-“Монгол регби” кино нь багийн спортын төрөлд бүтээсэн анхны баримтат кино юм-
Монголын багийн спортын түүхэнд баримтат гэдгээрээ анхны гэх тодотголыг дагуулах “Монгол регби” кино өчигдөр нээлтээ хийлээ. Монголын регбийн спортын түүхэн хөгжил, тамирчдын бэлтгэл, олон улсын тэмцээнд оролцоод ялж буй ялалтын тоггон агшнуудаар баритжуулсан энэхүү киноны ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан ажиллажээ.
“Монгол регби” киноны ерөнхий найруулагчаар ажилласан Б.Жаргалсайхан энэхүү киног хийх санаагаа анх 2013 онд гаргаж, киноны зураг авалтаа өнгөрсөн онд эхэлжээ. 1 цаг 40 минут үргэлжлэх тус баримтат кино Монголын регбигийн спортын түүхэн хөгжил, олон улсын тэмцээний өмнөх бэлтгэл, Азийн таван гүрний тэмцээний аваргаар шалгарч байгаа тоглолтуудын торгон агшнуудаас баримтжуулсан гээд үндсэн гурван хэсгээс бүтжээ.
Киноны гол дүрийн баатрууд буюу Монголын регбийн шигшээ багийн тамирчид найруулагчийн киногоороо дамжуулан олонд хүргэх санааг гүйцэлдүүлж, өнгөрсөн оны зургадугаар сард Брунейд болсон Азийн таван гүрний 4-р дивизионы аваргаар шалгарч, түүхэн амжилт гаргасан юм. Ингэхдээ Брунейн багийг өөрийн талбайд нь 13:38-аар буулган авч, Камбожийн шигшээг 5:49-өөр буюу эсрэг багт ердөө ганц оноо алдаж бут ниргэсэн юм.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин киноны зохиол, дуу оруулалт, зураг авалт, эвлүүлэг гээд бүх зүйлийг ганцаараа хийсэн Б.Жаргалсайханы бүтээлийг сайшааж, өнөөдөр “Олимпийн алдар” одонгоор шагнаж, урамшууллаа.
Тодотгоход, Монголын регбийн холбооны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд эмэгтэй шигшээ баг бүрдүүлэх, клубуудын тоог нэмэх зэрэг хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд ОУ-ын регбийн холбоонд гишүүн орноор элсэх бэлтгэл хангагдаад байна.
Монголын шигшээ баг ирэх тавдугаар сарын 28-нд БНХАУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр эрчимжсэн бэлтгэлдээ ороод байгааг өчигдөр болсон киноны нээлтийн үеэр тус холбооны албаны хүмүүс онцолж байсан юм.
Б.ЭНХ