийг комисс бүрэн авах боломжтой.

-ХЭҮК-оос саяхан хорих ангиудын нөхцөл байдалтай танилцсан гэж байсан. Хорих ангиудад хүний эрхийг зөрчсөн нийтлэг ямар зөрчил илэрсэн бэ?

-Өнгөрөгч гуравдугаар сард Хүний эрхийн комиссын гишүүн П.Оюунчимэг Дархан-Уул аймгийн цагдан хорих ангитай танилцаад холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Ерөнхийдөө цагдан хорих байрууд хуучирсан, эрүүл ахуйн шаардага хангахгүй ийм байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ нь тухайн хоригдож буй хүмүүс, алба хаагчдын эрхтэй холбоотой асуудал. Хүний эрхийн комиссын зүгээс цагдан хорих байрны нөхцөлийг сайжруулахын тулд удаа дараа холбогдох албан тушаалтанд шаардлага тавьсны үндсэнд 21 аймаг дах цагдан хорих байрууд стандартын шаардлага хангасан шинэ байранд орсон. Одоо хуучин байранд цагдан хорих үйл ажиллагаа явуулж байгаа хэдхэн аймаг байна. Үүнд Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Баян-Өлгий, Өвөрхангай аймаг багтдаг. Гэхдээ өнгөрсөн онуудыг бодвол энэ жилээс хорих ангиудын нөхцөл байдал сайжирч байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НЯМДОРЖ ЗАХИАЛАГЧ НАРЫН БООЛ.. 2019-04-02 175.38.87.92

НЯМДОРЖ, АЛУУРЧИД, ЖОНКУУ, ХУЛГАЙЧ АЛУУРЧИД АШГҮЙ НЭГ ТАЛДАА ГАРАХШИВ, ТЭДНИЙ ЭРХШЭЭЛД МОЯА ОМОГИЙНХОН БАЙГАА ШҮҮ… БОЛГООМЖТОЙ БАЙЦГАА, НЭГ ЗҮЙЛ ХЭЛЧИЙ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ БОЛ ЖОНКУУ БАТТУЛГА, ХАРИН НЯМДОРЖ БОЛ ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ НАРЫН ҮНЭНЧ БООЛ…

Avatar

Зочин 2019-04-02 103.26.192.163

Наад хулгайч чинь хулгайн хэргээр 3 жил аваад 1 жаилийг нь эдэлсэн. Чихрийн шижинтэй, эмчийн хяналтанд байдаг хүн байсан байналээшд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж