Түвдийн шашин, төрийг хослон баригч Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц нь Энэтхэг рүү дүрвэн ирснээс хойш 60 жил өнгөрчээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлсэн нь түвдүүдийг ямар ирээдүй хүлээж буйг тааварлахад бэрх болгов.
Өдгөө 83 настай Далай ламыг жанч халсны дараа түүний орыг хэн залгамжлах вэ, түүнийг хэрхэн сонгох вэ, эсвэл дахин нэг Далай лам гарч ирэх үү гэдэг асуудал тодорхойгүй хэвээр байна. Саяхан “Reuters” агентлаг Далай ламаас өөрийг нь насан өөд болсны дараа юу болох талаар асуухад Бээжингээс Түвдийн буддистуудыг залгамжлах хүнийг томилно хэмээн таамаглаж буйгаа илэрхийлсэн байдаг.
“Хятад улсын хувьд дараачийн Далай ламыг тодруулах асуудал маш чухал. Тэд энэ хэрэгт надаас ч илүү санаа зовж суугаа. Намайг өөд болсны дараа та бүхэн хоёр Далай лам харах болно. Нэг нь, эрх чөлөөт Энэтхэг оронд тодорно, нөгөө нь Хятад улсын тодруулсан хэн ч хүндэлдэггүй, хэн ч шүтдэггүй хоёр дахь Далай лам. Ингээд Хятад улсад дахин нэг санаа зовних асуудал нэмэгдэнэ. Ийм зүйл болно” хэмээн Далай лам хэлсэн билээ.
Өмнө нь Далай лам BBC-д ярилцлага өгөхдөө “Би сүүлчийн Далай лам байж магадгүй. Эсвэл Хятадын эрх баригчид дараагийн удирдагчийг сонгоно, Далай лам дахин төрөхгүй” хэмээн хэлжээ.
“ТҮВД ҮНДЭСТНИЙГ СҮЙТГЭСЭН 60 ЖИЛИЙН ТҮҮХ”
Далай лам Зүүн хойд Түвдийн Амдо нутгийн Такцэрд оршдог жижигхэн сууринд 1935 оны долдугаар сарын 6-ны өдөр мэндэлжээ. Лхамо дондов хэмээх нэрт хоёр ойтой бяцхан хүү байхдаа тэрбээр XIII Далай лам Түвдэнжамцын хойд дүрээр тодорсон байна.
Хятадын цэрэг Түвдийг эзлээд байх үед буюу 1959 оны гуравдугаар сард 23 настай байсан Далай Лам хэсэг хүмүүсийн хамт Энэтхэгт дүрвэж иржээ. Тухайн үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неру Далай Ламыг хүндэтгэлтэй угтан авч, Дарамсалад суурьших газар олгосон аж.
Далай лам 1950 онд буюу Хятадын арми 1949 онд Түвд рүү хийсэн түрэмгийллийн дараа улс төрийн эрх мэдлийг бүрэн гартаа авах тухайд шамджээ. Тэрбээр 1954 онд Мао Зэдун тэргүүтэй Дэн Сяопин, Жоу Энлай зэрэг Хятадын удирдагч нартай энхийн гэрээ хэлэлцээ хийхээр Бээжинд морилж байж. Гэвч 1959 онд Лхас хотноо Төвдийн ард түмний бослого гарч, Дээрхийн гэгээн эх орноосоо дүрвэн гарахаас өөр аргагүйд хүрчээ. Тэр цагаас хойш тэрбээр Хойд Энэтхэгийн Дармасала хотноо амьдарч, Түвдийн Дүрвэгсдийн Засгийн Газрын тэргүүний ширээнээ заларсаар өдийг хүрэв.
Хятадын түрэмгийллээс хойш Дээрхийн гэгээн НҮБ-д Түвдийн асуудлаар хүсэлт гаргаж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1959, 1961 болон 1965 онуудад гурван ч удаа тодорхой шийдвэр гаргаж байжээ.
Өнөөдөр Делигийн эрх баригчид Хятад улстай харилцаагаа сайжруулахын тулд Түвдийн асуудлаас зайгаа барих болжээ. Тэд Энэтхэг-Түвдийн харилцааг улс төрийн агуулгагүй, харин шашин, соёлын хэлхээ холбоонд суурилдаг гэж тайлбарлаж байгаа юм.
Энэтхэгийн Засгийн газар Хятадын цэргийн эсрэг түвдүүдийн бослогын 60 жилийн ойг тэмдэглэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Далай Лам Хятадтай хил залгаа Сикким мужид зочлох гэж байснаа цуцалсан байна. Уг нь Далай Лам Энэтхэгийн дотоод мужуудад чөлөөтэй зорчих эрхтэй аж. Түүнийг зүүн хойд Аруначал Прадеш мужид өнгөрсөн онд зорчиход Хятадын тал эсэргүүцэл илэрхийлж байв.
Энэтхэгийн эрх баригчдын түвдүүдэд хандах хандлага суларч байгаа ч цагаачлалын Засгийн газрын тэргүүн Лобсан Сангай Хятадын бодлогыг хатуу шүүмжилсэн хэвээр байгаа аж. Тэрбээр үг хэлэхдээ “Түвдийг Хятадууд хууль бусаар эзлэн түрэмгийлсний 60 жилийн ой бол Түвдийн соёл иргэншил, түвд үндэстнийг сүйтгэсэн 60 жилийн түүх юм” гээд өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн Энэтхэгийн Засгийн газарт талархлаа илэрхийлжээ.
ЭНЭТХЭГ "НҮҮРЭЭ БУРУУЛАВ"
Энэтхэгийн Засгийн газар Далай Лам болон Түвдийн цагаачлалын Засгийн газарт хандах хандлага өөрчлөгдөөгүй хэвээр гэж мэдэгдэж буй ч Хятадтай харилцах харилцаандаа илүү ач холбогдол өгдөг болсон нь нууц биш юм.
Далай Лам энэтхэг, түвд үндэстнүүд соёлын гүн гүнзгий хэлхээ холбоотойг онцлон хэлээд, түвдүүдийг цаашид улам нэгдэж нягтрах хэрэгтэй байгааг сануулжээ.
Далай лам Төвдийн бослогын 60 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд "Reuters" агентлагт ярилцлага өгөхдөө өөрийн хойд дүрийг Энэтхэгээс тодрох тухай цухас дурдсан билээ.
Түүний ярилцлагын маргааш Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жэн Шуан хэвлэлийн хурлын үеэр “Далай ламын хойд дүрийг тодруулах нь шашин зан үйл, ёс заншлын цогц арга хэмжээ. Хятад улс шашны эрх чөлөөт бодлоготой улс. Хойд дүрийг тодруулах үйл явцыг бид холбогдох хууль дүрмийн дагуу хүндэтгэн хамгаалах ёстой. Энэ дүрэм журам, уламжлал нь хэдэн зуун жилийн өмнөөс мөрдөгдөж ирсэн.
Далай лам ч мөн тэрхүү түүхэн ёс заншил, зан үйлийн хүрээнд тодорсон. Тиймээс Дараагийн Далай ламыг илрүүлж, залах ажил түүхэн зан заншил, шашны уламжлалт зан үйлийг дагахаас гадна хууль дүрэмд нийцэж буй ба Хятадын төв Засгийн газраар баталгаажуулах ёстой” хэмээн мэдэгджээ.
Далай лам Түвдийн түүх соёл, ёс заншлыг хадгалж үлдэхийн төлөө тууштай тэмцэж байгаа ба Хятад улс түүнийг салан тусгаарлах үзэлтэн хэмээн буруушаасаар буй юм.
Өмнөд Азид Хятадын нөлөө хурдацтай өсч байна. Дээрхийн гэгээн Далай ламын хувьд насан өндөр болж, Түвд орны төлөө санаа зовнин сууна.
Эх сурвалж: ВВС, Reuters
Холбоотой мэдээ